ОХУ-ын Сибирийн хойд хэсэгт, Хойд мөсөн тойргоос цааш орших Норильск хотод амьдрал өрнөнө гэдэг олон хүний хувьд төсөөлөхөд ч бэрх. Өвлийн улиралд агаарын температур -50 хэмээс доош буурч, хэдэн долоо хоногийн турш нар мандахгүй харанхуй үргэлжилдэг тус хотыг дэлхийн хамгийн эрс тэс уур амьсгалтай суурин газруудын нэг гэж үздэг.
ӨВӨЛ НЬ ЕСӨН САР ҮРГЭЛЖИЛЖ, НАР 45 ХОНОГ МАНДДАГГҮЙ

Норильск хот ОХУ-ын Красноярскийн хязгаарт, Таймырын хойгийн өмнөд хэсэгт байрладаг. Хойд мөсөн тойргоос хойд зүгт орших тус хотод өвлийн улирал ойролцоогоор есөн сар үргэлжилж, жилийн 240 орчим хоногт агаарын температур хасах хэмтэй байдаг.
Өвлийн хамгийн хүйтэн өдрүүдэд температур -50 хэмээс доош буурахаас гадна хүчтэй салхи, цасан шуурга нөхцөл байдлыг улам хүндрүүлдэг. Зарим үед салхины хурд 24 м/с хүрдэг байна.
Мөн Норильск хотын оршин суугчид туйлын шөнө буюу нар хэдэн долоо хоногийн турш тэнгэрийн хаяанаас дээш мандахгүй байх байгалийн үзэгдэлтэй нүүр тулдаг. Жил бүрийн арваннэгдүгээр сарын 30-наас нэгдүгээр сарын 13 хүртэл үргэлжлэх энэ хугацаанд хотод ойролцоогоор 45 хоног нар мандахгүй.
Харин зуны улиралд үүний эсрэгээр тавдугаар сарын 20-ноос долоодугаар сарын 24 хүртэл нар жаргахгүй, өдөр шөнөгүй гэрэлтэй байдаг нь тус хотын бас нэгэн онцлог юм.
БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН ТӨЛӨӨ БАЙГУУЛАГДСАН ХАРАНХУЙ ХОТЫН ТҮҮХ

Норильск хотын үүсэл хөгжил ЗХУ-ын үеийн албадан хөдөлмөрийн системтэй салшгүй холбоотой. 1920-иод онд тус бүс нутгаас никелийн томоохон ордууд илэрч, байгалийн баялгийг ашиглах ажил эрчимжсэнээр 1935 оноос хотыг байгуулах ажил эхэлжээ. Гэвч барилга байгууламж, уурхай, үйлдвэрийн цогцолборуудын ихэнхийг Сталины үеийн ГУЛАГ буюу хорих лагерьт хоригдож байсан хүмүүсийн албадан хөдөлмөрөөр байгуулсан түүхтэй.
Түүхэн баримтаар, 1935-1950-иад оны дунд үе хүртэл Норильлаг хэмээх хорих лагерийн системээр дамжин 300 мянга орчим хоригдол ажиллаж байсан бөгөөд тэдний олон мянга нь өлсгөлөн, өвчин, хүнд нөхцөл байдлын улмаас амь насаа алдсан гэж үздэг.
УУЛ УУРХАЙН АСАР ТОМ ТӨВ БОЛОВЧ АГААРЫН БОХИРДОЛТОЙ ТЭМЦСЭЭР БАЙНА

Өнөөдөр Норильск хот нь дэлхийн томоохон никель, зэс, палладийн үйлдвэрлэлийн төвүүдийн нэг юм. Тус бүс нутагт никель, зэс, кобальт зэрэг үнэт металлын олборлолт, боловсруулалт явуулдаг бөгөөд хотын эдийн засаг уул уурхай, металлургийн үйлдвэрээс ихээхэн хамаардаг.
Гэвч энэхүү үйлдвэрлэл байгаль орчинд ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг. Ялангуяа металл боловсруулах үйлдвэрүүдээс ялгарах хүхрийн давхар исэл болон бусад хорт бодис нь агаар, хөрс, ургамлын экосистемийг бохирдуулж иржээ.
НАСА-гийн хиймэл дагуулын зурагт хүртэл үйлдвэрийн яндангаас гарч буй утаа болон хотын ойр орчмын ургамалжилт, байгаль орчинд учирсан хохирол тодорхой харагддаг.
ИЙМ НӨХЦӨЛД 180 МЯНГА ОРЧИМ ХҮН ХЭРХЭН АМЬДАРДАГ ВЭ?
Хамгийн гайхалтай нь ийм эрс тэс нөхцөлд ч Норильск хотод өнөөдрийн байдлаар 175 мянга гаруй хүн амьдарч байна. Тэдний хувьд энэ хот зөвхөн ажиллах газар биш. Олон хүн энд гэр бүлээ бий болгож, хүүхдүүдээ сургуульд явуулж, өдөр тутмын амьдралаа үргэлжлүүлдэг. Зарим гэр бүл хэд хэдэн үеэрээ Норильск хотод амьдарч иржээ.
Хүйтэн уур амьсгалд зохицсон тусгай хувцас, дулаан байр, хотын дэд бүтэц нь оршин суугчдын амьдралын салшгүй хэсэг болсон. Мөн хотод сургууль, цэцэрлэг, эмнэлэг болон бусад нийгмийн үйлчилгээ ажилладаг.
Гэрэл зурагчин Елена Чернышова тус хотод бүтэн жилийн турш ажиллаж, оршин суугчдын өдөр тутмын амьдралыг баримтжуулсан байдаг. Түүний гэрэл зургуудад хүүхдүүд сургуульдаа явж, хүмүүс ажилдаа очиж, гэр бүлүүд хамтдаа цагийг өнгөрүүлж буй дүр зураг харагддаг. Түүний бүтээлүүд Норильск хотын амьдрал зөвхөн хүйтэн, харанхуй, бохирдлоор хязгаарлагддаггүйг харуулсан юм.
Ийнхүү дэлхийн ихэнх хүмүүсийн хувьд амьдрахад бараг боломжгүй мэт санагдах орчинд 180 мянга орчим хүн ажиллаж, сурч, гэр бүлээ өсгөн, энгийн амьдралаа үргэлжлүүлсээр байна.



148











