Сэтгэл засалч эмч, Донтох эмгэг судлаач Ж.Гантулга "Оюутны сэтгэлзүйн эрүүл мэндийг дэмжих төв"-ийг байгуулжээ. Тэрээр их дээд сургууль, коллежийн оюутнуудад "Сэтгэл зүйн сайн сайхан байдал ба Амьдралын хэв маяг" лекцийг үнэ төлбөргүй орох зэрэг олон ажил төлөвлөж байгаа аж.
Түүнтэй оюутнуудад тулгардаг сэтгэлзүйн асуудлаар ярилцлаа.
-Юуны өмнө "Оюутны сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих төв"-ийг байгуулах болсон гол шалтгаан, хэрэгцээ нь юу байсан бэ?
-Сайн байна уу? Юуны өмнө өөрийгөө танилцуулъя. Намайг Ж.Гантулга гэдэг. Их сургуулиа төгссөн цагаас өдийг хүртэл буюу 14 жилийн хугацаанд Сэтгэцийн эрүүл мэндийн салбарт ажиллаж байна. Улсад 13 жил ажилласан. Одоо хувийн хэвшилд ажиллаж байна. Энэ хугацаанд сурч мэдсэн зүйлсээ оюутан залуучуудтай хуваалцъя, сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэхэд мэргэжлийнхээ үүднээс тусалъя гэсэн зорилгоор энэхүү төвөө нээж байгаа юм.
-Өнөөдөр оюутнуудын дунд хамгийн түгээмэл ажиглагддаг сэтгэл зүйн асуудлууд юу байна вэ? Стресс, нойргүйдэл, түгшүүрээс гадна ямар асуудал их байна?
-Зонхилон тохиолдох сэтгэцийн тулгамдсан асуудлууд гэж байдаг. Үүнд стресс, нойргүйдэл, сэтгэл түгшилтээс гадна сэтгэл гутрал, архаг ядаргаа, сэтгэл зүйн шалтгаантай биеийн эмгэгүүд, архи согтууруулах ундааны хэрэглээтэй холбоотой асуудлууд ордог. Оюутнуудын сэтгэл зүйн байдалд сургалтын ачаалал, шалгалт, дүн, санхүүгийн асуудал нь өдөр тутмын амьдрал, сэтгэл зүй, амьдралын чанарт шууд нөлөө үзүүлдэг хүчин зүйлс.
-Оюутнууд сэтгэл зүйн асуудалтай болсон үедээ мэргэжлийн тусламж авахын оронд өөрсдөө тэсээд өнгөрөх хандлага хэр байдаг вэ?
-Мэргэжлийн хүний хувьд анзаарч байхад ихэнхдээ сэтгэл зүйн тулгамдсан асуудлаа анзаарахгүй, мэдэхгүй, эсвэл ач холбогдол өгөхгүй явж байх тохиолдол түгээмэл байдаг. Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг анзаарахгүй өнгөрөх, тэсээд гарах гэсэн ойлголт байж болохгүй. Тухайн асуудалд хамгийн зөв шийдэл, гарч, тусламж дэмжлэгээ авахгүй бол хэзээ нэгэн цагт биеийн ч бай сэтгэл зүйн ч бай ямар нэгэн асуудлаар тухайн шийдэгдээгүй асуудал илэрч гарах болно. Гэхдээ илүү ноцтой байдалд хүргэх эрсдэлтэйг эрт ойлгож ухаарах нь чухал.
Сэтгэл зүйн тулгамдсан асуудлаа анзаарахгүй, мэдэхгүй, ач холбогдол өгөхгүй явж байх нь түгээмэл
-“Би сэтгэл зүйч дээр очвол асуудалтай хүн гэсэн үг” гэх мэт ойлголт залуусын дунд хэр түгээмэл байдаг вэ? Үүнийг хэрхэн өөрчлөх хэрэгтэй вэ?
