Жил бүр зохион байгуулагддаг The Media Show арга хэмжээ 2026 оны 11 дүгээр сарын 21-нд Tumen Ekh Event Hall-д болох гэж байна. The Media Show санаачилга нь медиа салбарт чин эрмэлзэлтэй, сахилга баттай, мэргэжлийн соёлоор дамжуулан шударга, чадамжтай хэвлэл мэдээллийг төлөвшүүлэх, хэвлэл мэдээллийн эрүүл экосистемийн хөгжилд хувь нэмрээ оруулахыг эрхэм зорилгоо болгодог.
Анх The Media Show подкастаар эхэлсэн уг санаачилга жил бүрийн намар хэвлэл мэдээлэл, медиа салбарынхан болон медиаг ойлгох, суралцах хүсэл эрмэлзэлтэй хэн бүхэнд зориулсан The Media Show арга хэмжээ болж өргөжин тэлж байна. Тэр дундаа салбарын мэргэжилтнүүд хийсэн бүтээснээ хуваалцдаг, алдаж оносон туршлагаа илэн далангүй ярилцдаг, цаашдын хөгжил, шинэ санаа, урам зоригоо хөглөдөг индэр болон хөгжиж буй.
Дөрөв дэх удаагийн арга хэмжээнд уламжлал ёсоор “Урам зоригийн индэр”, “PechaKucha” хэсэгт медиа старт-апаа эхлүүлсэн түүх, хэрхэн тогтвортой бүтээгдэхүүн хөгжүүлэв, шинэ төрөл зүйлийг нэвтрүүлэх гэсэн оролдлого нь ямар замыг туулав гэхчлэн гол төлөв залуу, шинэ төлөөллүүд хийж, бүтээснээ хуваалцана.
PechaKucha

Энэ хэсэгт зочид маань карьераа хэрхэн эхлүүлж, ямар зам туулсан бэ, сонирхолтой эргэлтийн цэгүүд, сорилт бэрхшээлийг хэрхэн давж өндөөрийг хүрсэн бэ гэдгээ хуваалцах болно.
Урам зоригийн индэр

Жил бүр хамгийн сэтгэл хөдлөм яриа энэ хэсэгт өрнөдөг. Шинийг эхлүүлэх, бүтээл туурвих, тууштай хөдөлмөрлөх нь тийм ч амар биш. Гэсэн хэдий ч зорилгодоо үнэнч зүтгэсэн тэдний хөдөлгөгч хүч нь юу байв? Тэдний чин хүсэл эрмэлзэл танд урам зориг төрүүлнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй.
Дуэт & Дуэль

Мөн энэ жилээс “Дуэт & Дуэль” гэсэн шинэ хэсэг нэмэгдэж буй бөгөөд нэг сэдвийн хүрээнд хоёр зочин хөөрөлдөх гэнэ. Хиймэл оюун сэтгүүл зүйд боломж авчирч байна уу, энэ технологийн ёс зүйн шугам хаана вэ? Технологийн энэ эринд уламжлалт сэтгүүл зүйн үнэ цэн, үр нөлөө ач холбогдлоо хадгалж чадах уу? Контент бүтээгчид мэдээллийн эх сурвалж болсон энэ цаг үед сэтгүүлчид тэсэж үлдэх үү гэсэн сэдвээр зочид маань санаа нийлж дуэтлэх болов уу, санал зөрөлдөж дуэльдэх болов уу? гэхчлэн сонирхолтой сэдвээр ярилцах юм.
Панел

Харин энэ жилийн гол хэлэлцүүлэг хамгийн их анхаарал татаж буй хэвлэл мэдээллийн санхүүжилтийн асуудлаар шийдэл тойрч ярилцахаар зочдоо урьжээ.
Хэлэлцүүлгийн эхэнд үндсэн илтгэлээр энэ сэдвээрх судалгааны үр дүнтэй танилцах бол үргэлжлүүлэн дөрвөн зочин тулгарч буй бэрхшээл, түүнийг давж буй туршлага, шинэ санаачилга, бүтээгдэхүүнээ танилцуулна. Та медиа, контент бизнест сонирхолтой бол алдаж болохгүй хэлэлцүүлэг энд өрнөх болно.
Медиа экосистемийн олон асуудал, тэр дундаа санхүүжилт, бизнес загварын хэлбэрүүд сүүлийн үед нийтийн хэлэлцүүлгийн сэдэв болсоор буй. Энэ нөхцөлд “The Media Show” нь зөвхөн салбарын асуудлыг хэлэлцэхээс гадна бодитоор хэрэгжүүлсэн ажил, амжилттай болон амжилтгүй болсон туршлага, бүтээлч шийдлүүдийг хуваалцдагаараа онцлог билээ. Тиймээс нэг өдөр цуглан ажил бүтээл болон алдаа оноогоо дэлгэн ярилцаж, шийдэл эрэлхийлсэн туршлагаа хуваалцах нь хэн бүхэнд өгөөжтэй, сургамжтай байна гэдэгт эргэлзэхгүй байна.
Мөн "The Media Show" арга хэмжээ нь оюутан залуус, залуу мэргэжилтнүүд төдийгүй хэвлэл мэдээллийг ойлгоё гэсэн хэн бүхэнд нээлттэй. Сэтгүүлчид, контент бүтээгчид, олон нийтийн харилцааны мэргэжилтнүүд, хувийн хэвшлийн төлөөллүүд гэхчлэн олон талт оролцогчид нэгэн танхимд цуглаж, бие биетэйгээ танилцан ойлголцож, хамтын ажиллагаагаа ч эхлүүлэх цэг нь болдог билээ.
Эдгээр зочдын яриаг сонсож, медиа салбарт хүрээллээ тэлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, шинэ санаа, урам зоригоор тэтгэдэхийг хүсвэл The Media Show 2026-г зориорой.
Тасалбараа эндээс худалдаж аваарай. https://www.portal.mn/events/the-media-show-2026



215











