Аравдугаар сарын 31-нд тэмдэглэдэг Halloween баярыг бид аймшигтай хувцас, гэрэлтсэн хулуу, чихэр цуглуулах уламжлалаар нь сайн мэднэ. Гэвч энэ баярын цаана хүмүүс ирээдүйн ханиа зөгнөх, муу ёрын сүнснээс хамгаалах, бүр нас барагсдын сүнс энэ ертөнцөд эргэн ирдэг гэж итгэхтэй холбоотой хачирхалтай уламжлалууд бий.
Halloween-ий үүсэл нь Ирланд, Шотланд зэрэг бүс нутагт эртнээс тэмдэглэж ирсэн Кельтүүдийн Самхэйн (Samhain) баяртай холбоотой. Өвөл эхлэх үеийг тэмдэглэдэг энэ баярын үеэр амьд хүмүүс болон ер бусын ертөнцийн хоорондох зааг бүдгэрдэг гэж үздэг байжээ. Улмаар олон зуун жилийн турш ардын домог, шашны зан үйл, орон нутгийн уламжлал холилдсоноор өнөөгийн Halloween-ий соёл бүрэлдсэн юм.
Ингээд Halloween-ий үеэр хүмүүсийн хийдэг байсан хамгийн хачирхалтай таван уламжлалтай танилцацгаая.
1. Харанхуй өрөөнд толинд харж ирээдүйн ханиа зөгнөдөг байжээ

Halloween-ий шөнө зөвхөн сүнс, шуламтай холбоотой домог яригддаггүй байв. Ирланд, Шотландын зарим уламжлалд залуу бүсгүйчүүд ирээдүйн ханиа мэдэхийн тулд янз бүрийн мэргэ төлөг хийдэг байжээ.
Тэдгээрийн нэг нь харанхуй өрөөнд лаа асааж, толинд ширтэх зан үйл байв. Итгэл үнэмшлээр бол толинд ирээдүйн нөхрийнх нь царай харагдах ёстой аж. Мөн зарим бүсгүй алимны хальсыг аль болох урт, тасралтгүй хуулж аваад мөрөн дээгүүрээ шиддэг байсан бөгөөд хальсны үүсгэсэн хэлбэр ирээдүйн ханийнх нь нэрийн эхний үсгийг илтгэнэ гэж үздэг байжээ.
Өнөөдөр Halloween-ий аймшгийн кинонуудад толины өмнө сүнс дуудах тухай дүрслэл түгээмэл байдаг нь ийм төрлийн хуучин домог, мухар сүсгийг санагдуулдаг. Гэхдээ толинд ирээдүйн ханиа харах нь бодитой зүйл гэдгийг батлах шинжлэх ухааны үндэслэл байхгүй юм.
2. Хулуу биш, манжин дотор лаа хийж сүнсийг үргээдэг байжээ

Өнөөдөр Halloween-ийг гэрэлтсэн улбар шар хулуугүйгээр төсөөлөхөд бэрх. Гэвч уг уламжлал анх хулуугаар эхлээгүй юм.
Ирландын уламжлалд хүмүүс манжин дотор хонхор гаргаж, аймшигтай царай сийлэн, дотор нь лаа байрлуулж байжээ. Үүнийг гэрийнхээ ойролцоо байрлуулах эсвэл харанхуйд авч явахдаа ашигладаг байсан бөгөөд аймшигтай дүр төрх нь муу ёрын сүнснээс хамгаалахтай холбоотой итгэл үнэмшилд үндэслэж байв.
Ирландын Үндэсний музейн мэдээлснээр өнөөдөр бидний мэдэх хулуу сийлдэг уламжлал нь Америкт хөгжсөн хувилбар юм. Ирландын цагаачид уламжлалаа Америкт авчрахад хулуу элбэг, сийлэхэд хялбар байсан тул манжингийн оронд түгээмэл хэрэглэгдэх болжээ.
Тиймээс Halloween-ий алдартай Jack-o'-lantern буюу гэрэлтсэн хулууны цаана манжинтай холбоотой илүү эртний түүх бий.
3. Ирээдүйн ханиа мэдэхийн тулд алимтай усанд нүүрээ дүрдэг байв