-Хүн ханиад хүрээд өрхийн эрүүл мэндийн төврүү очихдоо эмч намайг ханиад хүрчихсэн байна гэж загнах байхдаа гэж бодолгүй очдогтой яг л адилхан хандах хэрэгтэй. Мэдээж танд чин сэтгэлээсээ туслах, мэргэжлийн хүнийг олж очихыг зорих нь зүйн хэрэг. Асуудлыг эрт шийдвэрлэх нь цаг хугацаа, мөнгө төгрөг, эрч хүч энергийг хэмнэдэг гэдгийг ойлгоосой гэж боддог юм.
-Сэтгэл зүйн эрүүл мэнд муудаж эхэлж байгааг оюутан өөрөө анзаарах ямар шинж тэмдгүүд байдаг вэ?
-Хамгийн түрүүнд анзаарагдах зүйлсд нойрны чанар, идэвх зүтгэл, ачаалал даах чадвар, сэтгэл санаагаар унах, эрч хүчгүй болох, өөртөө итгэх итгэл буурах, бусдаас зай барих зэрэг байх боломжтой. Амьдралаасаа, сургуулиасаа, өөрөөсөө, амьдарч буй орчноосоо сэтгэл ханамж авах нь буурч байгаа эсэхийг анзаарч байх хэрэгтэй.
-Оюутнуудын дунд сошиал медиа бусадтай өөрийгөө харьцуулах, “би хангалттай сайн биш” гэх мэдрэмжийг нэмэгдүүлж байна уу?
-Та өөрийгөө хөгжүүлээд өөрөөсөө урам зориг авч эхэлсэн цагаас бусадтай харьцуулсан харьцуулалт ямар ч утга учиргүй зүйл болж хувирдаг. Жинхэнэ өөрөө өөртөө итгэх итгэл гэдэг нь “ганхашгүй, бат бөх, дотоод хүч” юм байна. Түүнийгээ хөгжүүлэхэд цаг заваа зарцуулах нь бусадтай харьцуулж цаг заваа үрэхээс хамаагүй ухаалаг алхам болно.
СЭТГЭЦИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ АНЗААРАХГҮЙ ӨНГӨРӨХ, ТЭСЭЭД ГАРАХ ГЭСЭН
ОЙЛГОЛТ БАЙЖ БОЛОХГҮЙ

-Харилцаа, хайр дурлалын асуудлаас болж сэтгэл санаагаар унасан оюутнууд хэр их ханддаг вэ? Тэдэнд хамгийн түрүүнд юу хэрэгтэй байдаг вэ?
-Сэтгэл санаанд хүчтэй нөлөөлдөг асуудлуудын нэг яах аргагүй үерхэл нөхөрлөл, хайр дурлалын асуудал. Яг одоогоор амьдралд нь хамгийн чухал зүйлс нь юу вэ гэдгийг эрэмблэхээс эхэлдэг. Тулгарч байгаа асуудал бүрд тохирсон шийдэл гэж бий. Оюутан залуусын хувьд суралцах, өөрийгөө хөгжүүлэх, хүн болох гэдэг хамгийн чухал зүйлсийн нэг. Мэдээж эрүүл харилцаа, хор хөнөөлтэй харилцаа байгаа эсэхийг нягталж, ялгаж салгах чадварыг одооноос эзэмшиж эхлэх хэрэгтэй. Яагаад гэвэл харилцаа гэдэг бол бидний насан туршийн амьдрах чухал хэрэгсэл.
-“Зүгээр л залуу хүн учраас стрессээ давах ёстой” гэсэн хандлага оюутнуудын сэтгэл зүйн эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэй вэ?
-Хэрхэн яаж даван туулах вэ гэдгийг чиглүүлж, зааж сургахгүйгээр даваад гарах ёстой гэх нь тийм ч үр дүнтэй байдаггүй. Мэдээж асуудал бэрхшээлийг давах тусам хүн хөгждөг, өсдөг. Гэхдээ үр дүнгүй аргачлалыг дахин дахин хэрэгжүүлэхээр оролдох нь цаг үрсэн хэрэг болно.
