Хейдес болон Персефоне хоёрын хайрын түүх дотроо хайр, хагацал, эрх мэдэл болон үхэл амьдралын үүрдийн мөчлөгийг агуулдаг тул хамгийн алдартай Грекийн домгуудын нэг болж чадсан. Бэлгэдэл, утга учраар баялаг энэхүү домог нь улирал яагаад солигддог тухай тайлбарлаад зогсохгүй, хүний уй гашуу, өөрчлөлт гэх зэргийг харуулдаг.
Домгийн гол үйл явдал нь Деметерийн хайрт охин Персефоне хэрхэн Хейдест хулгайлагдан газар доорх ертөнцийн хатан хаан болсон тухай өгүүлдэг. Сэтгэл хөдлөлөөр дүүрэн энэ домог нь байгалийн мөчлөгтэй холбогддог учраас олон зуун жилийн турш хүн төрөлхтний анхаарлыг татсаар иржээ.
Бид түүхтэй танилцахаас өмнө заавал мэдэх ёстой хэд хэдэн дүрүүдтэй танилцацгаая.
Хейдес

Хейдес нь Грекийн домгийн хамгийн хүчирхэг ах дүү гурван бурхны нэг бөгөөд аянгын бурхан Зевс, далай тэнгисийн бурхан Посейдон нарын дүү юм. Тэрбээр газар доорх ертөнцийг захирдаг, үхэгсдийн бурхан билээ. Бусад Олимпын уулын бурхдаас ялгаатай нь Хейдес, газар дээрх ертөнцөд тийм ч их гарч ирээд байдаггүй.
Персефоне

Персефоне нь байгаль, газар тариалан, ургацын бурхан Деметригийн хайрт охин юм. Тэрбээр цэцэг, хавар болон гэнэн хонгор байдалтай ихээхэн холбогдож яригддаг. Хейдесийн сэтгэлийг булаахаасаа өмнө Персефоне ээжийнхээ хамгаалалт дор дэлхий дээр амар тайван амьдарч байжээ.
Деметер

Деметер нь дэлхий дээрх үр жимс, ургамал ногоог ургуулж хүн төрөлхтөн, амьд амьтдыг өлсгөхгүй байх үүрэгтэй. Тэрээр өөрийн охин Персефонедоо маш их хайртай бөгөөд бүхий л зүйлээс хамгаалахыг эрмэлздэг байв.
Зевс

Зевс нь бидний мэдэхээр аянгын бурхан мөн бурхдын хаан гэж явдаг. Тэр энэхүү түүхийг бүтээлцэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Зарим хувилбар дээр түүнийг Персефонийн эцэг байсан гэж ч гардаг. Ямартай ч түүнийг Персефонег хулгайлах дүүгийнхээ төлөвлөгөөнд тусалсан хэмээн үздэг байна.
Хейдес болон Персефонийн домог

