Meta компани хэрэглэгчдийн өдөр тутмын ажлыг өөрийн өмнөөс гүйцэтгэх зориулалттай “Muse” нэртэй хиймэл оюуны агентаа танилцууллаа. Тус агент нь хэрэглэгчийн хүсэлтийн дагуу цахим шуудан илгээхээс эхлээд аялал, худалдан авалттай холбоотой үйлчилгээ зэрэг олон төрлийн ажлыг бие даан гүйцэтгэх боломжтой. Түүнчлэн богино бичлэгт гарч буй хоолны жорыг худалдан авалтын жагсаалт болгон хувиргах, арга хэмжээний урилга илгээх зэрэг өдөр тутмын жижиг ажлыг хариуцна.
Muse нь дээрх үйлчилгээтэй холбоотой бүх аппликейшнүүдтэй холбогдон ажиллах юм. Хэрэглэгчид өөрсдийн мэдээлэлд ямар үйлчилгээг нэвтрүүлэхээ сонгох эрхтэй бөгөөд Muse-ийн дэмждэг жагсаалтад ороогүй үйлчилгээг ч нээлттэй API-аар дамжуулан хэрэглэгчийн зөвшөөрөлтэйгөөр холбох боломжтой.
ӨДӨР ТУТМЫН АЖЛЫГ ХЭРЭГЛЭГЧИЙН ӨМНӨӨС ГҮЙЦЭТГЭНЭ


Хэрэглэгчид Muse-тэй холбох аппликейшн, үйлчилгээгээ өөрсдөө сонгож, нэг нэгээр нь зөвшөөрөл өгөх боломжтой. Тэгснээр ямар мэдээлэл, үйлчилгээнд хандах эрх олгож байгаагаа хянах нөхцөл бүрдэнэ.
Muse нь Meta-гийн “Muse Spark” хиймэл оюуны загварт суурилсан бөгөөд хэд хэдэн үйлчилгээтэй холбогдох бэлэн тохиргоотой ирнэ.
Хэрэв хэрэглэгчийн ашиглахыг хүссэн үйлчилгээ жагсаалтад байхгүй ч нээлттэй API-тай бол Muse тухайн хэрэглэгчийн өгсөн нэвтрэх мэдээллийг ашиглан холболт үүсгэж чадна. Харин API байхгүй тохиолдолд веб хөтөчөөр дамжуулан тухайн үйлчилгээнд хандана.
Эхний ээлжид Muse-ийг muse.ai вебсайт, iOS болон Android аппликейшн, мөн WhatsApp дахь чатаар ашиглах боломжтой. Цаашид Meta-гийн AI ухаалаг нүдний шилэнд нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
Үйлчилгээ үндсэн хэрэглээндээ үнэ төлбөргүй байх ч ашиглалтын хэмжээ нэмэгдэхийн хэрээр төлбөртэй багц сонгох шаардлагатай болно. Тиймээс бүртгүүлэх үедээ төлбөрийн карт холбохыг шаардаж байна.
Нээлтийн үеэр хоёр төрлийн төлбөртэй багц санал болгох аж. Үүнд:
- Power: Сард 20 ам.доллар
- Maximum: Сард 100 ам.доллар
Эдгээр багц нь хэрэглэгчдэд өдөр тутмын ажлаа Muse-д даатгах илүү их боломж олгох юм. Харин Meta ихэнх хэрэглэгч үнэгүй хувилбарыг ашиглана гэж үзэж байна.
Muse нь бусад AI агентын адил хэрэглэгч аппликейшнээс гарсны дараа ч даалгасан ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэнэ. Мөн хэрэглэгчийн харилцан ярианаас тэдний сонирхол, хэрэгцээг суралцаж, хүсэлт гаргаагүй байхад ч тохирох санал зөвлөмж хүргэх боломжтой гэж Meta тайлбарлажээ.
AI АГЕНТУУДЫН ӨСӨЛТ БА ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙН ЭРСДЭЛ

Muse нь хиймэл оюуныг мэдээлэл өгдөг чатботоос эхлээд хэрэглэгчийн өмнөөс ажлуудыг гүйцэтгэдэг туслах болгон хөгжүүлэх технологийн чиг хандлагын нэг хэсэг юм. Google-ийн Gemini Spark, Anthropic-ийн Claude Cowork зэрэг бүтээгдэхүүн мөн л хэрэглэгчдийн ажлыг автоматжуулахад чиглэж байгаа. Гэвч ийм үйлчилгээ өргөжихийн хэрээр хувийн мэдээлэлд хандах эрх, түүнийг хэрхэн ашиглах асуудал анхаарал татаж эхэлжээ.
Үүнтэй холбоотойгоор Meta “Muse”-ийг тусгай хамгаалалттай “Muse Secure VM” виртуал орчинд ажиллуулдаг гэж мэдэгдсэн байна. Компанийн тайлбарласнаар Muse хэрэглэгчдийн нууц үг, төлбөрийн мэдээллийг харах боломжгүй бөгөөд харилцан яриаг сурталчилгааны системтэй хуваалцдаггүй. Гэхдээ эдгээр хамгаалалтын арга хэмжээ бодит байдал дээр хэр үр дүнтэйг мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтнүүд нарийвчлан үнэлэх шаардлагатай хэвээр байгааг онцолж байлаа.
MUSE ХЭРЭГЛЭГЧДИЙН ИТГЭЛИЙГ ОЛЖ ЧАДАХ УУ?

Meta-гийн хувьд хэрэглэгчдийн итгэлийг олж авах амаргүй. Тус компани өмнө нь хувийн мэдээлэл хамгаалахтай холбоотой хэд хэдэн томоохон асуудалд холбогдож байсан. Тухайлбал, 2019 онд АНУ-ын Холбооны худалдааны комиссоос хувийн нууцлалтай холбоотой зөрчлүүдийн улмаас таван тэрбум ам.долларын торгууль хүлээсэн бөгөөд Cambridge Analytica-гийн дуулиан ч компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн юм.
Түүнчлэн хүүхэд, өсвөр үеийнхний аюулгүй байдалтай холбоотой нэхэмжлэлүүд Meta-д дарамт учруулсаар байна. 2026 онд тус компани АНУ-ын 29 мужийн нэхэмжлэлийг шийдвэрлэхээр 18 тэрбум ам.долларын төлбөр төлөх тохиролцоонд хүрчээ. Мөн Нью-Мексико мужийн шүүх хүүхдийн аюулгүй байдалтай холбоотой хэрэгт 942 сая ам.долларын төлбөр төлөх шийдвэр гаргасан байна.
Muse-ийн хэрэглэгчид өөрийн AI агентдаа нэр өгөх, аватар сонгох, харилцааны хэв маягийг нь тохируулах боломжтой. Meta энэхүү хувийн тохиргоогоор дамжуулан хэрэглэгчтэй илүү ойр харилцаа үүсгэхийг зорьж байгаа бололтой. Гэвч шинэ боломжууд нь хэрэглэгчдийн итгэлийг сэргээж чадах эсэх, хүмүүс өдөр тутмын мэдээллээ AI агентдаа хэр хэмжээнд даатгах нь цаашдын гол сорилт хэвээр байна.
Эх сурвалж: Techcrunch



293











