“Өсөлт хөгжлийн төв”-д зохион байгуулсан “Skillathon My Career Event” арга хэмжээнд оролцсон “Шинэ Иргэншил Мэдээллийн Технологийн Политехник Коллеж”-ийн барилгын цахилгаан, тоног төхөөрөмжийн ашиглалт мэргэжлээр суралцаж буй Н.Анхбаяр, хэвлэл график, дизайны бүтээгдэхүүн мэргэжлээр суралцаж буй Л.Эрхэсбилэг болон тус төвийн ажил эрхлэлт хариуцсан координатор Ж.Тэмүүлэн нарыг танилцуулж байна.
“Рио Тинто Монгол” ХХК-ийн дэмжлэгтэйгээр Баянхошуунд үйл ажиллагаа явуулдаг “Өсөлт хөгжлийн төв”-д мэргэжлийн боловсролын сургуулийн төгсөх ангийн оюутнуудад зориулсан “Skillathon My Career Event” арга хэмжээ зохион байгууллаа. Сургалтаар залуус CV хэрхэн бичих, ажлын ярилцлагад хэрхэн бэлтгэх, өөрийгөө ажил олгогчид хэрхэн танилцуулах, хувийн санхүүгээ хэрхэн удирдах талаар мэдээлэл авлаа.
АНХНЫ ЦАЛИНГАА ГЭР БҮЛ РҮҮГЭЭ ЯВУУЛНА ГЭЖ БОДДОГ
“Шинэ Иргэншил Мэдээллийн Технологийн Политехник Коллеж”-ийн барилгын цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалт 3Ё ангийн суралцагч Н.Анхбаяр
ТОМ БОЛООД НЭГЭН ХЭВИЙН АМЬДРАХ ВИЙ ГЭХЭЭС АЙДАГ
“Шинэ Иргэншил Мэдээллийн Технологийн Политехник Коллеж”-ийн хэвлэл график, дизайн бүтээгдэхүүн 3-р ангийн суралцагч Л.Эрхэсбилэг
Би “Шинэ Иргэншил Мэдээллийн Технологийн Политехник Коллеж”-ийн хэвлэл график, дизайны бүтээгдэхүүн мэргэжлээр гурав дахь жилдээ суралцаж байна. Компьютер, дижитал технологид дуртай учраас энэ мэргэжлийг сонгосон. Сургууль, мэргэжлээ ч гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж байж шийдсэн.
Миний бодлоор одоо хиймэл оюун ухаан хөгжиж, хүмүүсийн хийдэг байсан олон ажлыг орлох болсон. Гэхдээ хүний бүтээлч сэтгэлгээ, санааг хиймэл оюун ухаан хэзээ ч бүрэн орлож чадахгүй гэж боддог. Тиймээс энэ мэргэжлийг сонгосон.
Цаашдаа веб дизайн, код бичих чиглэлээр суралцмаар байна. Боломж гарвал гадаадад сурна. Харин боломж бүрдэхгүй бол ШУТИС-д үргэлжлүүлэн суралцах бодолтой байгаа. Одоогоор өөрийгөө хөгжүүлж, сайн сурахыг зорьж байна.
Англи хэл ч миний цаашдын суралцах төлөвлөгөөнд хэрэг болно. Би багаасаа YouTube үзэж англи хэл сурсан. Тав, зургаан настайгаасаа бичлэг үзэж эхэлсэн байх. Эхэндээ монгол хэлээр үздэг байсан бол яваандаа англи хэл дээрх бичлэг үзэх болсон. Ингэж л англи хэл сурсан даа. Тавдугаар ангид англи хэлний хичээл орж эхэлсэн нь ч их хэрэг болсон.
Одоо англиар чөлөөтэй ярьж, уншсан зүйлээ ойлгодог болсон. Харин олон улсын түвшин тогтоох шалгалт өгч, оноо авч амжаагүй байна.
