Хятадын бизнесийн Caixin суваг болон бусад хэвлэлүүдийн 21-ний өдөр мэдээлснээр, Шэньжэний хөрөнгийн биржид бүртгэлтэй Zhongwen Online компани өнгөрөгч 6 дугаар сард хөрөнгө оруулагчдад зориулсан танилцуулгадаа Хятадын AI токен хэрэглээний нарийвчилсан задаргааг дэлгэсэн байна. Үүгээр богино хэмжээний цуврал болон видео 55 хувийг эзэлж хамгийн өндөр дүнтэй гарсан бол цахим худалдаа, сурталчилгаа зэрэг маркетинг 24 хувь, программ хангамжийн хөгжүүлэлт 15 хувийг тус тус эзэлжээ.
Хятадын Мэдээлэл, холбооны технологийн академи өнгөрсөн сард гаргасан токен эдийн засгийн судалгааны тайландаа мөн эдгээр тоо баримтыг дурдсан байна. Токен гэдэг нь хиймэл оюун ухааны загварууд мэдээллийг боловсруулах үндсэн нэгж бөгөөд AI үйлчилгээний ашиглалт, өртгийг хэмжих гол хэмжүүр болдог. Видео бичлэг үүсгэх нь бичвэр болон зураг боловсруулахаас хамаагүй илүү токен зарцуулдаг байна.

TokenHub платформын мэдээлснээр, Kuaishou компанийн "Kling Video V3" загвараар 1080p чанартай, 5 секундын дуугүй видео хийхэд секундэд ойролцоогоор 80,000 токен устдаг аж. Тэгвэл уг төрлийн өөр загвараар ганцхан хөдөлгөөнгүй зураг гаргахад 20,000 орчим токен шаардагддаг.
Хүссэн дүр зураг, кадраа гаргаж авахын тулд бичлэгийг дахин дахин үүсгэх шаардлага гардаг тул богино цуврал бүтээх явцад токен асар ихээр шатдаг гэдэгтэй хэн ч маргахгүй байна. Энэхүү маргаан нь "Хятадын тооцоолон бодох хүчин чадлын тал хувь нь богино цуврал кинонд зарцуулагдаж байна" гэсэн яриа болон тархсанаар улам ширүүссэн юм.
Үүн дээр "АНУ өөрийн токен хэрэглээний 58 хувийг код бичих болон ажлын автоматжуулалтад зориулдаг" гэсэн харьцуулалт нэмэгдэхэд Хятадын цахим хэрэглэгчид "Ай даа, AI-ийн эрин үед бид хятадууд дахиад л дарийг пуужин биш салют болгож хувиргалаа" хэмээн өөрсдийгөө егөөдөж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, АНУ хиймэл оюунаар бүтээмжээ дээшлүүлж байхад Хятад улс зөвхөн зугаа цэнгэл хийж байна гэж халагласан хэрэг юм.

Үүний хариуд ByteDance компанийн AI үйлчилгээ болох Doubao няцаалт хийж, "ByteDance-ийн нийт тооцоолон бодох хүчин чадлын ердөө 10 орчим хувь нь л видео үүсгэгч загваруудыг сургах, ажиллуулахад ашиглагддаг" хэмээн мэдэгджээ. Эдгээр хоёр үзүүлэлт хоорондоо зөрж байгаа нь тэд өөр өөр зүйлийг хэмжсэнтэй холбоотой.
Zhongwen Online нь AI загваруудын боловсруулсан токений тоог ашигласан бол, ByteDance нийт тооцоолон бодох хүчин чадлын хуваарилалтыг суурь болгосон байна.

AI загварыг анхлан сургахад асар их тооцоолон бодох хүчин чадал шаардагддаг ч хэрэглэгчдэд шууд очих токен бараг үүсдэггүй. Гол санаа нь, их хэмжээний токен зарцууллаа гээд тэр хэрээр тооцоолон бодох системийн хүчин чадлыг тэгж их сорж байна гэсэн үг биш юм. Мөн энэхүү 55 хувь гэсэн үзүүлэлт нь Хятадыг бүхэлд нь төлөөлж чадах уу гэдэг нь эргэлзээтэй. Өдгөө Zhongwen Online компани өөрсдөө AI ашигласан болон богино цуврал киноны бизнесийг өргөжүүлж байгаа бөгөөд токен хэрэглээг зориулалтаар нь хөндлөнгийн хараат бус байдлаар бодитой тоолсон баримт ховор байна. Тус компани энэ үзүүлэлтийг "Энэ оны нэгдүгээр улиралд өөрсдийн AI контент бүтээх явцад гарсан токен хэрэглээг гадны судалгааны тайлангуудтай нэгтгэн тооцсон" гэж тайлбарлав.

Тооны маргааныг хойш тавиад үзвэл, Хятадад AI ашиглан богино хэмжээний цуврал бүтээх салбар маш хурдтай өсөж байна. Хятадын Цахим нэвтрүүлгийн үйлчилгээний холбооны мэдээлснээр, энэ оны нэгдүгээр улиралд гарсан 128,000 орчим богино цувралын 122,000 гаруйг нь буюу 95-аас илүү хувийг нь AI ашиглан хийжээ. Хоёрдугаар улиралд дахин 153,000 AI цуврал нэмэгдсэнээр оны эхний хагаст нийт 275,000 буюу өдөрт дунджаар 1,519 цуврал хийгдсэн гэсэн үг юм.
Хятадын хэвлэлүүдийн мэдээлснээр, энэ оны 1-8 дугаар сарын хооронд шинээр 430,000 богино цуврал гарсан нь өнгөрсөн жилийн нийт үзүүлэлтээс даруй 13 дахин их байна. Шинжээчдийн үзэж байгаагаар ByteDance-ийн өнгөрсөн 2 дугаар сард танилцуулсан "Seedance 2.0" видео үүсгэгч загвар энэ чиг хандлагыг улам хурдасгажээ.

Зах зээлийн цар хүрээ ч мөн тэлсээр байна. Хятадын Үндэсний радио, телевизийн хэрэг эрхлэх газрын хөгжлийн судалгааны төвөөс 4 дүгээр сард гаргасан тайланд дурдсанаар, өнгөрсөн жил дэлхийн богино хэмжээний цуврал киноны зах зээл 18 тэрбум ам.долларт хүрснээс Хятад улс дангаараа 14 тэрбум гаруй ам.доллар буюу 77.78 хувийг нь бүрдүүлсэн байна.
Эх сурвалж: Seoul Economic Daily



354











