Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын үндэсний оролцогч талуудын зургаадугаар форум зохион байгуулагдаж байна. Форумын үеэр “Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын үндэсний суурь судалгаа”-ны үр дүнг танилцууллаа.
Судалгаанд оролцогчдын 99 хувь нь гар утастай, 81 хувь нь дата ашиглан интернэтэд холбогддог гэжээ. Мөн нийт оролцогчдын 90 хувь нь фэйсбүүк ашиглаж байна. Тэдний 77 хувь нь тус платформыг өдөр тутмын мэдээллийн хамгийн чухал эх сурвалж гэж нэрлэжээ.
Фэйсбүүкийн хэрэглээ ийм өндөр байх нь олон нийтэд чиглэсэн мэдээллийг өргөн хүрээнд түгээх боломжийг бүрдүүлж байгаа ч мэдээллийн хэрэглээ нэг платформд төвлөрч, алгоритмын нөлөөлөлд автах, ташаа мэдээлэлд өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байгааг судалгаанд онцолжээ.
Түүнчлэн хиймэл оюун ухааны хэрэглээ идэвхтэй өсөж байгаа ч түүнийг шүүмжлэлтэй, хариуцлагатай ашиглах дадал хангалтгүй байгааг судалгааны үр дүн харуулсан байна. Тухайлбал, хиймэл оюун ухаан ашигладаг гэж хариулсан иргэдийн 17 хувь нь мэдээлэл хайх, боловсруулах бэлтгэл ажилд ашигладаг гэжээ. Харин иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдийн 51 хувь, төрийн албан хаагчдын 43 хувь нь мэдээлэл хайхдаа хиймэл оюун ухаан ашигладаг байна. Гэвч хиймэл оюунаас авсан мэдээллээ бусад эх сурвалжтай харьцуулан нягталдаг хэрэглэгч ердөө 26 хувьтай байгаа аж. Сонирхолтой нь хиймэл оюун ухаан ашигладаг оролцогчдын 95 хувь нь "ChatGPT" хэрэглэдэг гэж хариулжээ.
Форумын хүрээнд “Facebook ноёрхсон мэдээллийн орчин: Нягтлан шалгах зан үйл ба мэдээллийн манипуляц” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүллээ.
ХУУРАМЧ МЭДЭЭЛЛИЙН 80 ГАРУЙ ХУВЬ НЬ ФЭЙСБҮҮКЭЭР ТАРХАЖ БАЙНА
IRIM судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач Ц.Батсугар “Бид 2025, 2026 онд хоёр үе шаттай судалгаа хийж, хуурамч мэдээлэл иргэдийн улс төрд итгэх итгэл, оролцоонд хэрхэн нөлөөлж байгааг судалсан.

Судалгаагаар хуурамч мэдээллийн 80 гаруй хувь нь фэйсбүүк сүлжээгээр тархаж байгаа нь тогтоогдсон. Үүнд олон системийн хүчин зүйл нөлөөлж байна. Нэгдүгээрт, энэ үйл ажиллагаанд өдөр бүр олон хүн, янз бүрийн бүлэг оролцож байна. Мөн суурь институтүүд системийн хямралд орсон нь хуурамч мэдээлэл тархах нөхцөлийг бүрдүүлж байна.
Хуурамч мэдээллийг ганц хүн түгээдэггүй. Харин тодорхой чиг үүрэг бүхий, зохион байгуулалттай оролцогчдын бүлгүүд байдаг. Тухайлбал, мэдээллийг захиалах, түгээх, олон нийтэд дэлгэрүүлэх зэрэг тус тусын үүрэгтэй оролцогчид байна. Үүний цаана гадаадын оролцогчдоос гадна дотоодын улс төр, эдийн засгийн ашиг сонирхол бүхий этгээдүүд ч бий.
Хуурамч мэдээлэл нэмэгдэж байгаад технологийн хөгжил болон эдийн засгийн хөшүүргүүд мөн нөлөөлж байна” гэлээ.
ХУДАЛ МЭДЭЭЛЭЛД ИТГҮҮЛЭХ ГЭЖ БИШ ИРГЭДИЙГ ЮУНД Ч ИТГЭХГҮЙ БОЛГОХ
ЗОРИЛГОТОЙ ТҮГЭЭДЭГ
Монголын баримт шалгах төвийн эрхлэгч Э.Батцэцэг “Манай төв сүүлийн жилүүдэд хуурамч мэдээлэлд зөвхөн үнэн, худлыг нь тогтоохоос илүүтэйгээр яагаад зохион байгуулалттай түгээж байна вэ, энэ мэдээллээр юуг нуухыг зорьж байна вэ, цаашид ямар үйл явдал өрнөх гэж байна вэ гэдэгт анхаарах болсон.

