
Apple-ийн шинэ бүтээгдэхүүний танилцуулга энэ жилийн есдүгээр сарын 9-нд болох бөгөөд тус арга хэмжээгээр шинэ үеийн iPhone загваруудаа танилцуулах төлөвтэй байна. Үүнээс гадна технологийн салбарынхан Apple компани анх удаа эвхэгддэг дэлгэцтэй iPhone гаргах эсэхийг онцгойлон анхаарч байна.
Хэрэв Apple үнэхээр эвхэгддэг iPhone-оо танилцуулбал энэ нь тус компанийн хувьд ухаалаг утасны бүтээгдэхүүний түүхэн өөрчлөлт болох юм. Одоогоор эвхэгддэг утасны зах зээлд Samsung тэргүүлж байгаа бөгөөд Apple энэ зах зээлд харьцангуй хожуу нэвтэрч байна.
iPhone-ийн дэлгэц хэр том байх бол?
Reuters-ийн мэдээлснээр Apple-ийн шинэ эвхэгддэг iPhone нь дэлгэгдсэн үедээ iPad mini-тэй ойролцоо хэмжээтэй дэлгэцтэй байх хүлээлттэй байна. Эвхэгддэг утасны гол давуу тал нь жижиг хэмжээтэйгээр авч явах боломжтой атлаа дэлгэцийг дэлгэх үедээ илүү том талбай ашиглах боломж юм.
Гэхдээ ийм төрлийн төхөөрөмжүүд энгийн ухаалаг утаснаас илүү өндөр үнэтэй байдаг нь хэрэглэгчдийг худалдан авахад саад болдог. Гэсэн хэдий ч Apple-ийн зах зээлд нэвтрэх нь эвхэгддэг утасны хэрэглээг илүү түгээмэл болгох боломжтой гэж шинжээчид үзэж байна.

Apple яагаад эвхэгддэг iPhone гаргах гэж байна вэ?
Эвхэгддэг утас нь Apple-д зөвхөн шинэ бүтээгдэхүүн нэмэхээс илүү том ач холбогдолтой байж магадгүй. Өндөр үнэтэй дээд зэрэглэлийн загвар нь компанийн нэг төхөөрөмжөөс олох орлого болон ашгийн хэмжээг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх боломжтой.
Зах зээлийн судалгааны IDC байгууллагын тооцоолсноор Apple 2027 он гэхэд 17 саяас илүү эвхэгддэг iPhone нийлүүлэх боломжтой байна.
Мөн дэлхийн ухаалаг утасны зах зээл бүхэлдээ агшиж байгаа энэ үед эвхэгддэг утасны зах зээл эсрэгээрээ өсөх төлөвтэй байгаа аж. IDC-ийн таамаглалаар энэ онд дэлхий даяар эвхэгддэг утасны нийлүүлэлт 12.6 хувиар өсөх бол нийт ухаалаг утасны нийлүүлэлт 16.7 хувиар буурах төлөвтэй байна.
Apple-д бас нэг том өөрчлөлт ирж байна.
Есдүгээр сарын 9-ний арга хэмжээ Apple-ийн бүтээгдэхүүний хувьд төдийгүй компанийн удирдлагын хувьд ч онцгой үйл явдал болох юм. Apple-ийн техник хангамжийн салбарын удирдлагаар олон жил ажилласан John Ternus есдүгээр сарын 1-нээс компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг Тим Күүкээс хүлээн авч байна.
Харин Тим Күүк гүйцэтгэх захирлын албан тушаалаас бууж, компанийн гүйцэтгэх захирлын зөвлөлийн даргын үүрэгт шилжинэ. Тиймээс шинэ iPhone-ийн танилцуулга нь Ternus-ийн Apple-ийн шинэ CEO-ийн хувиар оролцох анхны томоохон бүтээгдэхүүний арга хэмжээ болох юм.

Гэхдээ эвхэгддэг iPhone албан ёсоор батлагдаагүй.
Одоогоор Apple өөрөө эвхэгддэг iPhone гаргана гэдгээ албан ёсоор зарлаагүй байна. Тиймээс есдүгээр сарын 9-нд яг ямар бүтээгдэхүүн танилцуулах нь арга хэмжээний үеэр тодорхой болох юм.
Гэхдээ хэрэв Apple энэ удаа үнэхээр эвхэгддэг iPhone-оо танилцуулбал Samsung-ийн давамгайлж ирсэн зах зээлд томоохон өрсөлдөгч нэмэгдэхээс гадна эвхэгддэг утас энгийн хэрэглэгчдийн дунд илүү өргөн тархах шинэ үе эхэлж магадгүй.
Эх сурвалж: Reuters









