Та Punch-ийг санаж байна уу? Ээждээ гологдож, ганцхан чихмэл тоглоомоо тэвэрч тайвширдаг байсан бяцхан сармагчин одоо өөр нэг бяцхан амьтны түшиг болж эхэлжээ.
Японы Ичикава хотын амьтны хүрээлэнд амьдардаг Punch хэмээх япон макак сармагчин 2025 оны долоодугаар сарын 26-нд төрсөн ч эх нь түүнийг асарч, халамжлахаас татгалзсан тул амьтны хүрээлэнгийн ажилтнууд түүнийг өөрсдөө өсгөх шаардлагатай болсон юм. Бяцхан Punch эхийнхээ хайр халамжийг авч чадаагүйгээс гадна сүргийн бусад сармагчинтай ч амархан дотносож чаддаггүй байв. Тэр бусадтай тоглохыг оролдох бүрдээ заримдаа хөөгдөж, түлхүүлж, бүр газар чирэгдэх тохиолдол ч гарч байлаа.
Түүнийг тайвшруулахын тулд асран хамгаалагчид нь IKEA брэндийн орангутан сармагчны дүрстэй том чихмэл тоглоом өгсөн нь Punch-ийн салшгүй анд болжээ. Тэр тоглоомоо үргэлж тэвэрч, хаа явсан газраа чирч явдаг байсан бөгөөд бусад сармагчингаас айж, ганцаардах үедээ түүн рүүгээ гүйдэг байв.
Түүний тоглоомоо тэврээд ганцаараа сууж буй дүрс бичлэгүүд олон нийтийн сүлжээнд тархаж, дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүсийн хайрыг татсан юм. Punch-ийг дэмжигчид түүнд зориулан #HangInTherePunch буюу “Тэсээрэй, Punch минь” гэсэн хаштаг хүртэл ашиглаж эхэлсэн байна.
Харин 2026 оны нэгдүгээр сарын 19-нөөс эхлэн амьтны хүрээлэнгийн ажилтнууд түүнийг бусад сармагчинтай хамт амьдруулах шат дараатай үйл явцыг эхлүүлжээ. Эхэндээ амаргүй байсан ч Punch аажмаар сүргийнхээ бусад гишүүдтэй харилцаж, тоглож, тэдэнтэй дотносож эхэлсэн байна.

Түүний амьдралд гарсан өөрчлөлт үүгээр дууссангүй. Саяхан цахим орчинд тархсан шинэ бичлэгт нэгэн бяцхан сармагчин Punch руу гүйж ирээд нуруун дээр нь авирч буй нь харагджээ. Өмнө нь өөрөө бусдын халамж, түшиг тулгуурыг хайж явсан Punch одоо өөр нэг бяцхан амьтны түшиг болж буй мэт энэ дүр зураг олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн байна.
Сонирхолтой нь, Punch-ийн түүх дэлхий дахинд түгснээр амьтны хүрээлэнд зочлох хүмүүсийн тоо эрс нэмэгдэж, түүний нэг насны төрсөн өдрөөр дэлхийн өнцөг булан бүрээс 2,500 гаруй мэндчилгээ, захидал ирж байжээ.
Мөн түүнийг тайвшруулж, өсөж торниход нь тусалсан IKEA компани ч түүний дуртай орангутан тоглоомыг дахин хэд хэдээр нь амьтны хүрээлэнд бэлэглэсэн юм.
Punch-ийн түүх бидэнд нэгэн зүйлийг сануулж байна. Заримдаа хамгийн жижигхэн амьтанд ч хайр, халамж, өөрийгөө хүлээн зөвшөөрөгдсөн гэдгийг мэдрэх орон зай ямар их хэрэгтэй байдаг билээ.
Нэгэн цагт ганцаардлаа чихмэл тоглоомоо тэвэрч давдаг байсан бяцхан Punch одоо бусадтай нөхөрлөж, өсөж торниж байна. Түүний түүхийн дараагийн бүлэг бүр ийм сайхан мөчүүдээр дүүрэн байх болтугай.



357











