АНУ-ын Ардчилсан социалистуудын байгууллагын Нью-Йорк хот дахь салбар төлөөлөгчдийн танхимын гишүүн Александриа Окасио-Кортесыг 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг уриалсан тогтоол баталжээ.
Тус байгууллагын Нью-Йорк хотын салбар (New York City Democratic Socialists of America) уг тогтоолыг баталсан бөгөөд энэ нь Окасио-Кортесыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийг албан ёсоор уриалж буй үйлдэл юм.

Гэхдээ уг тогтоолыг нэр дэвшигчийг албан ёсоор дэмжсэн шийдвэр биш. Өөрөөр хэлбэл, тус байгууллага түүнийг сонгуульд нэр дэвшихийг хүсэж буйгаа илэрхийлсэн болохоос одоогоор нэр дэвшигчээр батламжлаагүй гэсэн үг.
35 настай Александриа Окасио-Кортес нь Нью-Йорк мужийг төлөөлөн АНУ-ын Конгресст ажилладаг бөгөөд Ардчилсан намын зүүний жигүүрийн нөлөө бүхий улстөрчдийн нэг юм. Тэрбээр 2018 онд 29 настайдаа Конгресст сонгогдсоноор АНУ-ын түүхэн дэх хамгийн залуу эмэгтэй гишүүн болсон билээ.

Окасио-Кортес нь орлогын тэгш бус байдал, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудлаар байр сууриа идэвхтэй илэрхийлдэг. Тэрбээр ногоон эдийн засагт шилжих, нийгмийн халамжийн тогтолцоог өргөжүүлэх зорилготой Green New Deal санаачилгыг дэмждэгээрээ танигдсан.
Түүний 2028 оны сонгуульд өрсөлдөх боломжийн талаарх яриа сүүлийн үед нэмэгдэж байгаа ч Окасио-Кортес өөрөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ албан ёсоор зарлаагүй байна.
АНУ-ын дараагийн Ерөнхийлөгчийн сонгууль 2028 оны арваннэгдүгээр сард болох бөгөөд одоогоор аль ч намын нэр дэвшигчид албан ёсоор тодроогүй байна.
Эх сурвалж: CNN


234











