Apple компани шинэ эвхэгддэг загварын iPhone Duo-д зориулан хөгжүүлсэн аппын тоо App Store-д 100 мянгыг давсныг мэдээллээ. Өдөр бүр iPhone Duo-д зориулсан хэдэн мянган шинэ аппликэйшн нэмэгдэж байгаа нь программ хангамжийн дэмжлэг богино хугацаанд эрчимтэй өргөжиж байгааг харуулж байна.
iPhone Duo-ийн дэлгэцийн хэмжээнд тохируулаагүй аппликэйшн ашиглахад дэлгэцийн хажуу талд хар зурвас гарч, ашиглах боломжтой талбайг багасгадаг. Мөн зарим аппликэйшний чухал функцүүд нэмэлт цэсний ард байрлах зэрэг хэрэглээний хүндрэл үүсдэг байна.
iPhone Duo худалдаанд гарах үед уг төхөөрөмжийн дэлгэцийн онцлогт тохируулсан аппликэйшн цөөн байснаас шүүмжлэл дагуулж байсан юм. Харин Apple-ийн мэдээлснээр энэ байдал хурдтай өөрчлөгдөж байгаа юм.

Тухайлбал, сүүлийн үед Microsoft Word, Outlook, Zoom, NBA болон NHL-ийн спортын аппликэйшнүүд, Etsy, LTK зэрэг худалдааны платформууд, Goodnotes, Extra зэрэг аппликэйшнүүд болон Halide Mark III камерын аппликэйшн iPhone Duo-д зориулсан хувилбараа гаргажээ. Эдгээр нь өмнө нь төхөөрөмжид тохируулан хөгжүүлсэн Netflix, YouTube, Instagram, WhatsApp зэрэг аппликэйшнүүдтэй нэгдэж байна.
APPLE ХӨГЖҮҮЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ, ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖЭЭ
iPhone Duo-д зориулсан аппликэйшнүүдийн хөгжүүлэлт эрчимжихэд Apple-ийн зүгээс үзүүлсэн дэмжлэг тодорхой хэмжээгээр нөлөөлсөн бололтой.
Тус компани дэлхийн 19 хотод 50 гаруй танхимын сургалт, семинар зохион байгуулж, нийт 2,000 гаруй аппликэйшн хөгжүүлэгчийг хамруулжээ. Эдгээр арга хэмжээний үеэр хөгжүүлэгчид iPhone Duo төхөөрөмжийг бодитоор ашиглан, Apple-ийн мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр аппликэйшнүүдээ шинэ дэлгэцийн загварт тохируулах боломжтой байсан байна.
Apple компанийн Дэлхийн хөгжүүлэгчидтэй харилцах асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Сюзан Прескотт 100 мянган аппликэйшний босгыг давсантай холбогдуулан хөгжүүлэгчид iPhone Duo-г богино хугацаанд өргөнөөр дэмжиж, бүтээлч шийдлүүд гаргаж байгаад талархаж буйгаа илэрхийлжээ. Мөн цаашид төхөөрөмжид зориулсан шинэчлэлтүүд улам эрчимжинэ гэж найдаж байгаагаа дурдсан байна.
IPHONE DUO-ИЙН ЭРЭЛТ НИЙЛҮҮЛЭЛТЭЭСЭЭ ДАВЖ БАЙНА

Apple-ийн шинэ эвхэгддэг төхөөрөмж анх худалдаанд гарахдаа өндөр үнэтэй байсан ч хүлээлтээс давсан эрэлттэй байгааг харуулжээ. 256GB багтаамжтай загвар нь 1,999 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гарсан бөгөөд захиалга эхэлснээс хойш хэдхэн цагийн дотор борлуулалтын нөөц нь дууссан байна.
Үүний улмаас iPhone Duo-ийн хүргэлтийн хугацаа ирэх он хүртэл хойшлоод байгаа юм. Apple компани энэ долоо хоногийн санхүүгийн тайлангийн хурлын үеэр нийлүүлэлтийн хязгаарлалт хэзээ арилж, хүргэлтийн хугацаа хэзээ хэвийн болохыг таамаглахад хүндрэлтэй байгаагаа мэдэгджээ.
IPHONE DUO-Д ЗОРИУЛАН ШИНЭЧЛЭГДСЭН БУСАД АППЛИКЭЙШНҮҮД

Apple-ийн мэдээлснээр iOS 27-д шинэчлэгдэж, iPhone Duo-ийн дэлгэцэд тохируулсан бусад аппликэйшнүүдэд Spotify, Facebook Messenger, Google Chat, ChatGPT, Grok, Microsoft Copilot, Excel, PowerPoint, Canva, Suno, Google Translate, Strava, Tinder, Substack болон The Washington Post зэрэг багтаж байна.
Мөн Tesla Robotaxi, Priceline, Domino’s, Taco Bell, The Weather Channel зэрэг үйлчилгээний аппликэйшнүүд шинэчлэгдсэн байна.
Гэхдээ эдгээр шинэчлэлт бүгд хэрэглэгчдэд бүрэн хүрээгүй байгааг TechCrunch онцолжээ. Тухайлбал, Spotify-ийн хувьд дэлгэцийн хажуу талд хар зурвас харагдсан хэвээр байсан бөгөөд сэтгүүлчдийн туршилтын iPhone Duo төхөөрөмж дээр шинэ хувилбарын шинэчлэлт хараахан гараагүй байжээ.
Эх сурвалж: Techcrunch, arstechnica



459