Суралцахын хажуугаар ажил хийж, өөрийн хөдөлмөрөөр мөнгө олох ямар байдгийг ч мэдэрсэн. Өнгөрсөн зуны амралтаараа бармен, бариста хийсэн. Өөрийн хөдөлмөрөөр олсон мөнгөөрөө компьютерийн дэлгэц, цамц авч байлаа. Цаашдаа ажилд орж, цалинтай болохоороо өөрийгөө хөгжүүлэх, хэрэгтэй зүйлсээ худалдан авахыг хүсдэг. Гэхдээ миний хувьд ирээдүй гэдэг зөвхөн ажил хийж, цалин авахын нэр биш.
Том хүмүүсийн амьдралыг харахад ажил, гэр гэсэн нэг хэмнэлд орчихсон, өдөр бүр ижил маршрутаар явдаг юм шиг санагддаг. Би тэгж амьдрахгүй юм сан гэж боддог. Өдөр бүр нэг л зүйлээ хийж, нэгэн хэвийн амьдрах вий гэхээс айдаг. Тиймээс амьдралаа илүү сонирхолтой, адал явдалтай байлгахыг хүсдэг дээ.
Өнөөдрийн арга хэмжээний үеэр санхүүгийн боловсролын талаар сонссон нь их хэрэгтэй байлаа. Орлого, хөрөнгөө хэрхэн зөв удирдах талаарх сургалт миний сонирхлыг их татсан. Залуус ирээдүйд ажил хийх хэрэгтэй гэдгээ мэддэг ч тэр бүр анхаарч, ач холбогдол өгдөггүй. Өсвөр насандаа алсыг харж төлөвлөхөөс илүү өдөр хоногийг аргацааж өнгөрүүлэх нь бий. Энэ үед бидэнд анхаарал хандуулж, хэрэгтэй мэдээлэл өгч байгаад баяртай байна
АЖЛЫН ЯРИЛЦЛАГА БОЛ ШАЛГАЛТ БИШ, ХАРИЛЦАН ТАНИЛЦАХ ҮЕ ШАТ
"Өсөлт хөгжлийн төв"-ийн координатор Ж.Тэмүүлэн
Би “Өсөлт хөгжлийн төв”-д ажил эрхлэлт хариуцсан координатороор ажилладаг. Ирэх хавар коллежоо төгсөх гэж буй залуусын хувьд ажилд ороход зөвхөн мэргэжлийн мэдлэг, ур чадвар хангалттай биш. Өөрийгөө ажил олгогчид хэрхэн танилцуулах, CV-гээ яаж зөв бичих, ажлын ярилцлагад хэрхэн бэлтгэхээ мэддэг байх хэрэгтэй.
CV бэлтгэхдээ хамгийн түрүүнд өөртөө зориулсан ерөнхий танилцуулга бичих хэрэгтэй. Өөрийн эзэмшсэн боловсрол, ур чадвар, ажлын туршлага, сонирхол, хобби гээд бүх мэдээллээ оруулна. Үүний дараа ажилд орохыг хүсэж буй байгууллага, ажлын байрныхаа онцлогт тохируулж засварлах нь зөв. Тухайн ажлын байранд хэрэгтэй ур чадвараа онцолж, шаардлагагүй мэдээллээ хасаж болно.
Хоёрдугаарт, цагийн болон түр ажлын туршлагаа CV-дээ заавал тусгаарай. Зарим ажил горилогч баар, ресторан, үйлчилгээний газар зөөгч, угаагч зэрэг ажил хийж байснаа бичихээс санаа зовж, орхигдуулдаг. Жижиг газар ажилласан учраас голох вий гэж боддог ч байж болно. Гэтэл хүн ямар ч ажлаас юм сурч байдаг. Тухайлбал, зөөгчөөр ажилласан хүн бусадтай харилцаж, өөрийгөө илэрхийлж, үйлчилгээний соёлд суралцдаг. Тиймээс хаана ажиллаж байснаа нуух биш, тухайн ажлаас юу сурч, ямар чадвар эзэмшсэнээ CV-дээ тусгах нь чухал.
Гуравдугаарт, CV ойлгомжтой, товч, цэгцтэй байх ёстой. Мөн ажил олгогчийн зарласан ажлын байрны шаардлагад нийцүүлэн мэдээллээ сонгож оруулах хэрэгтэй.
Ажлын ярилцлагад орохын өмнө хоёр асуултад заавал бэлдэж ирэхийг зөвлөдөг.
