Gen Alpha үеийнхэн гурван хэмжээст виртуал орчин дахь нийгмийн харилцаанд тулгуурласан дижитал соёл дунд өсөж байна. Технологи, маркетингийн салбарынхан TikTok, Instagram Reels, YouTube Shorts болон хиймэл оюунд анхаарлаа хандуулж буй энэ үед залуу үеийнхний дунд өөр нэгэн платформ хурдацтай хөгжиж байна. Тэр бол Gen Alpha үеийнхний сайн мэдэх Roblox юм.
Олон хүн Roblox-ийг хүүхдүүдийн тоглодог видео тоглоом гэж ойлгодог. Гэвч тус платформын хэрэглээ, хэрэглэгчдийн зан төлөвийг ажиглавал энэ нь тоглоомын хүрээнээс хэдийнээ давсан ойлголт. Учир нь Roblox нь Gen Alpha үеийнхний брэндийн талаарх ойлголт, нийгмийн харилцаа болоод аливаа хэрэглээний соёл төлөвшихөд нөлөөлж буй дижитал орчин болж байна.
ROBLOX-ИЙГ ДАН ГАНЦ ТОГЛООМ ГЭЖ ОЙЛГОЖ БОЛОХГҮЙ

Roblox нь сая сая өөр төрлийн тоглоомыг нэгтгэсэн маш том платформ юм. Гэхдээ тоглоом гэдэг ойлголтоор Roblox-ийг ганцхан тоглоомын платформ гэж тодорхойлох нь YouTube-ийг видео тоглуулагч гэж нэрлэхтэй адил юм.
Нэгдүгээрт, Roblox нь хэрэглэгчдэд өөрсдөө сонголт хийн шийдвэр гаргах, бүтээх боломж олгодог. Тухайлбал, виртуал эд зүйл худалдан авах, байшин барилга барих, хувцас загвараа сонгох, шинэ орчин судлах, өөрийн тоглоомыг хөгжүүлэх зэрэг олон үйл ажиллагаанд оролцож болно. Ингэснээр хүүхдүүд зөвхөн бусдын бүтээсэн контентыг хэрэглэгч бус, өөрсдөө шийдвэр гаргаж, бүтээлчээр оролцогч болох боломжтой юм.
Хоёрдугаарт, тус платформ нь нийгмийн харилцааны орчин юм. Тоглоом тоглохын зэрэгцээ найзуудтайгаа харилцах, хамтран даалгавар биелүүлэх, нэг виртуал орчинд цагийг өнгөрүүлэх нь хэрэглэгчдийн хувьд чухал туршлага болдог. Хэдийгээр виртуал харилцаа бодит уулзалтыг бүрэн орлож чадахгүй ч тоглоомоор дамжуулан найз нөхдийн хүрээгээ тэлж, хамтын сонирхлоо хуваалцах нь шинэ үеийнхний дижитал соёлын нэг хэсэг болжээ.
GEN ALPHA ҮЕИЙНХЭН ИНТЕРНЕТИЙГ ӨӨРӨӨР СУДАЛДАГ
Roblox өдөрт ойролцоогоор 50 сая хайлт хийгддэг үзүүлэлттэй. Харин Google өдөрт 8.5 тэрбум орчим хайлт боловсруулдаг байна.
Уламжлалт интернэт хэрэглээ нь хайлтын системд асуулт бичиж, үр дүнгээс холбоос сонгон вэбсайт руу нэвтрэх дараалалтай байв. Харин Gen Alpha үеийнхний хувьд шинэ зүйл олж мэдэх үйл явц илүү харилцан үйлчлэлд суурилжээ.

Тэд виртуал орчинд сонирхолтой зүйл олж харах, найзуудтайгаа хуваалцах, хамтдаа турших замаар шинэ туршлага хуримтлуулдаг. Жишээлбэл, Roblox дээр шинэ тоглоом эсвэл тренд болж буй виртуал хувцас олж харсан хэрэглэгч найзуудаа шууд тухайн орчинд урьж, хамтдаа туршиж болно. Ийнхүү мэдээлэл түгээх үйл явц алгоритмын санал болголтоос илүүтэй найз нөхдийн харилцаа, хамтын оролцоонд тулгуурлаж байна.
Гэхдээ Roblox-ийн хайлтыг уламжлалт хайлтын системтэй шууд харьцуулах нь учир дутагдалтай. Учир нь хэрэглэгчид хайлтын үр дүнд вэбсайтын холбоос бус, тоглоом, виртуал орчин, интерактив контентод шууд нэвтэрдэг.
2010-2025 оны хооронд төрсөн Gen Alpha үеийнхэн YouTube, TikTok, Roblox зэрэг платформоос мэдээлэл хайж, шинэ туршлага олж авах дадалтай өссөн. Тэдний хувьд хайлт гэдэг нь зөвхөн үг бичиж мэдээлэл олох бус, дижитал орчинд нэвтэрч, сонирхсон зүйлээ биечлэн судлах үйл явц юм.
ВИРТУАЛ ХУДАЛДАН АВАЛТУУД ХҮҮХДҮҮДИЙН ИРЭЭДҮЙН МӨНГӨТЭЙ ХАРИЛЦАХ БАЙДАЛД НӨЛӨӨЛНӨ

