Монгол Улсад саяхан хүрэн баавгай хүний аминд хүрсэн харамсалтай үйл явдал олон нийтийг цочроолоо. Сүүлийн жилүүдэд баавгай суурин газар руу орж ирэх, мал сүрэг, хүний эд хөрөнгө, амь насанд халдах тохиолдол дотоодод төдийгүй олон улсад нэмэгдэх хандлагатай байна. Гэвч үүний цаана байгаль экологийн тэнцвэрт байдал, тэр дундаа хүний буруутай үйл ажиллагаанаас улбаатай олон хүчин зүйл нөлөөлж буйг судлаачид анхааруулсаар байна.
Энэ нийтлэлд баавгайн үндсэн зан төрх, суурин газарт үзэгдэх болсон шалтгаан, үүнийг бууруулах шийдэл, баавгайн экосистемд гүйцэтгэх үүргийг нээлттэй эх сурвалж дахь шинжлэх ухааны судалгаа, эрдэмтдийн байр сууринд үндэслэн тайлбарлахыг зорилоо.
БААВГАЙН ЗАН ТӨРХ БА ОНЦЛОГ
Монгол орон төдийгүй Хойд Америк, Европ, Ази тивийн олон улсад тархан амьдардаг хүрэн баавгай (Ursus arctos) нь орчны өөрчлөлтөд маш хурдан дасан зохицох чадвартай, уян хатан зан төрхтэй хөхтөн амьтан юм. Хүн бидэнтэй ижил холимог идэштэн бөгөөд нийт тэжээлийнх нь 90 орчим хувийг ургамал, үлдсэн 10 хувийг амьтны гаралтай идэш эзэлдэг.
Баавгай ургамал, жимс, мөөг, хөвд, модны самар, булцуунаас гадна зөгийн бал, эрвээхэй, шоргоолж, чийгийн улаан хорхой, хулгана, огдой, зурам, тарвага зэрэг мэрэгчид, загас, мөн туруутан амьтад болон тэдний сэг зэмээр хооллодог байна. Тэдний шүдний бүтэц хүнийхтэй төстэй, том ясыг буталж идэхэд зохицоогүй тул амьтныг барьж, тодорхой хугацаанд үжрүүлсний дараа иддэг онцлогтой. Мөн үнэрлэх чадвар гоц хөгжсөн амьтан бөгөөд салхины чигээс хамаарч 20-30 километрийн алсаас үнэр мэдрэх чадвартайг судлаачид тэмдэглэжээ.
Баавгайн дундаж наслалт 25 жил байдаг. Эмэгчин баавгай таван нас, эрэгчин нь зургаан наснаас үржилд ордог бөгөөд бамбарууш эхтэйгээ дунджаар 1.5-3 жилийн хугацаанд хамт амьдарч, амьдрах арга ухаанд суралцдаг.
МОНГОЛ ДАХЬ ТАРХАЛТ БА НҮҮДЭЛ
Монгол оронд амьдардаг хүрэн баавгайн тархац, тоо толгой бусад улстай харьцуулахад харьцангуй цөөн бөгөөд амьдрах орчны доройтол, хүний хүчин зүйлд хүчтэй өртөж байгаа тул Монгол Улсын Улаан номд "Нэн ховор" амьтны жагсаалтад багтсан байдаг. Популяцийн нарийвчилсан, нэгдсэн тооллого хийгдээгүй. Хэвлэл мэдээллээр 400 орчим баавгай суурьшлын бүс рүү орж ирсэн гэх мэдээлэл явж байна. Гэвч энэ нь энэ хэмжээний баавгай гүйлдэж байгаа бус харин давхардаж тоологдсон тоо байх магадлалтай юм.