Өөрийгөө товч танилцуулна уу?
Та биднээс асуух зүйл байна уу?
Мэдээж ажлын байрны онцлогоос шалтгаалан нэмэлт асуулт асууж болно. Гэхдээ дээрх хоёр асуултад бэлтгэсэн байхад ярилцлагын эхлэл, төгсгөлөө илүү цэгцтэй авч явж чадна.
Миний хувьд ажлын ярилцлага бол шалгалт биш, харилцан бие биетэйгээ танилцах үе шат гэж ойлгоосой гэж хүсдэг. Дийлэнх хүмүүс шалгалтад орж байгаа мэт сэтгэлзүйтэй ирж, биеэ барьж, сандардаг. Тиймээс шалгалт биш, танилцах уулзалт гэж бодоод нээлттэй, тайван байх хэрэгтэй.
Мөн сул талыг нь асуухад “Надад сул тал байхгүй” гэж хариулдаг хүн олон. Гэтэл нэг ч сул талгүй хүн гэж байхгүй шүү дээ. Сул тал байхгүй гэх нь өөрөө үнэнээс зөрж байгаа хэрэг. Тиймээс өөрийнхөөрөө, үнэнээрээ тайван ярилцаарай.
Ярилцлагын товлосон цагаас 10 минутын өмнө ирэх нь чухал. Ингэснээр амьсгаагаа дарж, хувцсаа цэгцэлж, орчиндоо дасах боломжтой. Бие махбод, сэтгэл санаагаа тайвшруулснаар ярилцлагад сандралгүй, өөртөө итгэлтэй оролцож чадна.
Өөрийгөө танилцуулах хэсгээ толины өмнө давтаж бэлдээрэй. 30-60 секундэд нэр, мэргэжил, төгссөн сургууль, эзэмшсэн ур чадвар, ажлын туршлагаа товч бөгөөд тодорхой танилцуулахад хангалттай. Шинэхэн төгсөгчид цагийн ажил, дадлага, сайн дурын ажил, аав ээждээ тусалж хийдэг ажлаа ч дурдаж болно. Өөрийгөө танилцуулах хэсгээ сайн бэлдсэн хүн дараагийн асуултуудад ч илүү цэгцтэй хариулдаг.
Ажил олгогчид чиний хэнтэй амьдардаг, нохой муур тэжээдэг эсэхийг сонирхохгүй. Харин тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар, туршлагыг чинь илүү чухалчилна. Тиймээс өөрийгөө танилцуулахдаа ажлын байранд хамааралгүй мэдээлэлд цаг зарцуулах хэрэггүй.
Мөн анхны уулзалтаар эерэг сэтгэгдэл төрүүлэх нь чухал. Инээмсэглэж, цоглог, өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Гэхдээ хэт хүчилж, худлаа инээхээс зайлсхий. Өөрийнхөөрөө байх нь хамгийн чухал.
Ярилцлагын төгсгөлд “Асуух зүйл байна уу?” гэж лавлахад “Байхгүй” гэж хариулахын оронд ажиллах орчин нөхцөл, байгууллагын соёл, ажилтнуудын харилцааны талаар асуугаарай. Ингэснээр өөрөө ч тухайн байгууллагынхаа талаар илүү мэдээлэл авах боломжтой.
Ярилцлагад очихоосоо өмнө байгууллагынхаа талаар сайтар судалсан байх хэрэгтэй. Пэйж хуудас, вебсайт болон нээлттэй эх сурвалжаас мэдээлэл авч болно. Мэдээлэл олдохгүй бол байгууллагатай нь холбогдож, үйл ажиллагааных нь талаар тодруулж ч болно.
Хэрэв ярилцлагад очих боломжгүй болсон, эсвэл тухайн ажлыг сонирхохоо больсон бол урьдчилан мэдэгдээрэй. Ингэснээр хоёр талын цагийг хэмнэнэ. Мөн CV-гээ бэлтгэхдээ боловсрол, цагийн ажлын туршлагаа дутуу орхилгүй, өөрийгөө үнэн зөвөөр илэрхийлж, ярилцлагад өөрийнхөөрөө оролцохыг зөвлөж байна.











192