Гадаадын нөлөөлөлтэй худал мэдээлэл байхаас гадна бизнесийн болон улс төрийн ашиг сонирхолтой этгээдүүдийн зориудаар түгээж буй мэдээлэл ч олон бий. Хуурамч мэдээлэл түгээгчдийн гол зорилго нь тухайн нэг худал мэдээлэлдээ иргэдийг итгүүлэхэд бус, харин худал мэдээллийг байнга түгээсээр хүмүүсийг аливаа мэдээлэлд итгэх итгэлгүй болгоход оршдог.
Тухайлбал, сэтгүүлчдэд итгэх итгэлийг үгүй хийж, үнэн худлыг ялгах боломжгүй, ёс суртахууны баримжаагүй нийгмийг бий болгох нь эмх замбараагүй байдал үүсэх хөрс болдог. Улмаар энэ бүхнийг засаж, нийгмийг аварч чадна гэсэн баатарын дүр бүтээдэг популист улс төрчдөд боломж олгодог.
Сүүлийн үед хүмүүс сэтгэл хөдлөлдөө автаж, хиймэл оюунаар бүтээсэн бодит мэт дүрс бичлэгт итгэх нь нэмэгдэж байна. Тухайлбал, амьтны зулзага нүхэнд унахад эх нь тусламж эрж, хүнээр авхуулж байгаа мэт зохиомол бичлэгүүдийг ашигладаг. Ийм контентоор пэйжийнхээ хандалтыг өсгөсний дараа улс төртэй холбоотой мэдээллээ түгээх тохиолдол бий. Өөрөөр хэлбэл, хуурамч мэдээлэл түгээгчид зорилгоо биелүүлэхийн тулд технологи, техник хэрэгсэл, хөрөнгө мөнгө зарцуулж байна. Харин хэрэглэгчид энэ зохион байгуулалттай үйл ажиллагааг тэр бүр анзаарахгүй өнгөрөх нь бий.
Өнгөрсөн жил МАН-ын даргын өрсөлдөөний үеэр фэйсбүүкт сар гаруйн хугацаанд 90 мянган ам.долларын төлбөртэй сурталчилгаа буюу бүүст хийж, өрсөлдөгч талууд бие биеэ харлуулсан. Энэ бол манипуляцийн нэг хэлбэр. Нэг ижил агуулгыг олон хуурамч болон зохион байгуулалттай хаягаас нэгэн зэрэг түгээж, шинээр нээгдсэн, цөөн найзтай хаягуудаар дамжуулан олон нийтэд хүргэдэг. Ингэснээр баталгаатай мэдээлэл авах орон зай хумигдаж, хүмүүсийг байнгын мэдээллийн дарамтад оруулан, үзэл бодолд нь нөлөөлөхийг зорьдог” гэв.
Хэлэлцүүлэгт оролцогчид үнэн мэдээлэл олон эх сурвалжид тулгуурласан, тоо баримт ихтэй, харьцангуй уйтгартай байдаг. Харин хуурамч мэдээлэл хүний сэтгэл хөдлөлд шууд нөлөөлдөг учраас илүү хурдан түгдгийг онцоллоо. Тодруулбал, худал мэдээлэл үнэн мэдээллээс 70 хувиар илүү тархах магадлалтайг дурдсан юм.
Мөн Монгол Улсад хэвлэл мэдээллийн боловсролыг дэмжих, хуурамч мэдээлэлтэй тэмцэхтэй холбоотой зохицуулалтууд Сонгуулийн тухай, Оюуны өмчийн тухай, Хэвлэлийн эрх чөлөөний тухай зэрэг хуульд туссан байдаг. Гэвч эдгээр зохицуулалтыг уялдуулсан нэгдсэн бодлого, үзэл баримтлал дутмаг байгааг Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Г.Нарантуяа санууллаа.



195











