“Эцэг эхчүүд бүх хүүхдээ адилхан хайрладаг” гэх үг хүн бүрд танил. Гэвч ах, эгч, дүүсийн дунд “Аав, ээжийн хамгийн хайртай нь хэн бэ?” гэсэн маргаан үеийн үед байсаар ирсэн. Харин судалгаагаар зарим эцэг эх хүүхдүүдийнхээ нэгэнд илүү таатай хандах хандлагатай байдаг бөгөөд үүнд хүүхдийн төрсөн дараалал, хүйс, зан чанар хүртэл нөлөөлж болохыг тогтоожээ.
ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН 23 ХУВЬ НЬ ДУРТАЙ ХҮҮХЭДТЭЙ ГЭДГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧЭЭ
Их Британийн эцэг эхчүүдэд зориулсан Mumsnet цахим платформоос 2018 онд явуулсан судалгаагаар 1,000 гаруй эцэг эхийн 23 хувь нь хүүхдүүдийнхээ дундаас илүү дотно, илүү таатай ханддаг нэг хүүхэдтэй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.
Тэдгээр эцэг эхийн 56 хувь нь хамгийн бага хүүхдээ илүүд үздэг гэж хариулжээ. Харин 26 хувь нь ууган хүүхдээ илүү таашаадаг гэжээ. Судалгаанд оролцсон эцэг эхчүүдийн хувьд илүү дотно санагддаг хүүхэд нь бусадтай харьцуулахад илүү тайван, хайр халамжаа илэрхийлдэг, эцэг эхтэйгээ зөрчилдөх нь бага байх хандлагатай байжээ.
Гэхдээ энэ нь нийт эцэг эхчүүдийн дунд явуулсан төлөөлөх чадвар сайтай үндэсний хэмжээний судалгаа биш, харин Mumsnet-ийн хэрэглэгчдийн дунд явуулсан санал асуулга гэдгийг анхаарах хэрэгтэй.

2025 ОНЫ СУДАЛГАА: БАГА ХҮҮХЭД, ОХИД ИЛҮҮ ТААТАЙ ХАНДЛАГА ХҮРТЭХ ХАНДЛАГАТАЙ
АНУ-ын Бригам Янгийн их сургуулийн судлаач Александр Женсен болон түүний хамтран ажиллагч МакКелл Йоргенсен-Уэллс нар эцэг эхчүүд хүүхдүүддээ хэрхэн ялгаатай ханддагийг судалжээ.
2025 онд Psychological Bulletin сэтгүүлд нийтлэгдсэн уг мета-анализ нь өмнөх 30 эрдэм шинжилгээний өгүүлэл, диссертаци болон бусад мэдээллийн сангийн судалгааг нэгтгэн, нийт 19,469 оролцогчийн мэдээлэлд тулгуурласан байна.
Судалгаагаар эцэг эхчүүд охиддоо хөвгүүдээсээ ялимгүй илүү таатай хандах хандлагатай байсны зэрэгцээ нийтлэгээрээ бага хүүхдүүддээ илүү дулаан хандах хандлага ажиглагджээ.
Харин том хүүхдүүдэд илүү их бие даасан байдал олгож, тэдний шийдвэрт бага оролцох хандлагатай байв.
Энд нэг сонирхолтой ялгаа бий. Бага хүүхдүүд илүү их халамж, анхаарал хүртэж болох бол том хүүхдүүд илүү эрх чөлөөтэй байх магадлалтай. Өөрөөр хэлбэл, эцэг эхийн ялгаатай хандлага заавал нэг хүүхдэд бүх талаар илүү давуу эрх олгож байна гэсэн үг биш юм.
ЗАН ЧАНАР ЧУХАЛ НӨЛӨӨТЭЙ
Судалгаагаар зөвхөн төрсөн дараалал, хүйс бус, хүүхдийн зан чанар ч эцэг эхийн хандлагатай холбоотой байжээ. Хариуцлагатай, зохион байгуулалт сайтай, бусадтай эвтэй харилцдаг хүүхдүүд эцэг эхээсээ илүү таатай хандлага хүртэх хандлагатай байв.
Үүний нэг боломжит тайлбар нь ийм хүүхдүүдтэй өдөр тутам харилцахад зөрчилдөөн харьцангуй бага гардагтай холбоотой байж болох юм. Харин эцэг эхтэйгээ байнга маргалддаг, илүү их анхаарал шаарддаг хүүхдүүдэд эцэг эх нь өөрийн мэдэлгүй хатуу хандах тохиолдол гарч болно.