Roblox нь өөрийн гэсэн виртуал эдийн засагтай. Тус платформын дотоод валют болох Robux-ийг ашиглан хэрэглэгчид виртуал бүтээгдэхүүн худалдан авч, хөгжүүлэгчид бүтээсэн зүйлээсээ орлого олох боломжтой.
Брэндүүд ч виртуал бүтээгдэхүүн худалдаалж, хязгаарлагдмал тоогоор гаргасан дижитал эд зүйлс нь хэрэглэгчдийн дунд эрэлттэй байдаг. Иймээс виртуал худалдааг ирээдүйд бий болох боломж гэж харахаас илүүтэй аль хэдийн хөгжиж буй зах зээл гэж ойлгох хэрэгтэй.
Харин сонирхолтой асуулт нь хэрэглэгчдийн виртуал бүтээгдэхүүн худалдан авах дадал ирээдүйн бодит худалдан авалтад хэрхэн нөлөөлөх вэ гэдэгт байж болох юм. Жишээлбэл, 11 настайдаа Roblox дотор Nike-ийн виртуал бүтээгдэхүүн сонгосон хэрэглэгч 22 насандаа тус брэндийн бодит бүтээгдэхүүнийг худалдан авах магадлал нэмэгдэх үү?
Энэ нь цаашид судлах шаардлагатай асуудал боловч виртуал орчинд бий болсон брэндийн танил байдал хэрэглэгчийн ирээдүйн сонголтод нөлөөлөх боломжтой.
ТОГЛООМООР ДАМЖУУЛАН ТЕХНОЛОГИЙН МЭДЛЭГЭЭ ХӨГЖҮҮЛЭХ НЬ

Roblox-ийн нөлөө зөвхөн хэрэглэгчдийн анхаарлыг татах, виртуал худалдааг хөгжүүлэхээр хязгаарлагдахгүй. Тус платформ нь залуу үеийнхэнд программчлал, дизайн, бүтээгдэхүүн хөгжүүлэлт болон цахим бизнесийн талаар суралцах боломж олгож байгаа юм.
Roblox Studio хэрэгслийн тусламжтайгаар хэрэглэгчид өөрсдийн тоглоом, виртуал орчныг бүтээж, бусадтай хуваалцах боломжтой. Үүний үр дүнд тэд зөвхөн тоглогч бус, технологийн бүтээгдэхүүн хөгжүүлэгчийн байр сууринаас суралцаж эхэлдэг.
Энэ нь ирээдүйн технологийн салбарын хүний нөөц бүрдэхэд ч нөлөөлж болох юм. Өөрөөр хэлбэл, Roblox нь дараагийн үеийн хэрэглэгчдийг татахын зэрэгцээ тэдний дундаас ирээдүйн инженер, дизайнер, энтрепренерүүдийг төрүүлэх орчин болж байна.
СУЛ ТАЛ: ДИЖИТАЛ ӨӨРТӨӨ ИТГЭХ ИЛЭРХИЙЛЭЛ, ӨДӨРТ 274 САЯ АВАТАР ДҮРИЙН ӨӨРЧЛӨЛТ

Roblox-ийн хэрэглэгчид өдөрт ойролцоогоор 274 сая удаа аватарынхаа төрхийг өөрчилдөг байна. Үүнд хувцас, гоёл чимэглэл, биеийн хэлбэр болон бусад гоёлын сонголтууд багтана.
Энэ үзүүлэлт нь хэрэглэгчдийн хувьд виртуал дүр төрхөө бүрдүүлэх нь платформын гол хэрэглээний нэг болсныг харуулж байна. Уламжлалт сошиал платформуудын хувьд хэрэглэгчдийн анхаарлыг татах гол арга нь контент үзүүлэх, хандалт нэмэгдүүлэх сурталчилгаа байршуулахад төвлөрдөг.
Харин Roblox дээр хэрэглэгч өөрийн дүр төрхийг бүтээж, бусдад харуулах үйл явц өөрөө контентын нэг хэсэг болдог. Жишээлбэл, хэрэглэгчид шинэ хувцас сонгох, ховор виртуал эд зүйл цуглуулах болон найзуудтайгаа уулзахдаа аватараа өөрийн хүссэн хэв маягаар бүрдүүлэх боломжтой.
ШИНЭ ТӨРЛИЙН ХАЙЛТ МАРКЕТИНГИЙН СТРАТЕГИЙГ ӨӨРЧЛӨХ БОЛОМЖТОЙ
Дижитал маркетингийн салбарт олон жилийн турш хэрэглэгч ямар нэгэн зүйл хайх үед хайлтын системд илүү дээгүүр эрэмбэлэгдэхийг чухалчилж ирсэн. Гэвч Gen Alpha үеийнхний хэрэглээ энэ хандлагыг өөрчлөх хандлагатай байгаа.
Үүнийг ойлгосон брэндүүд Roblox орчинд өөрсдийн байр суурийг бий болгож эхэлсэнг онцлох хэрэгтэй. Үүний тод жишээ нь Nike компани Nikeland нэртэй виртуал орчноо тус платформд нэвтрүүлсэн. Үр дүнд нь хэрэглэгчид брэндийн бүтээгдэхүүн, хэв маягтай виртуал орчинд танилцах боломжтой болсон юм.

