Олон улсын байгууллагад ажиллаж, дэлхийн хэмжээний төсөл, хөтөлбөрт хувь нэмэр оруулахыг хүсдэг үү? Заавал их сургуулиа төгссөн байх шаардлагагүй. Зарим олон улсын байгууллага оюутан болон саяхан төгссөн залууст зориулсан дадлагын хөтөлбөр тогтмол зарладаг.
Эдгээр хөтөлбөр нь мэргэжлийн туршлага хуримтлуулах, олон улсын орчинд ажиллах, мэргэжилтнүүдээс суралцах, цаашдын карьераа эхлүүлэх сайхан боломж юм.
1. НҮБ-ЫН ДАДЛАГЫН ХӨТӨЛБӨР (UNITED NATIONS INTERNSHIP)
НҮБ нь олон улсын харилцаа, эдийн засаг, эрх зүй, нийгмийн хөгжил, байгаль орчин, мэдээлэл технологи зэрэг олон чиглэлээр дадлагажигч авдаг.
Тавигдах үндсэн шаардлага:
- Магистр, докторын хөтөлбөрт суралцаж байгаа;
- Эсвэл бакалаврын сүүлийн жилд суралцаж байгаа;
- Эсвэл их сургууль төгсөөд нэг жилээс хэтрээгүй байх;
- Англи эсвэл франц хэлний зохих мэдлэгтэй байх.
Дадлагын хугацаа 2–6 сар байна. НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газрын дадлага цалин хөлсгүй бөгөөд байр, замын зардал болон бусад зардлыг оролцогч өөрөө хариуцдаг.
Албан ёсны мэдээлэл: https://www.un.org/en/academic-impact/page/internships
2. UNICEF — НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН
Хүүхдийн эрх, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хүмүүнлэгийн тусламжийн чиглэлээр ажиллах сонирхолтой оюутнуудад тохиромжтой.
Тавигдах үндсэн шаардлага:
- 18 нас хүрсэн байх;
- Бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцаж байгаа эсвэл сүүлийн хоёр жилийн хугацаанд төгссөн байх;
- Англи, франц, испани хэлний аль нэгээр ажиллах чадвартай байх;
- Сурлагын амжилт, тухайн чиглэлээр ажиллах хүсэл эрмэлзэлтэй байх.
Зарим дадлагын байранд мэргэжлийн туршлагатай бол давуу тал болно. Дадлагын боломжууд жилийн турш зарлагддаг бөгөөд цалин, тэтгэмж нь тухайн ажлын зар болон байршлаас хамаарна.
Албан ёсны мэдээлэл: https://www.unicef.org/careers/internships
3. UNESCO — НҮБ-ЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААН, СОЁЛЫН БАЙГУУЛЛАГА

Боловсрол, шинжлэх ухаан, соёл, харилцаа холбоо, мэдээллийн салбарт сонирхолтой залууст зориулсан дадлагын хөтөлбөртэй.
Тавигдах үндсэн шаардлага:
- 20 нас хүрсэн байх;
- Бакалаврын гуравдугаар курс эсвэл төгсөх курст суралцаж байх;
- Эсвэл магистр, докторын хөтөлбөрт суралцаж байх;
- Эсвэл сүүлийн 12 сарын хугацаанд их сургууль төгссөн байх.
Дадлагаар дамжуулан UNESCO-ийн төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагаатай танилцаж, мэргэжлийн мэдлэгээ практикт ашиглах боломжтой.
Албан ёсны мэдээлэл: https://careers.unesco.org/content/Internship-Programme/
4. WHO — ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА
Нийгмийн эрүүл мэнд, анагаах ухаан, эрүүл мэндийн бодлого, менежмент, харилцаа холбооны чиглэлээр суралцдаг оюутнуудад тохиромжтой.
Тавигдах үндсэн шаардлага:
- 20 нас хүрсэн байх;
- Их сургуулийн бакалаврын түвшинд дор хаяж гурван жилийн бүтэн цагийн сургалтаа дүүргэсэн байх;
- Эрүүл мэнд, нийгмийн шинжлэх ухаан, менежмент, захиргаа, харилцаа холбоотой холбоотой хөтөлбөрт суралцаж байх;
- Дадлага эхлэх үедээ их сургуульд суралцаж байх.
WHO-ийн дадлагын боломжууд нь тухайн ажлын байрны чиглэл, шаардлагаас хамаарна.
Албан ёсны мэдээлэл: https://www.who.int/careers/internship-programme
5. OECD — ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГА

Эдийн засаг, олон улсын хөгжил, боловсрол, байгаль орчин, технологи, төрийн бодлого зэрэг чиглэлээр суралцдаг оюутнуудад олон улсын орчинд туршлага хуримтлуулах боломж олгодог.
Тавигдах үндсэн шаардлага:
- Бакалавр, магистр эсвэл докторын хөтөлбөрт бүтэн цагаар суралцаж байх;
- Дадлагын хугацаанд оюутны статусаа хадгалах;
- Англи эсвэл франц хэлний аль нэгийг өндөр түвшинд эзэмшсэн байх;
- Судалгаа, дүн шинжилгээ, мэдээлэл боловсруулах, харилцааны ур чадвартай байх.
Дадлага нь багийн хэрэгцээнээс хамааран биечлэн, хосолсон эсвэл цахим хэлбэрээр явагдаж болно. OECD-ийн дадлагажигчдад амьжиргааны зардлын хувь нэмэр олгох боломжтой.
Албан ёсны мэдээлэл: https://www.oecd.org/en/about/careers/internships.html
ӨРГӨДӨЛ ГАРГАХАД ЯМАР МАТЕРИАЛ БЭЛТГЭХ ВЭ?
Ихэнх олон улсын байгууллагын дадлагын хөтөлбөрт дараах материалууд шаардлагатай байдаг:
- CV буюу намтар: Боловсрол, ур чадвар, сайн дурын ажил, туршлагаа тодорхой бичих.
- Cover Letter: Тухайн байгууллагад яагаад дадлага хийх хүсэлтэй байгаагаа тайлбарлах.
- Сургуулийн тодорхойлолт: Оюутны статус болон суралцаж буй чиглэлээ батлах.
- Дүнгийн хуулбар: Сурлагын амжилтаа харуулах.
- Хэлний мэдлэгийн баталгаа: Тухайн ажлын байрны шаардлагаас хамааран хэлний түвшнээ нотлох.
Бүх байгууллага ижил материал шаарддаггүй тул ажлын зар бүрийн нөхцөлийг сайтар уншаарай.
ДАДЛАГАД ТЭНЦЭХ БОЛОМЖОО ХЭРХЭН НЭМЭГДҮҮЛЭХ ВЭ?
- Их сургуульд суралцаж байх хугацаандаа сайн дурын ажил, оюутны клуб, нийгмийн төсөлд оролцох.
- Англи хэлний бичгийн болон ярианы чадвараа хөгжүүлэх.
- Өөрийн мэргэжилтэй холбоотой судалгаа, төсөл, бүтээлээ CV-дээ тусгах.
- Нэг байгууллагад төвлөрөхөөс илүү өөрийн сонирхолд нийцсэн олон ажлын байранд өргөдөл гаргах.
- Өргөдөл бүрд CV болон Cover Letter-ээ тухайн байгууллагын зорилго, ажлын байрны шаардлагад нийцүүлэн өөрчлөх.



380











