Анх Siri гарж байхдаа хэрэглэгчийн ухаалаг утасны зарим зүйлийг өөрөө гүйцэтгэдэг болгох зорилготой хөгжүүлэгдэн танилцуулагдаж байлаа. Гэвч сүүлийн жилүүдэд хиймэл оюунт чатботууд гарснаас Siri-г хэрэглэдэг хэрэглэгчдийн тоо ерөнхийдөө бууралттай болсон үр дүнтэй байв. Гэвч саяхан Apple компани Siri-д хиймэд оюунд суурилсан цоо шинэ функц холболтыг хийн гаргаж байгаагаа танилцууллаа.
Ерөнхийдөө энэ шинэ функц нь хэрэглэгч хүссэн зүйлээ энгийн ярианы хэлээр хэлэхэд Siri тухайн хүсэлтийг ойлгож, тохирох аппликейшнээр дамжуулан гүйцэтгэх юм. Жишээ нь, хэрэв та онлайн шопоос хувцас захиалах бол Siri-д хандан “Siri, надад S размерын сүүлд гарсан шинэ загварын цамц захиалаарай.” гэвэл шууд захиалж өгнө.

Өнгөрсөн зун Apple компани Siri-г хиймэл оюунд суурилан бүрэн шинэчлэхээ зарлаж, iOS 27 үйлдлийн системийн хамт шинэ хувилбарыг нь танилцуулсан. Уг шинэчлэлээр Siri хэрэглэгчийн хувийн мэдээлэл болон утсан дахь өгөгдөлд тулгуурлан хүсэлтийг нь илүү сайн ойлгож, шаардлагатай мэдээлэл өгөх, тодорхой үйлдэл хийх боломжтой болсон.
Харин одоо Apple эдгээр боломжийг өөрийн аппликейшнүүдээр хязгаарлахгүйгээр бусад хөгжүүлэгчдэд нээн санал болгож байна.
БҮХ АППЛИКЕЙШНАА ЯРИАГААРАА УДИРДАХ БОЛОМЖ
Өөр нэг жишээ нь хэрэглэгч Uber-ээр такси захиалсан бол аппликейшн рүүгээ орохгүйгээр Siri-д хандан очих газраа өөрчлүүлэх боломжтой болно. Мөн онлайн худалдааны аппликейшнээс тодорхой загварын гутал хямдарсан эсэхийг асуух, ижил төстэй бүтээгдэхүүнүүдтэй харьцуулах зэрэг хүсэлт гаргаж болно.
Энэ боломж нь Apple-ийн 2022 онд танилцуулсан App Intents технологид суурилж байгаа юм. Уг технологи нь аппликейшнүүдэд ямар үйлдэл хийх боломжтойгоо Siri-д танилцуулах нөхцөлийг бүрдүүлдэг. Тухайлбал, хэрэглэгч хоол захиалсан аппликейшнээ нээхгүйгээр Siri-ээс захиалгынхаа явцыг асууж, мэдээлэл авах боломжтой болно.

ХӨГЖҮҮЛЭГЧДЭД ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЭЖ БАЙНА
Энэхүү өөрчлөлт нь аппликейшн хөгжүүлэгчдэд шинэ боломж олгож байна. Тэд өөрсдийн бүтээсэн аппликейшний тодорхой үйлдлүүдийг Siri-ээр дамжуулан ашиглах боломжтой болгох юм. Гэхдээ үүний тулд хөгжүүлэгчид App Intents технологийг ашиглан аппликейшнээрээ ямар үйлдэл хийж болохыг тодорхойлох шаардлагатай.
Гэхдээ энэ өөрчлөлт хөгжүүлэгчдэд зарим хүндрэл учруулж болзошгүй. Хэрэглэгчид аппликейшнээ шууд нээх нь багасвал тухайн аппликейшний хандалт буурах магадлалтай. Учир нь олон хөгжүүлэгч хэрэглэгчдийн хандалт, сурталчилгаа болон төлбөртэй захиалгаар орлого олдог. Тиймээс хэрэглэгчид Siri-ээр дамжуулан үйлчилгээгээ ашигладаг болсон үед бизнесийн орлогоо хэрхэн хадгалах вэ гэдэг асуудал гарч ирж байна.
Сонирхолтой нь, Apple 2008 онд App Store-ийг нээснээр ухаалаг утасны хэрэглээнд томоохон өөрчлөлт авчирч, аппликейшнүүдийг iPhone-ийн гол давуу талуудын нэг болгосон. Харин одоо хэрэглэгчид аппликейшнээ нээхгүйгээр үйлчилгээг нь ашигладаг болох шинэ чиглэлийг хөгжүүлж байна.

Шинэ боломжийг хөгжүүлэгчид iOS 27.3 хувилбарын урьдчилсан хувилбараас ашиглах боломжтой болсон бөгөөд олон нийтэд зориулсан хувилбар ойрын хэдэн сард нэвтрэхээр төлөвлөгджээ.
Гэхдээ уг боломж нь Apple Intelligence-ийг дэмждэг төхөөрөмж болон хэлүүдэд ажиллах бөгөөд одоогоор Европын холбооны бүс нутагт нэвтрүүлэхгүй.
Хэрэв Apple энэхүү шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлж чадвал iPhone-ийн хэрэглээ мэдэгдэхүйц өөрчлөгдөж, хэрэглэгчид аппликейшн бүрийг тусад нь нээхийн оронд Siri-д хүсэлтээ хэлээд өдөр тутмын олон ажлаа гүйцэтгүүлдэг болох юм.
Эх сурвалж: inc, techcrunch



560