Тэд нэг брэндтэй Roblox тоглоом дотор танилцаж, дараа нь YouTube сувгийг нь үзэж, Google-ээр хайж шалгасны дараа худалдан авалт хийх хандлага давамгайлж болох юм. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчийн брэндтэй танилцах зам нэг платформоор хязгаарлагдахаа больжээ.
Ийм нөхцөлд брэндүүд зөвхөн хайлтын системд харагдах бус, хэрэглэгчдийн өдөр тутам ашигладаг өөр өөр дижитал орчинд өөрийн байр суурийг бий болгох шаардлагатай болж байна. Roblox нь хэрэглэгчид шинэ зүйлсийг орчинтойгоо харилцах, бусадтай хамтран оролцох замаар нээж илрүүлдэг энэ шинэ хэв маягийн тод жишээ юм.
ИРЭЭДҮЙН ХЭРЭГЛЭЭНИЙ СОЁЛ ӨНӨӨДРӨӨС ТӨЛӨВШИЖ БАЙНА

Маркетингийн салбарт Gen Alpha үеийнхэн одоогоор худалдан авах чадвар багатай учраас Millennials болон ахмад Gen Z үеийнхэнд илүү анхаарах хэрэгтэй гэсэн байр суурь бий. Гэвч энэ нь ирээдүйн хэрэглэгчдийн зан төлөв, брэндийн үнэнч байдлыг бүрдүүлэх үйл явцыг орхигдуулж буй хэрэг юм.
Хэрэглэгчдийн брэндэд хандах хандлага, сонголт нь худалдан авах чадвар өндөр болсон үед бус, өсвөр нас болон залуу насанд төлөвших нь элбэг. Өнөөдөр Nike, Apple, Starbucks зэрэг брэндийг сонгодог хүмүүсийн хувьд эдгээр брэндтэй холбоотой ойлголт, сонирхол нь залуу наснаас нь эхэлсэн байх боломжтой.
Үүнтэй адил Gen Alpha үеийнхэн ч одоо хэрэглэж буй платформ, танилцаж буй брэндүүдийнхээ талаарх ойлголтыг ирээдүйд хадгалж үлдэх магадлалтай.
Тиймээс брэндүүд энэ үеийнхэн худалдан авах чадвартай болохыг хүлээхийн оронд тэдний хэрэглэдэг дижитал орчинд бодит үнэ цэнтэй оролцоог бий болгох нь чухал болж байна.
ИРЭЭДҮЙН ИНТЕРНЭТИЙГ GEN ALPHA ТОДОРХОЙЛНО
Өмнөх үеийнхний хөгжмийн хэрэглээнээс эхлээд сошиал медиа ашиглах дадал хүртэл өсвөр үеийнхний сонголт ирээдүйн чиг хандлагыг тодорхойлж ирсэн. Энэ удаад өөрчлөлт зөвхөн энтертайнментын сонголтод биш, интернэтийг ашиглах үндсэн арга барилд гарч байна.
Gen Alpha үеийнхэн гурван хэмжээст, интерактив, нийгмийн харилцаанд суурилсан дижитал орчинд өсөж байгаа учир тэдний мэдээлэл хайх, бусадтай харилцах, бүтээгдэхүүн сонгох болон өөрийгөө илэрхийлэх дадал нь ирээдүйн хэрэглэгчдийн зан төлөвийн нэг хэсэг болж төлөвших боломжтой.
Roblox-ийн өдөр тутмын 50 сая хайлт, 274 сая аватарын өөрчлөлт зэрэг үзүүлэлт нь энэ өөрчлөлтийн цар хүрээг харуулж байна.
Roblox-ийг зөвхөн хүүхдүүдийн тоглоом гэж үздэг компаниуд залуу үеийнхний дижитал хэрэглээнд гарч буй өөрчлөлтийг анзаарахгүй өнгөрөх эрсдэлтэй. Учир нь платформ өөрөө бус, тэнд өсөж буй хэрэглэгчид ирээдүйд өөрсдийн бий болгосон хэрэглээний дадал, брэндийн сонголт, харилцааны хэв маягаа бодит амьдралдаа авчрах юм.
Ирэх арван жилд хайлт, худалдаа болон хэрэглээний соёл хэрхэн өөрчлөгдөхийг өнөөдөр Roblox дээр аватараа өөрчилж, виртуал орчинд найзуудтайгаа цагийг өнгөрүүлж буй Gen Alpha үеийнхэн тодорхойлох ч боломжтой.
Эх сурвалж: Seeking Alpha, roblox



319