Баавгай энэ жил анх удаа суурьшлын бүс рүү орж ирсэн тохиолдол биш. 2019-2022 онд хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн байдаг. Тухайлбал, 2021 онд Сибирийн ой шатаж, самар жимсний ургац муудсанаас үүдэн Хөвсгөл аймагт баавгай мал барьж байсан. Энэ үеэр Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай газрын хамт олон бие даан өвөлжих чадваргүй гурван бамбаруушийг тэжээж онд оруулаад, 2022 онд буцаан хөвч тайгад тавьсан юм. Ингэхдээ баавгайн шилжилт хөдөлгөөнийг судлах зорилгоор хоёр бамбаруушт сансрын дохиололтой хүзүүвч зүүжээ. Судалгааны үр дүнд баавгай харьцангуй тогтвортой байршилд нутагладаг бөгөөд долдугаар сард хамгийн хол буюу идэвхтэй шилжилт хийж, 10 дугаар сард ичээндээ орохын өмнө өдөрт дунджаар 2.7 км газар нүүдэллэж байсныг тогтоосон байна. Олон улсын судалгаагаар ч баавгайн шилжилт хөдөлгөөний гол шалтгаан нь хоол тэжээлийн олдоц бөгөөд хамгийн баялаг тэжээлтэй газрыг хайн нүүдэллэдэг нь батлагдсан.
БААВГАЙН ЭКОЛОГИЙН АЧ ХОЛБОГДОЛ
Монгол орны газар нутгийн ердөө 7.9-8 орчим хувийг ой мод эзэлдэг. Баавгай нь энэхүү ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, эрүүл мэндийг тэтгэхэд онцгой чухал үүрэг гүйцэтгэдэг, түлхүүр зүйл юм.
- Хоол тэжээл хайж газар ухах, шоргоолжны үүр сэндийлэх, ургамал гишгэлэх зэргээр хөрсийг сийрэгжүүлж, хүчилтөрөгч болон ус шингээх чадварыг нэмэгдүүлснээр шинэ ургамал ургах таатай нөхцөлийг бүрдүүлдэг.
- Модны холтос хуулах зэргээр ойн бүтцэд нөлөөлж, бусад жижиг амьтад үүрлэх, хорогдох орчныг үүсгэдэг.
- Жимс идэж, үрийг нь ялгадсаараа дамжуулан хол зайд тээвэрлэдэг. Баавгайн ходоодны хүчилд боловсруулагдаж гарсан үр соёолох магадлал маш өндөр байдаг нь ойн нөхөн сэргээлтэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулдаг.
- Идэш тэжээлийн суваргын оройд орших амьтны хувьд бусад амьтдын тоо толгойг зохицуулж, байгалийн тэнцвэрийг хадгалдаг.
Баавгайг хамгаална гэдэг нь бид өөрсдийн оршин буй ой мод, байгаль дэлхийгээ хамгаалж байна гэсэн үг юм. Баавгайг шууд устгах нь тухайн агшинд эрсдэлийг арилгах ч, урт хугацаандаа экосистемд ноцтой хохирол учруулах эрсдэлтэй.
СУУРИН ГАЗАРТ ҮЗЭГДЭХ БОЛСОН ГОЛ ШАЛТГААНУУД
Баавгай өвлийн урт улирлыг ичээндээ өнгөрүүлдэг бөгөөд энэ хугацаанд эмэгчин нь бамбаруушаа төрүүлж бойжуулдаг тул намар хангалттай тарга тэвээрэг авах амин чухал хэрэгцээтэй байдаг. Гэвч энэ жил баавгайн үндсэн идэш тэжээл болох самар, жимсний гарц тааруу байсан нь тэднийг өлсгөлөнд нэрвэгдэж, суурьшлын бүс рүү хоол хайж ороход хүргэсэн гэдэгтэй судлаачид санал нэгдэж байна. Үүнээс гадна дараах шалтгаанууд нөлөөлж байна.
- Уур амьсгалын өөрчлөлт, ой хээрийн түймэр зэргээс шалтгаалан баавгайн амьдрах орчин хумигдаж, өөр газраас идэш хайх шаардлага гарч байна.
- Баавгайн үнэрлэх чадвар маш сайн тул ил задгай орхисон хог хаягдал, малын сэг зэм зэрэгт амархан татагддаг. Манай улсын айл өрх, сум, суурин газруудын хог хаягдлын менежмент сул байгаа нь баавгайг татах өгөөш болж байна.
- Баавгайн амьдардаг бүс нутгаар самар, жимс түүгчид, мод бэлтгэлийнхэн олноор зорчиж байгалийн нөөцийг шавхаж байна. Түүнчлэн малчид малаа ойн гүн рүү шахаж хариулах болсон нь баавгайн амьдрах орчинг булаах нэг шалтгаан болжээ.
