Дэлхий даяар жил бүрийн 10-р сарын 31-ны өдөр тэмдэглэгддэг Халловины баяр хаяанд иржээ. Халловины баяраар бид аймшгийн кино үзэх, ямар нэг киноны дүр, эсвэл хэн нэгний дүрд хувирах, чихэр цуглуулах, хулуунд нүүр сийлэх гэх мэт маш олон зүйлсийг хийдэг.
Гэхдээ бид яагаад Халловины үеэр хулуунд нүүр сийлдэг юм бол гэж та өмнө нь бодож байсан уу? Энэхүү асуултын хариуг өгхөөр бид энэхүү нийтлэлээ бэлтгэлээ.
Хулуу аймшгийн баяртай хэрхэн холбогддог вэ?

Halloween гэдэг үг нь "All Hallows’ Eve" гэсэн хэллэгээс гаралтай. Энэ нь Христийн шашны "All Hallows’ Day" буюу Бүх гэгээнтнүүдийн өдрийн өмнөх өдрийг тэмдэглэж буй хэрэг юм. Гэвч энэ баярын үүсэл гарал бүр эртнээс эхтэй.
Халловины үндэс суурь нь эртний Европын Кельтүүдийн тэмдэглэдэг байсан "Самайн" хэмээх бөөгийн шашны баяраас үүдэлтэй. Тэдний уламжлалд 1-р сарын 1-нээс шинэ жил эхэлдэг байсан тул Самайн нь тэдний хувьд Шинэ жилийн битүүний өдөр байв. Энэ нь ургац хураалтын дулаан сарууд дуусаж, хүйтэн цаг агаар ирж буйг илтгэдэг байжээ. Мөн энэ үеэр бидний ертөнц болон сүнсний ертөнцийн зааг хамгийн нимгэн болж, сүнснүүд амьд хүмүүсийн дундуур алхдаг гэж итгэдэг байв.

Кельтүүд тэдгээр сүнсийг үргээж, айлгахын тулд аварга том түүдэг гал асааж, сүнснүүдэд танигдахгүйн тулд зүсээ хувирган баг өмсдөг байжээ. Өнөөдөр "Жек-о-лантерн" (Jack-o'-lantern) буюу гэрэлтдэг хулуу сийлэхээс эхлээд гэрийн нөхцөлд хулууны шөл, бялуу хийх хүртэл хулуу нь Халловины баярын салшгүй нэгэн бэлгэдэл болсон билээ.
Яагаад бид Халловины баяраар хулуу сийлдэг вэ?

Халловины баяраар хулуу буюу "Жек-о-лантерн" сийлэх нь Их Британи болон бусад улс орны олон гэр бүлийн хувьд эртний уламжлал болсоор ирсэн. Хэрэв та мэдэхгүй бол "Жек-о-лантерн" гэдэг нь доторхийг нь ухаж аваад, нүүр хэлбэртэй сийлж, дотор нь лаа эсвэл гэрэл байрлуулсан хулууг хэлдэг. Энэхүү уламжлалт чимэглэлийг сүүлийн жилүүдэд хүмүүс илүү нарийн, чамин хийцтэйгээр урлах болсон бөгөөд хулуун дээр төрөл бүрийн бичиг эсвэл алдартай одуудын хөргийг хүртэл сийлэх болжээ.
Энэ уламжлал хаанаас үүсэлтэй вэ?

"Жек-о-лантерн"-ы үүсэл гарлыг тайлбарласан хэд хэдэн алдартай түүх байдгаас хамгийн түгээмэл нь 17 дугаар зууны Ирландын ардын аман зохиолоос гаралтай "Харамч Жек"-ийн түүх юм. Түүнд өгүүлснээр, Харамч Жек чөтгөрийг хуурсныхаа төлөө замаа гэрэлтүүлэх ганцхан ширхэг улаан цогтойгоор түнэр харанхуй дэлхийгээр үүрд тэнүүчлэх шийтгэл хүлээжээ.
Жек замаа чиглүүлэхийн тулд нөгөө цогоо ухаж бэлдсэн манжин дотор хийсэн гэдэг. Үүнээс үүдэн хүмүүс түүний тэнүүчлэгч сүнсийг үргээж, айлгахын тулд манжин болон бусад хүнсний ногоон дээр аймшигтай нүүр царай сийлдэг зан үйлийг эхлүүлсэн байна. Гэвч хэдэн үеийн дараа Ирланд цагаачид АНУ руу нүүхдээ тэндхийн нутгийн ургац болох хулууг орлуулан сийлж эхэлжээ.

Өнөөдөр ч энэ уламжлал үргэлжилсээр байгаа бөгөөд зарим хүмүүс хулуугаа сийлэхийн оронд будах эсвэл чамин шигтгээгээр чимэглэх зэргээр өөр аргаар гоёдог болсон байна. Дашрамд дурдахад, Их Британийн Хурууны мэс заслын нийгэмлэгээс 14-өөс доош насны хүүхдүүдээр хулуу сийлүүлэхгүй байхыг зөвлөдөг байна.
Хулуу хэр хурдан мууддаг вэ?

Бүтэн хулууг сэрүүн, агааржуулалт сайтай, хуурай газар хадгалвал 12 долоо хоног хүртэл тэсдэг гэж ихэнх эх сурвалжууд үздэг ч энэ нь тухайн хулууны чанар, арчилгаанаас хамаардна.
Харин сийлбэр хийсэн хулууны насжилт харьцангуй богино байдаг. Ихэнх хулуу сийлэгдсэнээсээ хойш ердөө хэдхэн хоногийн дараа зөөлөрч, муудаж эхэлдэг аж. 2026 оны 9 дүгээр сард BBC агентлагийн мэдээлснээр, Их Британид түүхэнд байгаагүй хамгийн халуун зун болж, ган гачиг нүүрлэсний улмаас хулуунууд ердийнхөөс жижиг ургаж, эрт боловсорчээ. Мөн энэ жил олон тариаланчид хулуу тарихад маш их хүндрэл бэрхшээлтэй тулгарсан гэдгээ хуваалцсан байна.
Хэрэв та Халловины баярын дараа хулуугаа яах вэ гэж гайхаж байвал санаа зоволтгүй, дараах аргуудаас туршиж үзээрэй. Хэрэв таны хулуу муудаагүй, дээр нь химийн бодис цацаагүй, эсвэл амьтан мэрээгүй бол доторх голыг нь аваад зууханд шарж идэх, эсвэл хулууны бялуу, хулууны шөл хийж болно.

АНУ болон Канадад хулууны бялууг Талархлын баяртай салшгүй холбож үздэг. Үүнээс гадна Халловины дараа үлдсэн хулуугаа цэцэрлэг болон байгаль орчинд ээлтэй хэд хэдэн аргаар дахин боловсруулж ашиглах боломжтой юм.
Эх сурвалж: BBC



165