Halloween-ий үдэш ус дүүргэсэн саванд алим хийж, гараа ашиглалгүйгээр зөвхөн амаараа нэгийг нь авч тоглодог уламжлал өнөөдөр ч танил сонсогдоно. Англи хэлээр үүнийг apple bobbing гэж нэрлэдэг.
Гэхдээ энэ нь зөвхөн хөгжилтэй тоглоом байгаагүй аж. Их Британи, Ирландын зарим уламжлалд алимтай холбоотой тоглоомуудыг ирээдүйн хайр дурлал, гэрлэлттэй холбон тайлбарладаг байжээ. Жишээлбэл, уснаас алимыг хамгийн түрүүнд авч чадсан хүн дараагийн удаа гэрлэнэ гэж зөгнөх хувилбар байв. Зарим хувилбарт алим дээр нэр бичиж, аль хүний нэртэй алимыг сонгосноор ирээдүйн ханиа тодорхойлно гэж үздэг байжээ.
Өөрөөр хэлбэл, өнөөдөр Halloween-ий үдэшлэгийн зугаа төдий болсон тоглоом нэгэн цагт ирээдүйгээ мэдэх гэсэн хүмүүсийн итгэл үнэмшилтэй холбоотой байжээ.
4. Хүмүүс сүнсэнд баригдахаас айж, шөнөөр ганцаараа явахаас зайлсхийдэг байв
Эртний Самхэйн баярын үеэр нас барагсдын сүнс эргэн ирж, ер бусын хүчнүүд идэвхждэг гэж итгэдэг байжээ. Ирландын уламжлалд Halloween-ий шөнийг заримдаа сүнс, ер бусын амьтадтай холбон тайлбарлаж, хүмүүсийг болгоомжтой байхыг сануулдаг байв.
Ирландын Үндэсний музейн тайлбарласнаар тухайн үеийн зарим хүмүүс муу ёрын сүнснүүдэд баригдах, хулгайлагдах вий хэмээн айж, Halloween-ий шөнө ганцаараа аялж явахаас зайлсхийдэг байжээ. Зарим газар ер бусын амьтадтай холбоотой гэж үздэг толгод, мод, эртний байгууламжуудаас хол байхыг ч хичээдэг байсан аж.
Энэ нь тухайн үеийн хүмүүсийн ертөнцийг үзэх үзэл, байгаль болон үхлийн тухай ойлголттой нягт холбоотой байв. Цахилгаан гэрэлтүүлэггүй, харанхуй шөнө элбэг байсан цаг үед ийм домог, айдас хүмүүсийн өдөр тутмын амьдралд хүчтэй нөлөөлдөг байсан нь ойлгомжтой.
5. Самхэйн баярын үеэр асар том гал түлж, муу ёрын хүчнээс хамгаалагдана гэж итгэдэг байв

Halloween-ий эртний уламжлалтай холбоотой хамгийн онцгой зан үйлийн нэг бол гал түлэх явдал юм. Кельтүүдийн Самхэйн баярын үеэр томоохон гал асааж, хүмүүс эргэн тойронд нь цуглардаг байжээ. Галын дөл, утаа, үнс нь хамгаалах, ариусгах хүчтэй гэж үздэг байсан бөгөөд зарим нутагт галын цогноос гэрийнхээ галыг дахин асаах уламжлал байв. Мөн галын дэргэдэх зан үйл нь өвлийн харанхуй улирал эхэлж байгааг тэмдэглэх, олон нийтийг нэгтгэх үүрэгтэй байжээ.
Энэ уламжлалын зарим хэсэг Ирландад өнөөдрийг хүртэл хадгалагдан үлдсэн бөгөөд Halloween-ий үеэр олон нийтийн галын арга хэмжээ зохион байгуулдаг.
Гэхдээ эртний зан үйл бүрийг өнөөгийн Halloween-ий баяртай шууд холбох боломжгүй. Олон уламжлал цаг хугацааны явцад өөрчлөгдөж, зарим нь домог, зарим нь тоглоом, зарим нь баярын зугаа цэнгэл болон хувирчээ.
Аймшигтай домгоос баяр цэнгэл болсон нь
Өнөөдөр Halloween-ий үеэр хүмүүс аймшигтай хувцас өмсөж, хулуу сийлж, чихэр цуглуулан, сэдэвчилсэн үдэшлэгт оролцдог. Харин эдгээр уламжлалын зарим нь олон зуун жилийн өмнөх хүмүүсийн үхэл, байгаль, ирээдүй болон ер бусын ертөнцийн тухай итгэл үнэмшилтэй холбоотой юм.
Хайр дурлалаа зөгнөхийн тулд толинд ширтэх, сүнснээс хамгаалахын тулд манжин дотор лаа асаах, галын дөлөөр муу ёрын хүчийг холдуулна гэж итгэх зэрэг зан үйл өнөөдөр хачирхалтай санагдаж болох ч тухайн үеийн хүмүүсийн хувьд утга учиртай байжээ.
Halloween-ий хамгийн сонирхолтой тал нь магадгүй энэ юм. Бидний өнөөдөр зугаа болгон хийдэг олон зүйл нэгэн цагт хүмүүсийн үнэн гэж итгэж байсан домог, уламжлалын үлдэгдэл ажээ.



161











