АНУ-ын шүүх Ерөнхийлөгч Дональд Трампын The Wall Street Journal сонины эсрэг гаргасан 10 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.
Трамп өнгөрсөн жил The Wall Street Journal-ийн эзэмшигч “Dow Jones” компани болон түүний удирдагч Руперт Мердок нарыг шүүхэд өгсөн юм.
Учир нь тус сонин 2003 онд Жеффри Эпштейний 50 насны төрсөн өдөрт зориулсан дурсгалын номд Трампын бичсэн гэх захидал байсан тухай бичжээ. Энэ нь Эпштейнийг бэлгийн гэмт хэрэгт буруутгахаас өмнөх үеийн хэрэг байсан аж.
Трамп уг захидлыг “өөрөө бичээгүй, мөн гарын үсэг зураагүй” хэмээн няцаав. Тухайн захидалд хоёрдмол утгатай үг хэллэгүүд болон эмэгтэй хүний биеийн дүрс бүхий зураг агуулагдсан байв.
Шүүгч Даррин Гэйлс уг нэхэмжлэл нь “Хэвлэлийн эрх чөлөөг хамгаалдаг АНУ-ын Үндсэн хуулийн Нэгдүгээр нэмэлт өөрчлөлтийн үзэл санаатай зөрчилдөж байна” гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Тэрээр өмнө нь Трампын нэр төрд халдсан гэх үндэслэлтэй, 20 тэрбум ам.долларын нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлийг мөн хэрэгсэхгүй болгож байсан юм.

Үүний дараа Трампын баг хохирлын хэмжээг 10 тэрбум ам.доллар болгон бууруулж дахин нэхэмжлэл гаргасан ч шүүгч энэ удаа хэргийг эцэслэн хэрэгсэхгүй болгосон байна.
Эпштейний төрсөн өдрийн номын тухай нийтлэл нь Трампын засаг захиргаа Эпштейнтэй холбоотой баримт бичгүүдийг хэрхэн шийдвэрлэж буй талаар улс төрийн хоёр намаас хүчтэй шүүмжлэл хүлээж байсан үед нийтлэгдсэн юм.
Трамп сониныг өөрийг нь гүтгэсэн, мөн нэр төр гутаасан гэж буруутгажээ. 20 хуудас бүхий шийдвэртээ шүүгч сонины явуулсан материалыг дурдаж, Трампын нэхэмжлэл нь хэвлэлийн ажлын алдаа дутагдал зохиомлоор бий болгохыг оролдсон гэж үзэв.
Трамп дээрх захидлыг хуурамч гэж мэдэгдэж, өөрийг нь гүтгэх зорилгоор уг түүхийг зохиосон гэж буруутгасан байна.
Трампын өмгөөлөгчид сонины сэтгүүлчид Трампаас тайлбар авах үед тэрээр захидал бичээгүй хэмээн няцаасан тул нийтлэлийг гаргах ёсгүй байсан гэж маргасан аж.
The Wall Street Journal-ийн мэдээлснээр Трампын нэртэй уг захидалд "Гараар зурсан мэт харагдах нүцгэн эмэгтэйн дүрсний хүрээнд хэд хэдэн мөр текст" бичсэн байжээ
Мөн төгсгөлд нь "Жинхэнэ найз бол гайхамшигтай зүйл. Төрсөн өдрийн мэнд хүргэе. Өдөр бүр дахиад нэг гайхалтай нууц байг" гэсэн утгатай мэндчилгээ бичигдсэнийг мэдээлжээ.
Эх сурвалж: Reuters



170