Гэхдээ энэ нь хүүхдийн зан чанар л эцэг эхийн хандлагыг тодорхойлдог гэсэн үг биш. Судалгаа нь эдгээр хүчин зүйл хоорондоо холбоотой байгааг харуулсан болохоос шалтгаан, үр дагаврыг бүрэн тогтоогоогүй юм.
НЭГ ХҮҮХДЭЭ ИЛҮҮД ҮЗЭХ НЬ БУСАД ХҮҮХДЭД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?
Эцэг эх хүүхдүүдийнхээ нэгтэй илүү дотно байх нь өөрөө заавал хор хөнөөлтэй гэсэн үг биш. Харин хүүхдүүдэд шударга бус хандах, нэгийг нь байнга магтаж, нөгөөг нь шүүмжлэх, эсвэл нэг хүүхдийнхээ хэрэгцээг үргэлж түрүүнд тавих нь гэр бүлийн харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүй.
Судалгааны багийн дүгнэлтээр эцэг эхээсээ таагүй хандлага хүртэж байна гэж мэдэрдэг хүүхдүүдийн сэтгэл зүйн байдал болон гэр бүлийн харилцаанд асуудал үүсэх эрсдэл нэмэгдэх хандлагатай байдаг.
Тухайлбал, ах, эгч, дүү нь илүү их эрх чөлөөтэй, илүү их магтаал хүртэж байгааг анзаарсан хүүхэд өөрийгөө дутуу үнэлэгдэж байна гэж мэдэрч болно. Ийм мэдрэмж удаан үргэлжилбэл өөртөө итгэх итгэл, эцэг эхдээ итгэх итгэл болон ах, эгч, дүүстэйгээ харилцах харилцаанд нь сөргөөр нөлөөлөх боломжтой.
Гэхдээ хүүхдүүдэд ялгаатай байдлаар хандах бүх тохиолдол шударга бус гэсэн үг биш. Жишээлбэл, бага насны хүүхдэд илүү их тусламж хэрэгтэй байж болох бол өсвөр насны хүүхдэд илүү бие даасан байдал шаардлагатай байдаг.
ТЭГВЭЛ ЭЦЭГ ЭХЧҮҮД ЮУГ АНХААРАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Судлаачид эцэг эхчүүдийг хүүхдүүддээ яг ижил байдлаар хандахыг бус, харин хүүхэд бүрийн хэрэгцээг харгалзан үзэхийн зэрэгцээ хэн нэгнийг байнга илүүд үзэж байгаа эсэхээ анзаарахыг зөвлөж байна.
Хүүхдүүдийн нэг нь илүү тайван, дуулгавартай байдаг бол нөгөө нь илүү их анхаарал, дэмжлэг шаарддаг байж болно. Энэ ялгааг ойлгох нь чухал ч тайван хүүхэд асуудал гаргадаггүй учраас анхаарал халамжийг нь орхигдуулах, эсвэл илүү их асуудал гаргадаг хүүхдийг байнга буруутгах нь зохимжгүй.
Мөн хүүхэд өөрийгөө гэр бүлдээ шударга бусаар хандаж байна гэж мэдэрч байгаагаа илэрхийлбэл эцэг эхчүүд шууд үгүйсгэхийн оронд юуны талаар гомдоллож байгааг нь сонсох хэрэгтэй.
Эцсийн дүндээ, нэг хүүхэдтэйгээ илүү дотно санагдах болон нэг хүүхдээ илт давуу байдалд байлгах хоёр өөр ойлголт юм. Хүүхдүүд бүгд ижил зан чанартай, ижил хэрэгцээтэй байх албагүй ч хүн бүр өөрийгөө хайрлагдаж, хүндлэгдэж, гэр бүлийнхээ үнэ цэнтэй гишүүн гэдгээ мэдрэх нь чухал юм.
Эх сурвалж:
- Mumsnet / Gransnet — эцэг эхчүүдийн дуртай хүүхдийн талаарх 2018 оны санал асуулга.
- Jensen, A. C., & Jorgensen-Wells, M. A. (2025). Parents favor daughters: A meta-analysis of gender and other predictors of parental differential treatment. Psychological Bulletin.
- American Psychological Association (APA) - 2025 оны судалгааны тайлбар, үр дүн.



3003











