YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхэд залуусаас захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
ЗАХИДАЛ:
"Сайн байна уу. Би математик, хими биологи англи хэлээр элсэлтийн шалгалт өгөх гэж байгаа юм. Эмч биологийн багш мэргэжлийн алийг нь сонгохоо мэдэхгүй байна. Юунд сонирхолтой, алийг нь хүсээд байгаагаа ч мэдэхгүй байна.
Өмнөх сургуулиасаа гарчихсан. Аав ээж минь намайг сурч байгаа гэж бодож байгаа. Надад үнэхээр хэцүү байна"
ЗӨВЛӨГӨӨ:
Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Сургууль болон мэргэжил сонголттой холбоотойгоор эргэлзэж, ямар шийдвэр гаргахаа бодож байгаа гэж ойлголоо. Сонгохоор эргэлзэж байгаа мэргэжлүүдийнхээ талаар хэр зэрэг судалж үзсэн бэ?
Мөн сургуулийнхаа талаар аав, ээждээ хэлж, ярилцах оролдлого хийсэн болов уу? Одоогоор аав, ээж нь сургуулийнх нь талаар мэдэхгүй байгаа ч дараа нь ямар нэгэн байдлаар мэдэж магадгүй. Хэрэв тэгвэл илүү их цочирдож уурлаж магадгүй. Тиймээс асуудлыг удаан хугацаанд нууж явахаас илүү өөрөө тайван үедээ, өөрийн байр сууриа ойлгуулж хэлэх нь цаашид үүсэж болох хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд тусална.
Аав, ээждээ хэлэхдээ өөрийгөө зөвтгөх гэж яарахаас илүү яагаад ийм шийдвэр гаргасан, энэ шийдвэрт хүрэхээсээ өмнө юу бодож үзсэн, цаашдаа ямар төлөвлөгөөтэй байгаа, энэ сонголт чиний хувьд яагаад зөв гэж үзэж байгаа талаар тайван, тодорхой тайлбарлах хэрэгтэй. Тэд эхэндээ шууд ойлгохгүй эсвэл өөр байр суурь илэрхийлж болох ч энэ нь чамайг ойлгохгүй байгаа гэхээс илүү тэр шийдвэрийг ойлгож, хүлээн зөвшөөрөхөд тодорхой хугацаа хэрэгтэй байгаа гэсэн үг юм шүү. Харин мэргэжил сонголтын хувьд энэ нь амьдралдаа гаргах чухал шийдвэрүүдийн нэг.
Мэргэжил сонгохдоо дараах гурван асуултыг өөрөөсөө асуугаад үзээрэй.
- Энэ мэргэжлээр ажиллах чин хүсэл, сонирхол надад хэр байна вэ?
- Энэ мэргэжлийг эзэмшиж, ажиллахад шаардлагатай ур чадварууд надад байна уу?
- Энэ мэргэжил нийгэмд хэр хэрэгцээтэй, цаашид ажиллах боломж нь хэр байна вэ?
Эдгээр асуултад шууд хариулж чадахгүй байвал өөрийгөө буруутгах хэрэггүй. Харин сонголтоо хийхээсээ өмнө мэдээллээ нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн үг. Жишээлбэл, эргэлзэж байгаа бол хоёр мэргэжлээ харьцуулан судалж болно.
Тухайн мэргэжлийн хүн өдөр тутамдаа яг ямар ажил хийдэг, хаана ажилладаг, ажлын орчин нь ямар байдаг, ямар ур чадвар шаарддаг, сурахад хэдэн жил зарцуулдаг, цалин орлого нь ямар байдаг, ажлын байрны эрэлт хэрэгцээ нь ямар байдаг, цаашид өсөж хөгжих боломж хэр байдаг зэрэг бодит мэдээллийг цуглуулж болно. Мөн тухайн мэргэжлээр ажиллаж байгаа хүнтэй ярилцах, боломжтой бол ажлын орчинтой нь танилцах, богино хугацааны дадлага эсвэл туршлага авч үзэх нь зөвхөн интернэтээс мэдээлэл уншихаас илүү бодит ойлголт өгөх боломжтой.
Хэрэв өөрийн сонирхол, давуу тал, ур чадвараа тодорхойлоход хүндрэлтэй байвал мэргэжил сонголтын оношилгоонд хамрагдаж, мэргэжлийн хүнтэй ярилцаж болно. Гэхдээ оношилгооны үр дүнг “надад энэ мэргэжил тохирно” гэсэн эцсийн шийдвэр гэж харахаас илүү өөрийгөө танин мэдэхэд туслах нэг мэдээлэл болгон ашиглах нь зүйтэй. Тиймээ өөртөө тодорхой хугацаа өгч, сонголт бүрийнхээ талаар бодит мэдээлэл цуглуулаад үзээрэй. Мөн энэ үйл явцад аав, ээжтэйгээ аль болох нээлттэй, тайван ярилцаж, өөрийнхөө бодол, төлөвлөгөөг ойлгуулахыг хичээгээрэй. Амжилт хүсье.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
сэтгэл судлаач Б. Буянжаргал


773