- Нас бие гүйцсэн хүчирхэг эр баавгайнууд самар, жимстэй цөөн газрыг эзэгнэж, залуу баавгайнуудыг оруулдаггүй. Иймд хоол хайсан, эсвэл ойгоос хөөгдсөн залуу баавгайнууд орон зайн баримжаагаа алдаж, хээр тал, суурин газар руу орж ирж байна.
Дүгнэж хэлэхэд, өдгөө суурин газар орчимд үзэгдэж буй баавгайнууд нь хүн рүү халдах зорилготой бус, бидэнтэй л ижил үр удмаа үлдээж, амьд мэнд үлдэхийн төлөө яваа юм.
ЗАСГИЙН ГАЗРААС ЯМАР ШИЙДВЭР ГАРГАВ?
- 2026 оны 10 дугаар сарын 9-нд Ерөнхий сайд Н.Учрал хүний амь хохирсон эмгэнэлт явдлын дараа баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов.
- 2026 оны 10 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн суурьшлын бүс орчимд үзэгдсэн, ганцаараа явж буй (бамбарууш болон төлөө дагуулсан эм баавгайнаас бусад) баавгайг устгах, аюулгүй болгох ажлыг албан ёсоор эхлүүлсэн.
- Засгийн газрын хуралдаанаар улсын нөөцөөс 1 тэрбум 88 сая төгрөг гаргаж, 12 ширхэг унтуулгын буу (нэг бүрийн үнэ ойролцоогоор 32 сая төгрөг) худалдан авахаар шийдвэрлэлээ.
Дээрх шийдвэрүүдийн үр дүнд хэчнээн баавгай хорогдохыг тоолох боломжгүй. Азаар байгалийн жамаараа 11 дүгээр сар гэхэд баавгай ичээндээ орно. Гэвч цаашид хүний буруутай үйл ажиллагаанаас болж, жил ирэх тусам амьдрах орчин, идэш тэжээл нь хумигдсаар буй баавгайнууд амьд үлдэхийн тулд суурин газар руу орж ирсээр байх нь тодорхой. Тэгэх бүрд "устгах" зохицуулалт хийсээр байх уу. Байгаль хамгааллын идэхитэй үйл ажиллагаа, ан агнуурын эсрэг хууль эрхзүйн нөлөөнд тоо тоолгой нь өсөх хандлага ажиглагдаж буй хүрэн баавгайг алж устгах нь Монгол Улсын хувьд “нэг алхам урагш, хоёр алхам хойш гишгэсэн” шийдвэр болж байна.
СУДЛААЧИД ЯМАР ШИЙДЭЛ ДЭВШҮҮЛЭВ?
Суурин бүс нутагт орж ирсэн баавгайг бугуйлдан барьж хүлээд, машинд ачин эсвэл машинаар бахардуулан хөөн, ой руу нь оруулах нь балмад бөгөөд үр дүнгүй арга юм. Учир нь өлссөн баавгай эргээд хоол, сэг зэмний үнэр аван уулнаас бууж ирэх нь тодорхой. "Баавгай амьд үлдэхийн тулд идэш хоол хайж хүн рүү ирж байна. Тиймээс бид тэдэнд зориулан нэмэлт хоол бэлтгэж өгөөд, ойд нь, гэрт нь тогтоон барих аргыг хэрэглэж үзэх хэрэгтэй" хэмээн биологич Н.Батсайхан Фэйсбүүк хуудаснаа нийтлэжээ. Тэрээр баавгайг устгахгүйгээр, суурьшлын бүс рүү орж ирэх эрсдэлийг зогсоох, монголын нөхцөлд төгс зохицсон, дараах санаачилгуудыг дэвшүүлсэн байна.
- Орон нутгийн захиргаа баавгайн тархац бүхий ойн бүсэд өвөл онд орох чадваргүй бог малыг хямд үнээр худалдан авч, арьсыг нь хуулан, дотор гэдэстэй нь шуудайлж, ойн гүнд хооронд нь зайтайгаар байрлуулах.
- Дотор эрхтэнтэй гулууз махыг модны гишүү, мөчрөөр дарж тавибал шувууд идэхээс сэргийлэх бөгөөд үнэр нь салхиар дамжин баавгайд хүрнэ.
