Энэтхэгийн цагдаа нар эрчтэйгээр хүчээ авч буй залуусын улс төрийн хөдөлгөөнийг санаачлагч болон өөр олон зуун хүнийг Нью Дели хотод болох гэж байсан томоохон эсэргүүцлийн жагсаалыг нухчин дарах ажиллагааны үеэр саатуулжээ.
Албан бус мэдээллээр нийт 2,000 гаруй хүн баривчлагдсан гэх. Юутай ч “Жоом” хөдөлгөөнийг эхлүүлсэн Абхижит Дипкег “Жоом жанта” намын (CJP) бусад удирдагч нарын хамт Нью-Дели хотод онгоц нь газардах үед саатуулжээ. Дүрс бичлэгт Дипке “Биднийг баривчилбал баривчилж л бай! Эх Энэтхэг улсын ялалтын төлөө! Хувьсгал мандтугай!” хэмээж буй нь бичигдэж үлдсэн байна.

Дипкегийн нам эсэргүүцлийн жагсаалаа үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн боловч гудамжинд олон мянган хамгаалалтын ажилтнууд гарч, Дели хотын төв хэсгийг бүрэн хааж тусгаарласнаас үүдэн цугласан хүмүүсийн тоо цөөн байлаа.
CJP хөдөлгөөн нь интернэтэд үүссэн ёжлол маягийн зүйл олны анхааралд орсноор өнгөрөгч таван сард эхэлсэн. 7-р сард энэхүү хөдөлгөөний улмаас Боловсролын сайд огцорсон нь сүүлийн жилүүдэд гарсан хамгийн том засгийн газрын буулт болсон юм.
Энэ удаагийн тэдний гол бай нь Энэтхэгийн ардчиллын түлхүүрийг атгаж байдаг дэлхийн хамгийн том Сонгуулийн ерөнхий комиссын 62 настай дарга бөгөөд Жоом намаас түүнийг сая сая элэг нэгт иргэдийнхээ сонгох эрхийг зориуд хассан хэрэгт буруутай хэмээн үзэж байна.

Хэдийгээр нийслэл хот эсэргүүцэгчдийг нэвтрүүлэхгүйн тулд яг л цайз хэрэм шиг хамгаалагдсан байсан ч, жагсаалыг дэмжигчид өнгөрсөн бямба гарагт Нью-Дели хотод цугларчээ. Мөн гар утасны сүлжээг хаасан байв. Жагсаал болж буй газарт байсан олон хүнийг цагдаа нар саатуулж байгааг CNN агентлагийнхан гэрчилжээ.
Цагдаагийнхан бямба гаргийн жагсаалын үеэр хамгаалалтын өндөр байдлыг хадгалж, үүссэн эмх замбараагүй байдлыг нухчин дарах алхмыг маш шуурхай хэрэгжүүлэв. Үдээш хойш гэхэд тухайн газарт хэдхэн л жагсагч үлдсэн байсны дээр уриа үгээ чангаар уриалан хэлж байгаа хүмүүсийг цагдаа нар шууд баривчилж байсан байна.
Тус намаас удирдагчдыг нь баривчилсан явдлыг буруушааж, энэхүү явдлыг “тайван жагсаалын удирдагчдыг жагсаал болох газарт нь ирээ ч үгүй байхад нь жагсаалыг толгойлогчгүй болгох гэсэн оролдлого” хэмээн нэрлэжээ.

Намын өөр нэгэн мэдэгдэлд, youtube сувагтаа дангаараа 33 сая дагагчтай, олон нийтийн дунд маш алдартай инфлүнсер, тэмцэгч Дхрув Ратиг жагсаал болж буй газарт цагдаа нар барьж саатуулсан гэж дурдсан байна.
Харин үүний хариуд Энэтхэгийн эрх баригч Бхаратияа Жаната намын дарга Нитин Набин Жоом намынхныг хүчтэйхэн шүүмжлээд авчээ. Тэрээр хэлэхдээ “Та нар Энэтхэгийг биеэ даасан, хүчирхэг үндэстэн болон урагшлан тэмүүлж байгааг тэвчиж чадахгүй болохоор гадныхны тушаалаар улсыг маань тогтворгүй байдалд оруулахыг хичээж байна” гэсэн байна.
Жоом нам нь Энэтхэгийн Дээд шүүхийн ерөнхий шүүгчийн амнаас санамсаргүй гарсан үгнээс улбаалан ийнхүү өөрсдийгөө нэрлэсэн байдаг. Ерөнхий шүүгч өнгөрсөн таван сард улс орныхоо ажилгүй байгаа залуучуудыг жоом, шимэгч амьтантай зүйрлэж хэлсэн байна.
Тэрээр хожим нь өөрийнх нь хэлсэн үгийг мушгин гуйвуулсан хэмээн мэдэгдсэн ч Бостоны их сургуулийн төгсөгч, Жоом намын үүсгэн байгуулагч Дипке энэхүү нэршлийг өлгөн авч, тус шавьжны шаргуу зан болон үхэж үрэгддэггүй чанарыг нь сайшаан магтжээ.
Үүний дараа тус хөдөлгөөн шалгалтын материал задарсан дуулианаас үүдэж Боловсролын сайдыг албан тушаалаас нь огцрохыг шаардсан улс даяарх эсэргүүцлийн жагсаалд нэгдсэн бөгөөд ингэхдээ залууст олдох боломж хомс байгаад бухимдсан олон нийтийн асар их дургүйцлийг удирдан чиглүүлж, Энэтхэгийн интернэт ертөнцийг байлдан дагуулсан юм.

Жагсаал болж буй газарт Ерөнхий сайд Нарендра Модиг шоглосон дуу хөгжим, бүжиг зэрэг бүх зүйл интернэтээр бичлэг хэлбэрээр цацагдсан байна. Ийм утгатай видео маш олноороо интернэт орчныг дүүргэх болсонд олон хүн нөхцөл байдлаас хоцрохгүйн тулд жагсаалд нэгджээ.
Мөн жагсагчдад их хэмжээний үнэгүй хоол байв. бүр маш их хэмжээний хоол байсан тул жагсаалыг зохион байгуулагчид ард иргэдээс хоол явуулахаа больхыг гуйсан байна. Үр дүнд нь Боловсорлын сайд Дхармендра Прадхан суудлаасаа буужээ.
Эх сурвалж: CNN



1973