-Хичээлдээ сайн, идэвхтэй, гаднаасаа аз жаргалтай харагддаг оюутан дотроо сэтгэл зүйн хувьд хүнд байдалтай байх боломжтой юу? Үүнийг ойр байгаа хүмүүс нь хэрхэн анзаарах вэ?
-Иймэрхүү асуудал түгээмэл байгаа анзаарагддаг. Гэхдээ хичээл номондоо сайн оюутан болгон тийм гэсэн үг биш. Өөртөө өндөр шаардлага тавьдаг, хичээл номоо шаргуу үздэг оюутан залуус бүх зүйлийг өөрийн хүчээр даван гэж хэт хичээх хэрэггүй. Шаардлагатай үед бусдын тусламж хэрэгтэйг ухаарч, бусдаас тусламж хүсэхдээ эргэлзэх хэрэггүй шүү гэж хэлмээр байна. Мөн амжилттай сайн суралцаж байгаа, идэвхтэй, аз жаргалаар дүүрэн байгаа бол түүнийгээ дандаа бусадтай хуваалцаж, бусдад тусалж байгаарай. Тэгэх юм бол таны амжилт бүтээл улам бүр ундрах болно.
Тулгарч буй асуудал бүрд тохирсон шийдэл бий. Сэтгэцийн тулгамдсан асуудлыг анзаарахгүй өнгөрөх, тэсээд гарах гэсэн ойлголт байж болохгүй.
-Эцэг эх, багш нар оюутны сэтгэл зүйн асуудлыг “залуу насны ааш” эсвэл “хичээлдээ анхаарахгүй байна” гэж буруу ойлгох тохиолдол байдаг уу?
-Сэтгэл зүйн асуудал шууд нүдэнд харагдахгүй болохоор хүмүүст буруугаар ойлгогдох нь түгээмэл байдаг. Жишээ нь сэтгэл гутралын шинжүүд залхуу, арчаагүй, сул дорой мэт харагдах гэх мэт. Тийм болохоор цаана нь ямар асуудал байгааг бүрэн ойлгохгүйгээр шууд дүгнэлт өгөх гэж битгий яараарай гэж хэлмээр байна. Ямар нэгэн тусламж хэрэгтэй байгаа санагдах юм бол эргэлзэх зүйлгүйгээр мэргэжлийн хүнд хандаарай.
-Сэтгэл зүйн тусламж шаардлагатай түвшний асуудал болон түр зуурын стресс, гунигийг хэрхэн ялгаж болох вэ?
-Шууд ганц өгүүлбэрээр хариулахад амаргүй асуулт байна. Ер нь ямар нэгэн байдлаар мэргэжлийн тусламж хэрэгтэй болжээ гэдэг нь өдөр тутмын амьдрал, хичээл сургуульд хэр зэрэг нөлөө үзүүлж байгаагаар хэмжигдэх боломжтой. Нөгөө талаасаа заавал тусламж авах хэмжээнд хүртэл явна гэдэг өөрөө асуудал. Тийм болохоор яг тохирсон зөвлөгөө, тусламжаа зөв цагтаа, зөв газраасаа авч чаддаг байх нь зүйтэй.
ЦААНА НЬ ЯМАР АСУУДАЛ БАЙГААГ БҮРЭН ОЙЛГОХГҮЙГЭЭР ШУУД ДҮГНЭЛТ ӨГӨХ ГЭЖ БИТГИЙ ЯАРААРАЙ

-Танай төвөөс оюутнууд яг ямар төрлийн үйлчилгээ авах боломжтой вэ?
-Нэгдүгээрт их дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн оюутан залуус сургууль дээрээ сэтгэл зүйн сайн сайхан байдал, амьдралын хэв маягийн лекц, сургалт авах боломжтой. Мөн яг сэтгэл засалч эмчийн тусламж хэрэгтэй байгаа оюутан залууст төвөөрөө дамжуулаад илүү хямд үнээр сэтгэл зүйн зөвлөгөө авах боломжийг олгох зорилготой байна.