- Аймгийн төв, суурин газрын мах нядалгааны газрын хаягдал, өөхний цөвдөл, дотор эрхтэн зэргийг цуглуулж баавгайн идээшил нутагт тарааж тавих.
- Махны зах дээрх шулсан ясыг бутлан жижиглэж тавих, мөн баавгайтай ойр зэргэлдээ нутагладаг малчид малаа өргөж, баавгайд туслах.
- Гааль дээр хураагдсан, эсвэл шимт чанараа алдсан өнгөрсөн жилийн хушны самрыг ойн гүнд тавих. Ингэхдээ савалгаатай самрыг модны мөчир дээр, баавгай л хүрэх өндөрт зүүж орхих.
- Томоохон аж ахуйн нэгж, байгууллагууд гологдол, хаягдал алим, жимсийг цуглуулж баавгайн нутагт хүргэх.
- Бага оврын тээвэр очих боломжгүй газарт тусгай зориулалтын дрон ашиглаж болно. Эдгээр газруудад автомат камер байршуулж үр дүнг хянаснаар, цаашдын арга хэмжээг сайжруулах боломжтой.
ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА
Хот, суурин газар тэлж, онгон байгаль руу түрэх хэрээр хүн-баавгайн зөрчил гарах нь зайлшгүй үзэгдэл юм. Гэвч амьтныг шууд буудан устгах нь үр дүнтэй шийдэл биш бөгөөд экологид асар хохиролтой болохыг олон улсын туршлага баталдаг.
- АНУ, Канадын тусгай хамгаалалттай газар болон ойн бүсийн суурин газруудад "Баавгай онгойлгох боломжгүй хогийн сав" ашиглахыг хуулиар шаарддаг. Энэ нь баавгайг хүний хоол, хаягдалд дасахаас сэргийлэх хамгийн үр дүнтэй аргад тооцогддог.
- Канадын "Bear Smart", АНУ-ын "Bear Aware" зэрэг үндэсний хөтөлбөрүүд нь иргэдэд баавгайтай хэрхэн зэрэгцэн орших, зэрлэг байгальд явахдаа хэрхэн биеэ авч явах талаар системтэй боловсрол олгодог. Баавгайтай таарсан үед гүйж зугтахгүй байх, харц тулгарахгүй байх, зориулалтын баавгай үргээгч шүршүүр биедээ авч явах зэрэг амьд үлдэх аргуудыг заадаг байна.
- Зөгийн аж ахуй, жимсний тариалан, малын хашаа хороог хамгаалахын тулд нам хүчдэлийн цахилгаан гүйдэлтэй хашаа ашиглах нь баавгайг гэмтээхгүйгээр холдуулах шалгарсан арга юм.
ДҮГНЭЛТ
Баавгайг хүн рүү зориуд отож, дайрдаг араатан гэж төсөөлөх нь туйлын өрөөсгөл. Шинжлэх ухааны судалгаагаар баавгайн халдлага нь ихэвчлэн хүнтэй гэнэт ойр зайд тулгарах, үр төлөө хамгаалах эсвэл арга мухардсанаас үүдэлтэй өөрийгөө хамгаалах үйлдэл байдаг.
Хүн-баавгайн зөрчлийг бууруулахын тулд суурин газарт баавгайг татаж буй үнэрийн эх үүсвэрийг устгах, айл өрхүүд, сум орон нутаг гээд бүх түвшинд хогоо эмхлэн цэгцэлж, тусгай тагтай саванд хийх, булж хэвших шаардлагатай. Түүнчлэн идэш тэжээл ховордсон онцгой жилүүдэд тэдний үндсэн амьдрах орчин болох ойн гүнд нэмэлт тэжээл байршуулах замаар өлсгөлөнгөөс аварч болно.
Энэ дэлхий дээр бид ганцаараа оршин тогтнодоггүй. Байгаль дэлхий дээрх амьд биет бүр экосистемийн эрүүл, тэнцвэртэй байдлыг хангахад онцгой чухал үүрэгтэй. Тиймээс баавгайг буудаж устгах нь шийдэл биш. Наанадаж тэдний амьдрах орчныг хамгаалах, хүний үйл ажиллагааг хязгаарлах, олон нийтэд шинжлэх ухаанч мэдээлэл хүргэж, зэрэгцэн орших соёлд суралцахаас эхлэнэ.

238