Өвлийн улиралд хүн бүрд тохиолддог технологийн асуудлуудын нэг бол гар утасны батарей хурдан суух, цэнэгтэй байж байгаад гэнэт унтрах явдал юм. Өглөө гэрээсээ 40 хувийн цэнэгтэй гарсан утас хэдхэн хормын дараа унтрах, цэнэг гэнэт буурчихдаг.
Зарим хүн үүнийг батарей муудсаны шинж гэж ойлгодог бол зарим нь шинэ утас авах цаг болсон гэж боддог. Гэвч үнэндээ энэ үзэгдэл нь гар утсанд түгээмэл ашиглагддаг литийн ион батарейн ажиллагаа болон хүйтэн температурын нөлөөтэй шууд холбоотой аж.
ГАР УТАС ХҮЙТЭНД ГЭНЭТ УНТАРДАГ ШАЛТГААН

Гар утасны батарей дотор цахилгаан үүсгэж байдаг литийн ионууд гэх зүйл бий. Утас ажиллах үед эдгээр ионууд батарейн нэг талаас нөгөө тал руу хөдөлж, эрчим хүч үйлдвэрлэдэг байна.
Харин өвлийн улиралд, хүйтэн орчинд литийн ионуудын хөдөлгөөн удааширдаг. Өөрөөр хэлбэл батарей доторх "эрчим хүч үйлдвэрлэгчид" удаан хөдөлж эхэлнэ гэсэн үг. Ингэснээр батарей утсанд хангалттай хэмжээгээр цахилгаан нийлүүлж чадахаа больдог.
Apple компани iPhone гар утасны хэрэглэгчийн зааварт 0°C-аас доош температурт төхөөрөмжийн ажиллагаа түр хугацаанд өөрчлөгдөж, батарейн ашиглах хугацаа багасаж болзошгүйг анхааруулсан байдаг. Мөн батарейн хүчдэл буурснаар төхөөрөмж шаардлагатай чадлаа авч чадахгүй болж хамгаалалтын горимоор унтрах боломжтой болдог аж.
ТЭГВЭЛ ЛИТИЙН ИОН БАТАРЕЙ ГЭЖ ЮУ ВЭ?

Литийн ион (Lithium-ion, Li-ion) батарей нь одоогийн ухаалаг гар утас, зөөврийн компьютер, таблет, ухаалаг цаг, цахилгаан машин зэрэг төхөөрөмжүүдэд хамгийн өргөн хэрэглэгддэг дахин цэнэглэдэг батарейн төрөл юм.
Энгийнээр хэлбэл батарейн доторх литийн ионууд нэг талаас нөгөө тал руу шилжихдээ цахилгаан үүсгэж, таны утсыг ажиллуулдаг гэж ойлгож болно. Харин цэнэглэх үед энэ явц эсрэгээрээ явагдаж, батарей эргээд энерги хуримтлуулдаг.
Уг төрлийн батарейн ажиллах горимыг энгийнээр тайлбарлавал, батарей дотор маш олог литийн ионууд байдаг тэд үргэлж хөдөлдөг гэж төсөөлье.
Дулаан нөхцөлд эдгээр тэд хурдан хөдөлж чадна. Ингэснээр цахилгаан хэвийн үүсэж, утас хэвийн ажиллах ба батарей хүчин чадлаа бүрэн ашиглах боломжтой болно.
Харин Хүйтэн нөхцөлд литийн ионы хөдөлгөөн удааширдаг. Үүний улмаас цахилгаан үйлдвэрлэх хурд буурч, батарей шаардлагатай хүчийг хангаж чадахгүй болно. Үр дүнд нь цэнэг хурдан дуусаж байгаа мэт харагдана, зарим тохиолдолд утас гэнэт унтарна. Энэ нь өвлийн улиралд бидний гар утсанд хамгийн их тохиолддог үзэгдэл.

Ихэнх гар утас литийн ион батарей ашигладаг шалтгаан юу вэ?
Өмнө нь гар утсанд никель-кадми (Ni-Cd), никель-металл гидрид (NiMH) зэрэг батарей өргөн хэрэглэгддэг байжээ.
Гэвч литийн ион батарей нь:
- Жижиг хэмжээтэй ч их энерги хадгалах боломжтой,
- Хөнгөн жинтэй,
- Олон удаа дахин цэнэглэх боломжтой,
- Утасны нимгэн хийцэд тохирдог,
- Цэнэгээ харьцангуй удаан хадгалдаг гэх үзүүлэлтээр давуу талтай тул өнөөдрийн гар утас, зөөврийн компьютер, таблет зэрэг олон төхөөрөмжийн гол стандарт батарей болсон байна.
Дэлхийн томоохон технологийн компаниуд литийн ион батарейг ашигладаг
Бараг л бүх орчин үеийн ухаалаг утас литийн ион батарей ашигладаг. Тухайлбал Apple, Samsung, Xiaomi, Redmi, OPPO, Vivo, Huawei, Honor, Motorola гэх мэт дэлхийн томоохон бүх үйлдвэрлэгчдийн гар утсанд литийн ион технологид суурилсан батарей бий. Зарим үйлдвэрлэгч "Lithium-ion", зарим нь "Lithium-polymer (Li-Po)" гэж бичдэг ч үндсэндээ хоёулаа литийн суурьтай цэнэг хураагуур аж.
БАТАРЕЙ ҮНЭХЭЭР МУУДДАГ УУ?
Хүйтнээс үүдэн гар утас унтарч байгаа нь заавал батарей эвдэрсэн гэсэн үг биш. Батарейн гүйцэтгэл температур буурах үед түр хугацаанд мууддаг боловч энэ нь батарейг шууд гэмтээдэггүй.
Литийн ион батарей доторх химийн урвал хүйтэнд удааширснаар батарейн дотоод эсэргүүцэл нэмэгддэг. Үүний улмаас батарейд хуримтлагдсан цэнэгийг утас бүрэн ашиглаж чадалгүй, цэнэг дууссан мэт харагддаг. Харин төхөөрөмж дулаан орчинд ормогц химийн урвал хэвийн болж, цэнэг нь эргээд нэмэгддэг аж.
Харин гар утасны батарей муудаж, элэгдэх нь өөр шалтгаантай. Үүнд олон жилийн ашиглалт, цэнэглэлтийн тоо, хэт халалт, үйлдвэрийн хүчин чадал аажмаар буурах зэрэг хүчин зүйлс нөлөөлдөг. Жишээлбэл, Apple компани iPhone-ийн батарей 500 орчим бүрэн цэнэглэлтийн дараа анхны хүчин чадлынхаа 80 орчим хувийг хадгалдаг болдог байна.
Мөн шинэ гар утаснууд хүйтнийг хуучин утаснуудаас илүү сайн тэсдэг. Учир нь батарейн элэгдэл багатай үед хүчдэл тогтвортой байдаг бол хуучирсан батарей хүйтэнд хүчдэлээ илүү амархан алддаг. Иймээс олон жил хэрэглэсэн гар утсанд уг асуудал илрэх нь түгээмэл.
Монголын өвөлд...

