Хүүхэд, залуусын эрхийг хамгаалахад тэдний үзэл бодлыг сонсох, тулгамдаж буй асуудлаа чөлөөтэй илэрхийлэх боломжийг бүрдүүлэх нь чухал юм. Гэвч хүүхэд бүр өөрт тулгарсан асуудлаа бусдад мэдэгдэн шаардлагатай тусламж, дэмжлэг авах боломж тэр бүр хангалттай байдаггүй.
Тэгвэл энэхүү асуудлыг технологийн тусламжтайгаар шийдвэрлэхийг зорьж буй санаачилгын нэг нь “Тод Од” төсөл юм. Хүүхэд, залуусын эрх, аюулгүй байдлыг хамгаалах, тэдний дуу хоолойг нийгэмд хүргэх зорилготой тус төсөл анх хакатоны үеэр төрсөн санаанаас эхэлж, өнөөдөр технологийн шинэлэг шийдэлд тулгуурлан хүүхэд, залуусын өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн цогц санаачилга болон хэрэгжиж байна.
“Тод Од” төслийн урт хугацааны алсын хараа нь хүүхэд хаана ч байсан тусламж хүсэхэд ойрхон, итгэлтэй орчинтой байх нөхцөлийг бүрдүүлэх юм. Тус төслийн танилцуулах арга хэмжээ 2026 оны аравдугаар сарын 29-нд зохион байгуулагдаж оролцогчдод төслийн зорилго, аппликэйшний үйл ажиллагаа болон цаашдын хөгжлийн чиглэлийг танилцуулжээ.
“ТОД ОД” ТӨСЛИЙН ЭХЛЭЛ
“Тод Од” төслийн эхлэл нь “Hack the Future” хакатонтой холбоотой. Тус хакатоны хүрээнд оролцогчид хүүхэд, залуусын эрх, аюулгүй байдалтай холбоотой асуудлуудыг технологийн тусламжтайгаар хэрхэн шийдвэрлэх боломжтойг эрэлхийлсэн юм. Улмаар энэ үеэр гарсан санаачилга хөгжсөөр “Тод Од” төслийн үндэс болжээ.
Уг санаачилгын гол зорьсон зүйл нь хүүхэд, залуусын бодол, мэдрэмжийг сонсох, тулгамдаж буй асуудлыг нь олон нийтэд хүргэх, өөрийгөө аюулгүй орчинд илэрхийлэх боломжийг бүрдүүлэх юм. Үүгээрээ тэдний эрхийг хамгаалахад том хувь нэмрээ оруулж байна.
ТЕХНОЛОГИОР ДАМЖУУЛАН ХҮҮХЭД, ЗАЛУУСЫН ДУУ ХООЛОЙГ ХҮРГЭХ НЬ

Төслийн хүрээнд хүүхэд, залуусын дунд дээрэлхэлт, хүүхдийн эрхийн асуудлаар судалгаа явуулж, тэдний үзэл бодол болон тулгамдаж буй асуудлыг сонсохыг зорьсон байна.
Тиймээс хүүхэд, залууст зориулсан гар утасны аппликэйшнийг хөгжүүлж, iOS болон Android үйлдлийн системд ашиглах боломжтой болгожээ. Аппликэйшн нь дараах үндсэн гурван хэсгээс бүрдэнэ.
- Мэдээлэх: Хүүхэд өөрт тулгарсан асуудал, эрхийн зөрчлийн талаар мэдээлэл хүргэх боломжтой.
- Өдрийн тэмдэглэл: Өөрийн бодол, мэдрэмж, өдөр тутмын тэмдэглэлээ бичиж, өөрийгөө илэрхийлэх орон зай.
- Мэдээлэл унших: Хүүхдийн эрх, аюулгүй байдал болон холбогдох сэдвээр хэрэгтэй мэдээлэл авах боломж.
Мөн аппликэйшний боломжийг өргөжүүлж, хүүхдүүдэд зориулсан тоглоом, сонирхолтой интерактив хэсгүүд нэмэхээр төлөвлөжээ. Учир нь хүүхэд бүр уг аппликэйшнийг заавал асуудлаа мэдээлэх зорилгоор ашиглах албагүй. Зарим үед хүүхдэд зүгээр л тоглох, анхаарлаа өөр зүйлд хандуулан тайвшрах цаг хэрэгтэй байдаг.
Аппликэйшний дэлгэрэнгүй мэдээлэл: https://tod-od.com/#download
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДЭЖ БУЙ АЖЛУУД

