Гэр бүл цуцлахад маргааныг л шийдвэрлэдэг байсан бол хүүхдийн ашиг сонирхлыг илүү анхаарах зорилготой Нийслэл дэх гэр бүл, хүүхдийн дагнасан шүүх ирэх сарын 1-ээс эхлэн үйл ажиллагаагаа эхлүүлнэ.
"Монголын анхны нэг төрлөөр дагнасан шүүхийн байгууллага бөгөөд нийслэлийн найман дүүрэгт ирж буй гэр бүл, хүүхэдтэй холбогдох асуудлыг шийдвэрлэх байгууллага юм. Ингэхдээ шүүгч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан зэрэг цогц үйлчилгээг үзүүлэх ажээ.
ЭХНЭР, НӨХРӨӨСӨӨ САЛСАН Ч ХҮҮХЭДТЭЙГЭЭ УУЛЗАХ ЭРХТЭЙ БОЛНО
1926 онд Иргэний хуулиар гэр бүлийн маргааныг шийдвэрлэдэг байсан бол ирэх жилээс эхлэн Гэр бүлийн тухай шинэчилсэн хууль хэрэгжинэ. Уг хууль нь хүүхдийн дээд эрх ашгийн төлөө байх юм. Шинээр хэрэгжих хуульд дараах заалтыг тусгажээ. Үүнд:
- Хэрэв эцэг, эх салсан бол хүүхдийн тэтгэлэг заавал тогтооно. Тухайн бүс нутгийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон олгодог байсан бол энэ байдлыг хална. Ингэхдээ бодит хэрэгцээ шаардлагад тохирсон, тэтгэвэр төлөгчийн орлогод нийцүүлсэн байна.
- Эхнэр, нөхрөөсөө салсан ч хүүхэдтэйгээ уулзах эрхтэй болно. Хүүхдээ өсгөж буй эхнэр, нөхөр нь тэтгэвэр төлөгчийг хүүхэдтэй нь уулзуулах үүрэгтэй юм. Хэрэв хүүхдийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчтэй уулзуулахдаа дэргэдээ төрийн байгууллагын албан хаагчийн хамтаар уулзана.
- Чи асрамждаа авсан бол сурах орчин, эрүүл мэндийн асуудлыг өөрөө шийдээд яв гэж болохгүй. Учир нь шинэ хуульд салахаасаа өмнө хүүхдийн сургууль, эрүүл мэнд, гэнэтийн шаардлагад хэрхэхээ ярилцан, шийдэлд хүрсэн байх юм.
- Хэрэв гэр бүл гэр бүлээс гадуурх харилцааны улмаас гэрлэлт цуцлуулсан бол хөрөнгийг автоматаар тэгш хуваарилахгүй. Мөн салалтаас өмнө хөрөнгөө нууж, өөр хүний нэр дээр шилжүүлсэн нь илэрвэл өөрт ногдох хувийн 25 хүртэлхийг нөгөө талдаа өгөх юм.
ҮРЧИЛЖ АВЧ БУЙ ХҮҮХЭД, ҮРЧЛЭГЧ ХОЁРЫН НАСНЫ ЗӨРҮҮ 22-ООС ДЭЭШ БАЙНА
Мөн Хүүхэд үрчлэхтэй холбоотой хэд, хэдэн журам өөрчлөгджээ. Өмнө нь үрчлэлтийг захиргааны байгууллагаар шийдвэрлэдэг байсан бол одоо Гэр бүл, хүүхэд дагнасан шүүх шийдвэрлэх юм.
2022-2025 онд 4000 гаруй хүүхэд үрчлэгдсэнээс 722 үрчлэлтийг хүчингүйд тооцжээ. Дээрх хугацаанд буюу 2024 онд Баян-Өлгий аймагт хамгийн их үрчлэлт болжээ. Үрчлэлтийн тухай хуульд дараах нэмэлт өөрчлөлтийг тусгана. Үүнд:
- Ашиг олох зорилгоор үрчилж болохгүй
- 65-аас дээш насны ганц бие хүнд
- Өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан хүнд
- Үрчилж авч буй хүүхэд, үрчлэгч хоёрын насны зөрүү 22-оос дээш байна
- Нэг хүүхэд үрчилж авсан бол 3 жилийн дараа дахин үрчлэх эрх нээгдэх юм.
Хүүхдийн эрх ашиг нэн тэргүүнд байх ёстой хэмээн Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүгч Л.Энхбилэг ярилаа.
ГЭР БҮЛ ЦУЦЛАГСАД ОРЖ ИРЭЭД Л БАЙР, МАШИНАА ХУВААЖ ИХ ХЭРЭЛДДЭГ
Эхнэр, нөхөртэйгөө маргалдсан хүмүүс гэр бүлээ эвлэрүүлэхээр лам, бөөгөөр их очдог. Манайд ирж байсан үйлчлүүлэгч "Би гэр бүлээ эвлэрүүлэхээр очоогүй лам, бөө байхгүй. Гэтэл энд ирээд сэтгэл зүйчтэй ярилцаад аргаа олж болох юм шиг байна" гэж хэлсэн. Эвлэрүүлэн зуучлах төв бол эрх зүйн маргааныг шүүхийн бус аргаар шийдвэрлэх үйл ажиллагаа юм. Гэр бүл цуцлагсад орж ирээд л хөрөнгийн маргаан хийдэг. Байр, машинаа хувааж их хэрэлддэг.
Дараа нь хоёр биеийнхээ асуудлыг, төрөл садан, найз нөхөд, ажлын хамт олны талаарх асуудлаа ярина. Хамгийн сүүлд хүүхдээ ярьдаг. Гэвч хамгийн эхэнд хүүхдээ ярих хэрэгтэй шүү дээ. Дээрх хоёр хүн салж болох ч хүүхдийн асуудал хамгийн эхэнд байх ёстой.
Гэр бүлийн хүчирхийллээс бусад бүх асуудал эвлэрүүлэн зуучлах төвөөр дамжих ёстой. Бид хоёр үнэхээр сэтгэл хөрсөн, цаашид амьдрах итгэлгүй байна гэсэн үед л салгахыг зорино. Энэ үед гэр бүлийн мэргэжилтэн, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан аав, ээж, хүүхэдтэй хэлэлцэж, асуудлыг шийдвэрлэхэд тусална.
Нэг удаа гэр бүлийн маргаанаар салж буй хостой уулзсан юм. Гэтэл хүүхэд нь маш их стресст өртөж, амиа хорлох үйлдэл удаа дараа хийсэн байсан. Тухайн хүүхдийг тайвшруулж, маш их ярилцсаны үндсэнд хэвийн байдалдаа орж байв. Ийм учраас Гэр бүл, хүүхдийн дагнасан шүүх маш их хэрэгтэй юм" хэмээн Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүгч Т.Болормаа ярилаа.
Нийслэл дэх гэр бүл, хүүхдийн дагнасан шүүх нь хүүхдийн эрх ашгийг нэн тэргүүнд эрхэмлэж, гэр бүл салалт, сэтгэл зүйн гэмтэл, хүүхдийн оролцоо зэргийг цогцоор нь шийдвэрлэж өгөх байгууллага ажээ.



168