Хүйтэн цаг ууртай бүс нутагт амьдардаг хүмүүсийн хувьд энэ асуудал тохиолдох нь элбэг. Үүний гол шалтгаан нь литийн ион батарейн ажиллагаа температурын өөрчлөлтөд маш мэдрэмтгий байдагтай холбоотой.
Литийн ион батарей 20-25°C орчимд хамгийн сайн ажилладаг. Харин температур 0°C орчимд хүрэхэд ашиглах боломжтой хүчин чадал нь мэдэгдэхүйц буурч эхэлдэг бөгөөд -20°C хүрэхэд зарим батерейн гаргах энерги бараг тал хүртлээ буурч болзошгүй байдаг аж.
Улаанбаатар хотын өвлийн өглөө, шөнийн температур -20°C-аас -30°C хүрэх нь хэвийн үзэгдэл. Зарим жилүүдэд бүр -35°C-аас доош хүйтрэх тохиолдол ч гардаг. Ийм нөхцөлд гадна орчинд хэдхэн минут байхад л утасны батарей хурдан сууж байгаа мэт харагдах эсвэл төхөөрөмж автоматаар унтрах эрсдэл нэмэгддэг.
Дэлхийн олон томоохон хотуудын өвлийн дундаж температурыг харьцуулбал Улаанбаатар хамгийн хүйтэн нийслэлүүдийн нэгт тооцогддог. Өмнөд Солонгос, Япон, Европ, АНУ-д төдийлөн анзаарагддаггүй батарейн асуудлыг Монголын хэрэглэгчид илүү их мэдэрдэг гэсэн үг.
Өөрөөр хэлбэл, асуудал зөвхөн утасны чанарт биш, харин дэлхийн хамгийн эрс тэс уур амьсгалтай хотуудын нэгэнд амьдарч байгаатай холбоотой юм. Доорх хүснэгтээр температур гар утсанд нөлөөлөх үзүүлэлтийг харуулж байна.

ӨВЛИЙН УЛИРАЛД УТСАА ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ?

Хэдийгээр хүйтэн цаг агаарт батарейн ажиллагаа буурдаг ч та дараах арга хэмжээ авснаар утасныхаа батарейг хамгаалах боломжтой.
Нэгдүгээрт, утсаа цүнхний гадна хэсэгт бус биедээ ойр байлгахыг хэрэгтэй. Жишээлбэл хүрэмний дотор халаасанд хадгалах нь төхөөрөмжийг биеийн дулаанаар хамгаалж, батарейн температурыг тогтвортой байлгахад тусалдаг.
Хоёрдугаарт, гаднаас шууд орж ирээд гар утсаа цэнэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Хэт хөрсөн батарейг шууд цэнэглэх нь сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Иймд эхлээд өрөөний температурт хэсэг хугацаанд байлгаж дулаацуулсны дараа цэнэглэх нь зүйтэй.
Гуравдугаарт, өвлийн аялал, хөдөө орон нутагт явах үед нөөц цэнэглэгч буюу power bank авч явах хэрэгтэй. Учир нь хүйтэнд батарейн цэнэг ердийн үеэс илүү хурдан дуусдаг.
Дөрөвдүгээрт, хуучирсан төхөөрөмжүүд хамгийн эхэнп батарейн асуудалтай болдог тул батарейн эрүүл мэндээ тогтмол шалгаж байх нь зүйтэй. Жишээлбэл iPhone хэрэглэгчид Settings → Battery → Battery Health хэсгээс батарейн хүчин чадлаа харах боломжтой.
Эцэст нь, өвлийн улиралд гар утасны батарей хурдан суух нь ихэнхдээ эвдэрлийн шинж биш, харин литийн ион батарейн химийн онцлогтой холбоотой. Харин төхөөрөмжөө зөв ашиглаж, хэт хүйтэн орчноос хамгаалснаар энэ асуудлыг мэдэгдэхүйц бууруулах боломжтой.
Эх сурвалж:
- UL Research Institutes. What Are Lithium-Ion Batteries?
- IEEE Technology Navigator. Lithium-Ion Batteries
- Apple Support. Keeping iPhone within acceptable operating temperatures
- Battery University. How does cold weather affect batteries?
- Samsung Support. Battery use and performance in low temperatures



236