2026 оны аравдугаар сарын 29-нд “Тод Од” төслийн танилцуулах арга хэмжээг зохион байгуулж, оролцогчдод төслийн зорилго, аппликейшний үйл ажиллагаа болон цаашдын хөгжлийн чиглэлийг танилцуулжээ.
Үүнээс гадна олон нийтэд зориулсан найман төрлийн мэдээлэл, контент бэлтгэн хүргэж, нийт 4,005 үзэлт авчээ. Түүнчлэн төслийн таних тэмдэг бүхий 600 ширхэг наалтыг бэлтгэн 76, 80 дугаар сургуулийн сурагчдад түгээсэн байна.
Эдгээр үйл ажиллагаа нь хүүхдийн эрхийн асуудлыг хөндөж ярилцахаас гадна шийдэх боломжит бодит шийдэл, хүртээмжтэй боломж болгон хөгжүүлэхэд чиглэсэн ажлууд юм.
ТӨСЛИЙН МЕНЕЖЕР Б. АРИУНЗАЯА: ХҮҮХЭД БҮР ӨӨРИЙГ НЬ СОНСОХ ХҮН, ОРЧИН БАЙГАА ГЭДГИЙГ МЭДРЭЭСЭЙ ГЭЖ ХҮСДЭГ.
Төслийн менежер Б. Ариунзаяа “Тод Од” төслийн зорилго, хэрэгжилтийн явц болон цаашдын алсын харааныхаа талаар ийнхүү сэтгэгдлээ хуваалцлаа.
“Бидний хувьд хамгийн чухал зүйл бол хүүхэд бүрийн дуу хоолойг сонсож, өөрийгөө илэрхийлэх боломжийг нь бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах. Хүүхэд ямар нэгэн асуудалтай тулгарсан үедээ ганцаараа биш гэдгээ мэдэрч, хаана, хэнд хандахаа мэддэг байгаасай гэж хүссэн.
Нөгөө талаас хүүхэд бүр зөвхөн асуудал тулгарсан үедээ манай аппликэйшнийг ашиглах албагүй. Өөрийнхөө бодол мэдрэмжийг илэрхийлж, хэрэгтэй мэдээллээ авч, тоглож, түр амсхийх боломжтой орчин байгаасай гэж зорьж байгаа.
Энэ төслийг хэрэгжүүлэх явцад бид маш их зүйл сурсан. Ялангуяа нэг санааг бодит ажил болгоход багийн хамтын ажиллагаа, бусдын дэмжлэг ямар чухал болохыг ойлгосон. Цаашид ч бид өөрсдийн мэдлэг, ур чадвар, боломждоо тулгуурлан хувь нэмрээ оруулж, “Тод Од” төслөө улам олон хүүхдэд хүргэхийн төлөө ажиллах болно.
Хүүхдийн эрхийг хамгаалах, тэдний дуу хоолойг сонсох нь дан ганц нэг байгууллага, нэг багийн үүрэг биш. Харин гэр бүл, сургууль, олон нийт, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын оролцоог шаарддаг асуудал юм.

“Тод Од” төсөл нь технологийг ашиглан хүүхэд, залууст өөрийгөө илэрхийлэх, мэдээлэл авах, тусламж хүсэх боломжийг нэмэгдүүлэхийг зорьсон санаачилга байлаа. Харин цаашдын зорилго нь энэхүү боломжийг илүү олон хүүхдэд хүргэж, хүүхэд бүр хаана ч байсан өөрийг нь сонсох, ойлгох, дэмжих хүн, орчин байгаа гэдэгт итгэлтэй байхад туслах юм.
Учир нь хүүхэд бүрийн дуу хоолой үнэ цэнтэй. Тэр дуу хоолойг сонсох боломжийг бүрдүүлэх нь бидний хамтын хариуцлага юм.”
ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА БА ТӨСЛИЙН ТОГТВОРТОЙ БАЙДАЛ
“Тод Од” төсөл нь Европын Холбооны “Voices for Change” хөтөлбөрийн хүрээнд DW Akademie болон Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хамтын ажиллагаа, дэмжлэгтэйгээр хэрэгжсэн юм.
Төслийн явцад залуус өөрсдийн санаачилга, мэдлэг, ур чадвараа нэгтгэн технологийг нийгмийн сайн сайхны төлөө ашиглах боломжтойг харуулахыг зорьжээ. Төслийн үр дүнд бий болсон аппликэйшн болон олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа нь цаашид хөгжих боломжтой суурь болж байна.
Харин одоо төслийн багийн өмнө бий болсон ажлаа хэрхэн тогтвортой үргэлжлүүлж, илүү олон хүүхдэд хүргэх вэ гэсэн дараагийн зорилт бий. Энэ хүрээнд 108 байгууллагатай хамтран ажиллахаар тохиролцсон бөгөөд төслийг цаашид хариуцан авч, үйл ажиллагааг нь тогтвортой үргэлжлүүлэх боломжтой төрийн байгууллагад хүлээлгэн өгөх ажлыг “Тод Од” ТББ-аас зохион байгуулж байна.

Гэхдээ төслийг хүлээлгэн өгснөөр санаачлагч багийн оролцоо дуусахгүй. Багийн гишүүд цаашид ч өөрсдийн мэдлэг, ур чадвар, боломждоо тулгуурлан сайн дурын үндсэн дээр хувь нэмрээ оруулах юм. Мөн “Тод Од” төслийн үйл ажиллагаанд нэгдэн хүүхэд, залуусын төлөө өөрийн хувь нэмрээ оруулах хүсэлтэй хүн бүрд хамтран ажиллах боломж нээлттэй байна.
ХҮҮХЭД БҮРД ТУСЛАМЖ ХҮСЭХ ИТГЭЛТЭЙ ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭХ НЬ

“Тод Од” төслийн урт хугацааны алсын хараа нь хүүхэд хаана ч байсан тусламж хүсэхэд ойрхон, итгэлтэй орчинтой байх нөхцөлийг бүрдүүлэх юм.
Үүний хүрээнд олон салбар, үйлчилгээний цэгтэй байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хүүхэд өөрт нь ямар нэгэн асуудал тулгарсан үед ойр байрлах салбарт нь очиж тусламж хүсэх боломжийг бий болгохоор зорьж байна.
Тухайн байгууллагын салбарт ”Тод Од”-ын таних тэмдэг байрласнаар хүүхэд тэр газрыг өөрт нь тусалж, дэмжлэг үзүүлэх боломжтой цэг гэдгийг таних юм. Өөрөөр хэлбэл, хүүхэд тусламж хэрэгтэй үедээ хаашаа очихоо мэддэг, очсон газартаа сонсогдож, шаардлагатай дэмжлэг авах боломжтой байх нь төслийн цаашдын чухал зорилгуудын нэг юм.




261