Хэрвээ сургууль дээрээ сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх оюутны клуб, дугуйлан секц байдаг бол бид мэргэжлийн дэмжлэг үзүүлж болно. Хамтарсан төсөл, хөтөлбөр, өдөрлөг зохион байгуулах зэргээр уян хатан хамтын ажиллагаагаа хөгжүүлэх боломж бидэнд бий.
-Сэтгэл зүйн зөвлөгөө авахаас гадна “Сэтгэл зүйн сайн сайхан байдал ба Амьдралын хэв маяг” лекцээр оюутнуудад ямар мэдлэг, дадал олгохыг зорьж байна вэ?
Эрүүл саруул явахад
- Идэж буй хоол хүнс - 80%
- Хөдөлгөөн – 20%
- Сэтгэл санаа, нойр – 100% нөлөөлдөг гэж үздэг. Тийм болохоор энэ бүгдийг багтаасан цогц ойлголтыг оюутан залууст хүргэснээр эрүүл амьдралын хэв маягыг ойлгоход илүү хялбар байх болов уу гэсэн хүлээлттэй байна.
-Сургууль дээр нь лекц, сургалт зохион байгуулахаас гадна цаашид ямар хөтөлбөр, үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?
-Их, дээд сургууль, коллеж, МСҮТ бүр өөрсдийн оюутан залуусын сэтгэл зүйн сайн сайхан байдлыг дэмжих хөтөлбөртэй, тохижуулсан өрөө тасалгаатай байгаасай гэж боддог. Сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэхэд оруулсан хөрөнгө оруулалт эргээд хэд дахин үр өгөөжөө өгдөг гэсэн судалгаа олон бий. Энэ тал дээр манай төвтэй хамтарч ажиллах боломжтой. Ер нь сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг сайн зохион байгуулж чадвал олон залуусын амьдралын чанарыг сайжруулах, амжилттай суралцах, амьдралын чанарыг дээшлүүлэх боломжийг авч ирнэ.
-Оюутан хүн сэтгэл зүйн эрүүл мэндээ хамгаалахын тулд өнөөдрөөс эхлээд хийж болох хамгийн энгийн гурван зүйл юу вэ?
-Зөв мэдлэгээр хооллох, сайтар унтаж амрах, боломжийн хэмжээгээр хөдөлгөөнтэй байх.
-Оюутнуудын сэтгэл зүйн эрүүл мэндийн талаар манай нийгэмд одоо хамгийн их өөрчлөх шаардлагатай ойлголт юу гэж та боддог вэ?
-Зөв мэдлэг, мэдээллийг системтэйгээр өгөх, олон чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулах, мэргэшсэн хүмүүсийг энэ үйл ажиллагаанд татан оролцуулах, судалгаа хийх гэж бодож байна.
Сэтгэцийн тулгамдсан асуудал хэзээ нэгэн цагт илэрч гарах болно
-Хэрэв “сүүлийн үед би үнэхээр ядарч, юу ч хийх хүсэлгүй болоод байна” гэж бодож байгаа оюутан энэ ярилцлагыг уншиж байгаа бол та түүнд юу гэж хэлэх вэ?
-Манай төвийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож өөрийгөө хөгжүүлээрэй. Манай төвийн “САЙН ДУРЫН БАГ” идэвхтэй ажиллаж эхлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. бусдад тусална гэдэг өөртөө туслах том гарц байдаг юм шүү. Хэрэв танд сэтгэл засал эмчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө шаардлагатай байгаа бол бидэнтэй шууд холбогдоорой. Та ганцаараа биш шүү. Мэргэжлийн хүнтэй уулзаад асуудлаа хуваалцаад хөнгөрөх мэдрэмж тийм ч хол биш гэдгийг та ухаарах болно.
Gantulga Mentor facebook хаяг болон 89740615 утсаар бидэнтэй холбогдох боломжтой.


2239