Сарнай, крокус, нил цэцэг, сараана, гиацинт зэрэг төрөл бүрийн өнгөлөг цэцгүүдээр бүрхэгдсэн үзэсгэлэнт нугат Деметерийн охин Персефоне баясгалантайгаар тоглож байв. Цэцэгс дундаас ганцаараа тодрон залуу бурхны анхаарлыг татсан нэгэн цэцэг байсан нь нарцисс цэцэг. Уг цэцэг зүгээр ч нэг тохиолдлоор тэнд байгаагүй бөгөөд Персефонийн анхаарлыг татах зорилготойгоор бүтээгдсэн өвөрмөц цэцэг байсан юм. Персефоне залуу мөн сониуч бурхан тул цэцгийг аван үнэрлэх гэхэд гэнэт л газар дэлхий цөмөрч, доод ертөнцийн бурхан Хейдес алтан хүлэгтэйгээ гарч ирэн түүнийг хулгайлаад аваад явчихжээ.
Персефонийн айн уйлах дууг сонссон Деметерийн зүрх урагдах шиг болсон бөгөөд уй гунигт автахдаа тэр зүүсэн байсан бүхий л үнэт эрдэнэсүүдээ тайлж хаян хар дээл нөмрөөд зөвхөн өөрийнхөө эрдэнэ мэт охиныг олох гэж дэлхийгээр нэг хэрэн хэсүүчлэв.
Түүнд бурхан эсвэл эгэл төрөлхтний хэн нь ч үнэнийг хэлж зүрхэлсэнгүй. Хөөрхий охиноо алдсан эх есөн өдрийн турш гартаа бамбар асаан Персефонийг хайсаар л…
Гүн гунигт автсан Деметер идэж уухаа алгасан өөрийгөө бүр мөсөн гээжээ.
Эрлийнхээ гурав дахь өдөр тэр яг л өөртэй нь адил галт бамбар барин явж буй Хекатетэй тааралдав. Хекате түүнд “Дэлхийг цэцэглүүлэн жимслүүлж, үр тариаг хайралдаг эрхэм хатагтай Деметер минь, хэн Персефонийг хулгайлж зүрх сэтгэлийг тана ингэж хэрцгийгээр шархлуулдаг байна? Танд сонирхуулан дуулгаваас би охины тана хашхирах хоолойг сонссон шүү. Гэхдээ хэн түүнийг авч явсаныг харж чадаагүй. Харин таны цаашдын эрэлд туслахад бэлэн байна.” хэмээжээ.
Деметер, Хекате хоёр цааш үг дугаралгүй хамтдаа хүн төрөлхтөн болон бурхдын бүхий л хийсэн үйлдлүүдийг мэдэж байдаг нартай уулзахаар явав. Деметер Гиперионы хүү болох Нарнаас охиныхоо тухай асуухад Нар “Реягийн охин Деметер, би чамд үнэнийг хэлье. Учир нь би чамайг хүндэлдэг бас үзэсгэлэнтэй охиноо алдсан сэтгэлийг чинь ойлгож байгаа тул. Энэ бүхэнд Зевс буруутай. Тэр Персефонийг Хейдест өгчихсөн. Хейдес чиний уй гунигийг үл тоон охиныг чинь газар доорх ертөнц рүүгээ аваад явсаныг би харсан. Гэхдээ эрхэм бурхан минь уй гашуудлаа дараарай. Чиний энэ их уур хилэн сайныг дагуулахгүй шүү. Одоо чиний хүргэн болсон Хейдес бол дэлхийн гуравны нэгийг захирдаг гэдгийг санаарай” гэжээ.
Сануулга: Зевс, Хейдес, Деметер гурав бол эгч дүүс. Персефоне нь Зевс, Деметер нарын охин.
Нар жаргасны дараа хөөрхий бурхан бүр л их гунигийг мэдрэв. Зевсийн урвалтад бухимдсан Деметер Олимпиус уулыг орхин хүний ертөнцөд гунигтаа идэгдэн танигдахын аргагүй болж хувирсан байна.
Деметер зовлонд унасан тул дэлхий дээр үр жимс ургалгүй удаж дэлхийн хүмүүс өлсгөлөнд орж эхлэв. Үүнд нь санаа зовсон Зевс Хейдестэй уулзан түүнийг Персефоныг ээжид нь эргүүлж өгөхийг хүсэхэд Хейдес хүлээн зөвшөөрсөн ч Персефонед анар жимсийг идүүлчихжээ. Грекийн домгоор бол газар доорх ертөнцийн хүнсийг идсэн хүн эсвэл бурхан үүрд тэр ертөнцтэй холбоотой үлддэг аж.

Ингэж л Персефоне дэлхий дээр айлчлах бүрд цэцэг жимс ургаж, байгаль дэлхий гоо үзэсгэлэнгээ гайхуулдаг хаврын улирал айлчилж түүнийг явах үед өвөл болдог болжээ.
Эх сурвалж: Greek Myths



178











