АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлтэй байгуулсан газрын тосны шинэ гэрээг танилцууллаа. Цаашлаад тус улс хэзээ нэгэн цагт АНУ-ын 51 дэх муж болж магадгүйг мэдэгджээ.
Тэрбээр энэ мягмар гарагт Техас мужийн Корпус Кристи хотод болсон сонгуулийн ажлын үеэр Венесуэлээс нэг сая баррель буюу 159 сая литр газрын тос тээвэрлэж буй танкерийг олон нийтэд үзүүлжээ.
АНУ болон Венесуэлийн засгийн газрын хооронд түр хугацаанд байгуулсан газрын тосны хамтын ажиллагааны хүрээнд нийлүүлэгдэж байгаа аж.
Тэрээр өмнө нь Гренланд, Канад, Мексик зэрэг улсын газар нутгийг АНУ-д нэгтгэх талаар хэд хэдэн удаа ярьж байсан ба Венесуэл улс уг жагсаалтад нэмэгдлээ.
Түүнчлэн Венесуэлтэй байгуулсан газрын тосны гэрээг өөрийн гадаад бодлогын томоохон амжилт гэж тодорхойлжээ. Түүний үзэж буйгаар уг гэрээ олон тэрбум газрын тос нийлүүлэх боломжийг нээх аж.
Трамп "Венесуэл чинээлэг улс болно. Ирээдүйд АНУ-ын хөгжингүй 51 дэх муж ч болж магадгүй. Бид газрын тосны салбарын түүхэн хамгийн том ялалтыг тэмдэглэнэ. Энэхүү газрын тосыг АНУ-д нийлүүлнэ. Америк татвар төлөгчид ямар ч мөнгө төлөхгүй " гэжээ.
Цахим орчинд түүний уг гэрээ маргаан дагуулж эхэлжээ. Трампын Ирантай хийж буй дайны улмаас дэлхийн газрын тосны зах зээлд тогтворгүй байдал үүсэж, Иран Ормузын хоолойг хаасны дараа АНУ даяар шатахууны үнэ огцом өссөн.
Уг гэрээг ийм цаг үед эрчим хүчний хангамжийг тогтворжуулж, шатахууны үнийг бууруулахад чиглэсэн алхам гэж Цагаан ордон тайлбарлав.
Эх сурвалж: The Guardian



141











