Сүүлийн үед дэлхий нийтийн анхаарлыг татаад буй NVIDIA-ийн үүсгэн байгуулагч Женсен Хуанг үүсээд буй нөхцөл байдалд албан ёсны тайлбарыг өгч, уучлалт гуйжээ.
Сүүлийн нэг долоо хоногт найз нөхөд, салбарын хамт олон, тэр байтугай өмнө нь огт уулзаж байгаагүй хүмүүсээс ирсэн хайр халамж, дэмжлэг намайг үнэхээр их сэтгэл хөдөлгөлөө. Надад болон манай гэр бүлд сайхан сэтгэлээр хандсан хүн бүрд баярлалаа. Энэ бүхэн миний хувьд юугаар ч үнэлшгүй үнэ цэнтэй зүйл юм.
Би 53 жилийн өмнө АНУ-д ирсэн. Америкийн иргэн болсон нь хувь заяаны надад өгсөн хамгийн том бэлгүүдийн нэг төдийгүй амьдралдаа хамгийн их бахархдаг мөчүүдийн нэг юм. NVIDIA бол миний бүхий л амьдралаа зориулсан ажил үйлс. Хамт олонтойгоо хүч нийлүүлэн өнөөгийн NVIDIA-г бүтээхэд оролцсон нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. NVIDIA шиг компани зөвхөн Америкт л бий болох боломжтой. Би эх орондоо хайртай. Бас NVIDIA-даа хайртай.
Би NVIDIA-д ажилладаг хүн бүрт тавигддаг шаардлагыг хангаж чадаагүй бөгөөд хувийн амьдралдаа ноцтой алдаа гаргасан. Үүний улмаас Төлөөлөн удирдах зөвлөлд хүндрэл учруулсандаа гүнээ харамсаж байна. Гаргасан алдааныхаа хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Төлөөлөн удирдах зөвлөлийн санаачилсан хараат бус мөрдөн шалгах ажиллагаанд бүх талаар бүрэн хамтран ажиллах болно. Намайг ажлаа өгснөөс хойш NVIDIA-ийн ажилтнууд, хөрөнгө оруулагчид, бизнесийн түншүүд болон харилцагчид маань намайг гүйцэтгэх захирлын албан тушаалдаа эргэн ирэхийг олон удаа хүсэж, уриалсан.
Технологи, зах зээл, өрсөлдөөн, геополитикийн нөхцөл байдал байнга өөрчлөгдөж, компани маань амаргүй сорилтуудтай тулгарч буй энэ үед олон хүн надтай шууд холбогдсоор байна. NVIDIA шиг компани нэгэн үеийнхэнд ганц л удаа төрөн гардаг юм. Хэрэв Төлөөлөн удирдах зөвлөл намайг эргэн ирэх нь хувьцаа эзэмшигчид, ажилтнууд, компанийнхаа болон Америкийн эрх ашигт нийцнэ гэж үзвэл энэхүү хүсэлт, уриалгыг хүлээн авч, гүйцэтгэх захирлын албан тушаалдаа эргэн очих нь миний хувьд нэр төрийн хэрэг байх болно.
Сайхан сэтгэлийн үг, ерөөл дэвшүүлсэн та бүхэнд дахин баярлалаа. Та бүхний дэмжлэг сэтгэлийн минь гүнд хүрч байна. Харин гэр бүлийнхэндээ хандан хэлэхэд, би та бүхэндээ хайртай. Та бүхнийхээ хайрыг насан туршдаа хүртэхүйц хүн байхын төлөө хичээх болно" гэжээ.
Харин NVIDIA-ийн ТУЗ түүнийг гүйцэтгэх захирлаар эргүүлэн томилох төлөвлөгөөгүй гэдгээ мэдэгдсэн байна. Одоогоор Колетт Кресс (Colette Kress) түр гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа бөгөөд байнгын залгамжлагчийг хайж байгаа аж.
Эх сурвалж: AP news


89











