Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал аж ахуй, Биотехнологийн сургуулиас ЕБС-ийн 12-р ангийн сурагчдын дунд эсээ бичлэгийн уралдаан зарлажээ.

Зохион байгуулагч: Хөдөө аж ахуйн их сургууль, Мал аж ахуй, Биотехнологийн сургууль, Биотехнологи, үржүүлгийн тэнхим, ХАА-н биотехнологи профессорын баг
Хамрах хүрээ: ЕБС-ийн 12-р ангийн сурагчид
Бүтэц: “Биотехнологи бидний ирээдүй” сэдвийн агуулгад нийцсэн байна. Эсээ нь дараах бүтэцтэй байна:
- Нэгдүгээр хэсэг – Биотехнологийн шинжлэх ухаан, ач холбогдлын талаарх ойлголт
- Хоёрдугаар хэсэг – Биотехнологийн үйлдвэрлэлийг дэлхийн улс орнуудын хөдөө аж ахуй, эрүүл мэнд, хүрээлэн буй орчны тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэхэд хэрхэн ашиглаж, ямар үр дүнд хүрч байгаа талаар бичнэ.
Тавигдах шаардлага:
- Эсээ бичлэгийн хэл найруулга зүйн шаардлага хангасан байх, үг үсгийн алдаагүй бичих;
- Шинэлэг санаа дэвшүүлж уран сэтгэмжээр тайлбарлах;
- 1000 үгэнд багтаан бичих;
- Microsoft Word программ дээр A4 Arial Times New Roman фонтоор, 12 үсгийн хэмжээтэй, зүүн захаас 2.5 см, дээд захаас 2 см, доод болон баруун захаас 1.5 см зай авч бичсэн байна;
- Эсээтэй хамт өөрийн товч танилцуулгыг заавал хавсаргана. Танилцуулгад овог, нэр, суралцдаг сургуулийн хаяг, холбоо барих утасны дугаар, мэйл хаягийг тодорхой бичнэ.
Хүлээн авах болон шалгаруулах журам:
Эсээг 2021 оны хоёрдугаар сарын 5-ны дотор z.erdene@muls.edu.mn цахим хаягаар хүлээн авна.
Шалгаруулалт хоёр үе шаттайгаар явагдана.
Нэгдүгээр шатны шалгаруулалтыг 2021 оны хоёрдугаар сарын 08-10-ны хооронд мэргэжлийн багш нар уншиж шаардлага хангасан 15 эсээг сонгоно.
Хоёрдугаар шатны шалгаруулалтыг Биотехнологийн мэргэжлийн эрдэмтдээс бүрдсэн комисс 2021 оны хоёрдугаар сарын 15-17 ны хооронд уншиж шилдэг таван эсээг шалгаруулан 1, 2, 3-р байр болон тусгай байр эзлүүлнэ.
Эсээг уншиж 1-100 хүртэлх оноогоор үнэлж, дүнг нэгтгэн шалгаруулалтыг явуулна. Үнэлгээнд баримтлах шалгуур үзүүлэлт:
- Шинжлэх ухаанчаар бичсэн эсэх (20 оноо)
- Хөндсөн санаа, агуулгын шинэлэг байдал, дэвшүүлсэн санаа (40 оноо)
- Сэдэв, зорилго, агуулга хоорондын уялдаа холбоо (20 оноо )
- Найруулга, зөв бичих дүрмийн шаардлага (20 оноо)
Шаардлага хангаагүй болон шууд хуулбарласан, хугацаа хоцорсон тохиолдолд шалгаруулалтад оролцуулахгүй болохыг анхаарна уу.
Шагнал, урамшуулал:
- Тэргүүн байр (1 хүн) – Өргөмжлөл, 200,000 төгрөг, Хөдөө аж ахуй их сургуулийн Биотехнологи ХААИС-БНХАУ-ын Хэнан мужийн их сургуулийн хамтарсан Биотехнологи бакалаврын хөтөлбөрт элсэн суралцах эрхийн бичиг, төлбөрийн хөнгөлөлт
- Хоёрдугаар байр (1 хүн) – Өргөмжлөл, 150,000 төгрөг, Хөдөө аж ахуйн их сургуулийн Биотехнологи бакалаврын хөтөлбөрт элсэн суралцах эрхийн бичиг, төлбөрийн хөнгөлөлт
- Гуравдугаар байр (1 хүн) – Өргөмжлөл, 100,000 төгрөг, төлбөрийн хөнгөлөлт
- Тусгай байр (2 хүн) – Өргөмжлөл, дурсгалын зүйл.
Эх сурвалж: ХААИС








