Гадаадын их сургуульд элсэх өргөдөл гаргахдаа гол өөрийгөө тодорхойлсон үндсэн эсээ бичихээс гадна тухайн сургуулийг яагаад сонгож байгаа, тэнд суралцах нь таны ирээдүйн зорилготой хэрхэн холбогдож байгааг тайлбарласан supplement эсээ буюу нэмэлт эсээбичих шаардлагатай болдог.
Ихэнхдээ 250–300 орчим үгтэй байдаг энэхүү эсээ нь богинохон мэт боловч таныг бусад өргөдөл гаргагчдаас ялгаруулах чухал боломжийн нэг. Тиймээс сургуулийн тухай ерөнхий мэдээлэл, магтаал бичихээс илүүтэйгээр өөрийн зорилгыг тухайн сургуулийн боломжуудтай хэрхэн холбож байгаагаа харуулах хэрэгтэй. Миний хувьд их сургуулийн нэмэлт эсээ бичихдээ дараах зүйлсэд анхаарах нь чухал гэж үздэг тул өөрийн туршлага дээр үндэслэн дараах зөвлөгөөг бэлтгэлээ.
СУРГУУЛИА ЕРӨНХИЙ СУДАЛЖ БОЛОХГҮЙ

Энгийн интернет хайлтаар тухайн сургуулийн байршил, оюутны тоо, чансаа зэрэг ерөнхий мэдээллийг хэн ч олж чадна. Гэхдээ зөвхөн ийм мэдээлэл багтаасан эсээ нь таныг яагаад тэр сургуулийг сонгосныг хангалттай илэрхийлж чадахгүй.
Үүний оронд суралцах гэж буй мэргэжлийнхээ хөтөлбөр, тухайн хичээлийг заадаг профессор, тэдний судалгааны чиглэл, оюутнуудад олгодог дадлага болон судалгааны боломжуудыг нарийвчлан судлаарай.
Мөн тухайн сургуульд суралцаж байсан болон одоо суралцаж буй оюутнуудтай холбогдож, бодит туршлагаас нь мэдээлэл авах боломжтой. Сурдаг оюутнуудаас мэдээлэл авснаар сургуулийн вэбсайтад бичсэн мэдээллээс илүү бодитой, өөрийн эсээгээ бусдаас ялгарууж болохуйц зүйлсийг эсээндээ тусгах боломжийг илүү ихэсгэж өгдөг.
ӨӨРИЙН ЗАН ЧАНАР, СОНИРХЛЫГ СУРГУУЛИЙН БОЛОМЖУУДТАЙ ХОЛБОХ
Энэ эсээ дан ганц тухайн сургуулийн тухай биш, бас таны тухай өгүүлэх ёстой.
Жишээлбэл, та ямар нэг спортоор хичээллэх дуртай, эсвэл багаар ажиллах сонирхолтой бол энэ нь таны зан чанар, үнэт зүйлсийг илэрхийлэх нэг хэсэг байж болно. Үүнийгээ тухайн сургуулийн спортын клуб, оюутны байгууллага эсвэл хамтын ажиллагааны хөтөлбөртэй холбож бичиж болно.
Гэхдээ зөвхөн “Танай сургуулийн спортын клубт элсэхийг хүсэж байна” гэж бичихээс илүүтэйгээр тухайн үйл ажиллагаа таныг хэрхэн хөгжүүлэх, сургуулийн хамт олонд та өөрөө ямар хувь нэмэр оруулах боломжтойг тайлбарлах нь илүү үр дүнтэй.
ЕРӨНХИЙ МАГТААЛЫН ОРОНД ТОДОРХОЙ ЖИШЭЭ АШИГЛАХ

“Танай сургууль олон улсад нэр хүндтэй”, “Сургалтын чанар өндөр учраас сонгосон” гэх мэт өгүүлбэрүүдийг ерөнхий ашиглан өргөдөл гаргагч эсээндээ оруулбал бараг сул тал ч болж болохоор өгүүлбэрүүд юм.
Үүний оронд тухайн сургуулийн өөрт тань онцгой санагдсан нэг эсвэл хоёр боломжийг сонгож, яагаад сонирхож байгаагаа тайлбарлаарай.
Жишээ нь, тодорхой нэг профессорын судалгааны ажил, таны суралцахыг хүсэж буй хичээл эсвэл оюутнуудад зориулсан тусгай хөтөлбөр байж болно. Мөн яг нэг багш дээр л хичээлийг нь авч үзэхийг сонирхож буй талаараа ч тодотгож боломжтой. Хамгийн гол нь тухайн боломж таны өмнөх туршлага болон цаашдын зорилготой хэрхэн холбогдож байгааг харуулах юм.
ӨНГӨРСӨН ТУРШЛАГАА ИРЭЭДҮЙН ЗОРИЛГОТОЙ ХОЛБОХ
Зөвхөн тухайн сургуульд юу хийхийг хүсэж байгаагаа бичихээс гадна яагаад ийм хүсэлтэй болсон тухайгаа тайлбарлаарай. Өмнө нь оролцож байсан төсөл, судалгаа, сайн дурын ажил эсвэл өөрт тань нөлөөлсөн туршлагаасаа нэгийг сонгон авч болно.
Жишээлбэл, та өмнө нь ямар нэг асуудлыг шийдвэрлэхээр төсөл хэрэгжүүлж байсан бол их сургуульд суралцах хугацаандаа энэ чиглэлээр илүү гүнзгий мэдлэг эзэмшиж, тодорхой хөтөлбөр эсвэл судалгаанд оролцохыг хүсэж байгаагаа илэрхийлж болно. Үүний үр дүнд таны сонголт санамсаргүй биш, харин өмнөх туршлагаас урган гарсан зорилготой шийдвэр гэдэг нь харагдана.
ҮГИЙН ТООНДОО ТОХИРУУЛАН ХАМГИЙН ЧУХАЛ САНААГАА СОНГОХ

250-300 үг гэдэг бол илэрхийлэхийг хүссэн бүх зүйлээ багтаан бичихэд хангалтгүй хэмжээ. Тиймээс олон зүйл дурдах гэж оролдохын оронд хоорондоо уялдаатай цөөн санааг сонгох нь дээр. Эсээгээ бичихээсээ өмнө дараах гурван асуултад хариулж үзээрэй.
- Яагаад заавал энэ сургуулийг сонгож байгаа вэ?
- Тус сургуулийн ямар боломж миний зорилгод хүрэхэд туслах вэ?
- Би тухайн сургуулийн хамт олонд ямар хувь нэмэр оруулж чадах вэ?
Эдгээр асуултад тодорхой хариулж чадвал эсээнийхээ үндсэн бүтцийг гаргахад илүү хялбар болно.
Нийтлэлийн эцэст танд хандаж хэлэхэд Supplement эсээний зорилго нь тухайн сургуулийг хэр сайн судалснаа харуулахаас гадна та яагаад тэр сургуулийн нэг хэсэг болохыг хүсэж байгааг ойлгуулах юм. Бусад өргөдөл гаргагчтай ижил мэдээлэл ашигласан ч өөрийгөө сургуультайгаа холбон өөр өнцгөөс бичсэн эсээ л таныг ялгаруулж чадах юм шүү



232











