Өнгөрсөн бямба гарагт Германы хэд хэдэн хотод болсон амьжиргааны өртөг нэмэгдэж буйг эсэргүүцсэн залуусын жагсаалд эмх замбараагүй байдал үүсэж, Франкфуртын дэлгүүрүүд дээрэмдүүлэн, олон залуус баривчлагджээ.
Уг жагсаалыг Gen Z regelt буюу “Gen Z удирдана” гэх хөдөлгөөнөөс зохион байгуулжээ. Жагсагчид боловсролын салбарын санхүүжилтийн дутмаг байдал, амьжиргааны зардлын өсөлт, төсвийн таналт хийж буй болон цэргийн албыг эсэргүүцсэн байр суурийг илэрхийлэн жагсжээ.
Өдрийн цагаар болсон жагсаал тайван өрнөсөн ч орой нь Франкфурт, Берлин, Кёльн, Хамбург хотуудад нөхцөл байдал хурцаджээ. Жагсагч залуусын зарим нь цагдаа нар луу салют, чулуу, шил шидсэнд тэднийг онцгой байдлын усан буугаар шүршиж тараасан байна.
Франкфурт хотод хэд хэдэн дэлгүүрийн цонх хагарч, галдан шатаах зориулалтаар шилэн саванд шатамхай шингэн хийж шиджээ. Мөн дэлгүүрээс төрөл бүрийн бараа хулгайлсан тохиолдлууд гарав.

Үймээн ням гарагийн өглөө гэхэд намжжээ. Бусад хотуудад ч адил төстэй хэрэг гарсан ба Кёльн хотод галт тэрэгний буудлын орчимд цагдаа нарыг шилээр цохиж, унадаг дугуй хүртэл зэвсэг болгон ашигласан байна.
Берлинд тус нөхцөл байдлын улмаас 27 цагдаа гэмтэж, 56 хүнийг түр саатуулав. Харин Хамбург хотод хар хувцастай бүлэг хүмүүс салют буудуулж, олон нийтийн газрын хаалтуудыг шатаасны дараа 120 хүнийг баривчилжээ.
Gen Z regelt хөдөлгөөний төлөөлөгч Лина Фридрих жагсаалын гол зорилго нь боловсрол, эрүүл мэндийн салбарт илүү их хөрөнгө оруулалт хийх, заавал цэргийн алба хаах зохицуулалтыг эсэргүүцэх, нийгмийн ачааллыг шударгаар хуваарилах явдал гэж мэдэгдэв.
Энэхүү эсэргүүцлийн давлагаа зөвхөн Германаар хязгаарлагдсангүй. Тухайн өдөр Францад 320 мянга гаруй хүн амьжиргааны өртөг, төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах шаардлага тавин жагсжээ.
Мөн Итали, Португал зэрэг хэд хэдэн улсад орон сууцны хямрал, амьжиргааны өртөгтэй холбоотой эсэргүүцлийн жагсаалууд болсон байна.
Эх сурвалж: BBC




174











