Сагсан бөмбөгт өндөр тамирчдын өндөр давуу тал болдог ч энэ нь цорын ганц хүчин зүйл биш. Үүнийг батлан харуулсан тамирчдын нэг бол Японы мэргэжлийн сагсан бөмбөгчин Юки Кавамүра юм. 172 см өндөртэй тэрээр хурд, бөмбөг эзэмших болоод талбайд тоглолтыг унших чадвараараа бусдаас ялгарч NBA-д тоглох мөрөөдлөө биелүүлсэн билээ. тэгвэл Япончуудын хүндэллийг хүртэж, үргэлж дэмждэг Юки Кавамүра гэж яг хэн бэ? талаар сонирхолтой мэдээллүүдийг хүргэж байна.
Юки Кавамүра 2001 оны тавдугаар сарын 2-нд Японы Янагүчи мужийн Янай хотод төрсөн бөгөөд холбон тоглогчийн байрлалд тоглодог. Түүний өндөр 172 сантиметр гэж бүртгэгддэг бөгөөд NBA-д тоглож байсан намхан нуруутай тамирчдын нэг юм. Гэсэн хэдий ч тэрээр хурд, бөмбөг эзэмшилт, талбай дээрх шийдвэр гаргалт, багийнхандаа оновчтой дамжуулалт өгөх чадвараараа онцгойрдог.
Түүний аав NBA-ийн тоглолт үзэх дуртай байсан бөгөөд аавтайгаа хамт тоглолт үздэг байсан нь энэ спортоор хичээллэх хүсэлд нь нөлөөлсөн байна. Хүүхэд байхдаа өөрийн үздэг тамирчидтай адил түвшинд хүрэхийг хүсдэг байсан тэрээр хожим өөрөө NBA-ийн талбайд гарах мөрөөдлөө биелүүлсэн юм.

ЯПОНЫ ЛИГЭЭС ЭХЭЛСЭН САГСАН БӨМБӨГИЙН ГАРАА
Кавамүра мэргэжлийн замналаа Японы B.League лигт эхлүүлсэн бөгөөд San-en NeoPhoenix, Yokohama B-Corsairs багуудад тоглож байв. Тэрээр дотоодын лигт тоглох хугацаандаа оноо авах болон багийнхандаа боломж бүрдүүлэх чадвараа илүү хөгжүүлж байсан юм.
2022-2023 оны улиралд Кавамүра B.League-ийн хамгийн үнэ цэнтэй тоглогч буюу MVP, шилдэг шинэ тоглогч болон шилдэг хамгаалагчийн шагналыг хүртэж, улирлын шилдэг багт багтсан. Түүний амжилт дараагийн улиралд ч үргэлжилж, дамжуулалтын үзүүлэлтээрээ лигийн тэргүүлэгчдийн нэг болсон байна. Эдгээр амжилт нь түүнийг Японы лигийн авьяаслаг тоглогч төдийгүй олон улсын түвшинд өрсөлдөх боломжтой тамирчин гэдгийг харуулж эхэлж байлаа.
ПАРИСЫН ОЛИМПЫН ҮЕЭР ОЛОН УЛСЫН ТҮВШИНД ТАНИГДСАН НЬ

2023 оны сагсан бөмбөгийн ДАШТ болон 2024 оны Парисын олимпод Японы шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглосон нь Кавамүрагийн карьерын чухал үе байлаа. Японы шигшээ баг 2023 оны ДАШТ-ий үеэр Финландын багийг 98:88-аар хожсон түүхэн тоглолтод тэрээр 25 оноо, 9 оновчтой дамжуулалт өгч, багийнхаа ялалтад том хувь нэмэр оруулсан юм.
Харин 2024 оны Парисын олимпын үеэр Францын шигшээ багтай хийсэн тоглолтод Кавамүра 29 оноо авч, 7 самбар, 6 оновчтой дамжуулалт гүйцэтгэжээ. Тухайн тоглолтод Япон 90:94-өөр нэмэлт цагт хожигдсон ч Кавамүрагийн үзүүлсэн тоглолт олон улсын сагсан бөмбөг сонирхогчдын анхаарлыг татсан байна. Тэрээр олимпын тэмцээнийг нэг тоглолтод дунджаар 20.3 оноо, 7.7 оновчтой дамжуулалттай дуусгасан нь түүний довтолгоо зохион байгуулах чадвар хэр өндөр болохыг харуулсан үзүүлэлт юм.
ДРАФТААР СОНГОГДООГҮЙ Ч NBA-Д ОРЖ ЧАДСАН
NBA-д тоглох нь олон сагсан бөмбөгчний мөрөөдөл боловч энэ түвшинд хүрэхийн тулд зөвхөн ур чадвар хангалтгүй. Тамирчид багийн бүрэлдэхүүнд багтах, биеийн үзүүлэлт болон тоглолтын хэв маягаараа өрсөлдөх зэрэг олон сорилттой тулгардаг. Кавамүра 2023 оны NBA-ийн драфтаар сонгогдоогүй ч зорилгоосоо ухраагүй юм.
Тэрээр 2024 онд Memphis Grizzlies багтай гэрээ байгуулж, NBA-ийн улирлын тоглолтуудад оролцох боломжтой болж байлаа. 2024-2025 оны улиралд тус багийн бүрэлдэхүүнд NBA-ийн 22 тоглолтод оролцсон. Дараа нь Chicago Bulls багт нэгдэж байв. 2025-2026 оны улиралд Bulls багтаа NBA-ийн 18 тоглолтод оролцож, нэг тоглолтод дунджаар 3.4 оноо, 2.6 оновчтой дамжуулалт өгчээ.
2026 оны наймдугаар сард Кавамүра Los Angeles Clippers багтай Exhibit 10 гэрээ байгуулсан байна. Тэрээр улирлын өмнөх тоглолтуудын нэгэнд Toronto Raptors багийн эсрэг 14 минут тоглож, 10 оноо, 4 оновчтой дамжуулалт, 2 бөмбөг таслалт бүртгэжээ. Гэвч аравдугаар сарын 12-нд Clippers түүний гэрээг цуцалсан байна. Энэ нь NBA-ийн үндсэн багийн бүрэлдэхүүнд үлдэхэд өрсөлдөөн ямар өндөр байдгийг харуулахын зэрэгцээ Кавамүрагийн мэргэжлийн замналын дараагийн сорилт болж байна.

JA MORANT-ТАЙ ТОГТООСОН НӨХӨРЛӨЛ
Кавамүра Memphis Grizzlies багт тоглож байхдаа NBA-ийн од тоглогч Ja Morant-тай ойр дотно харилцаатай болсон тухайгаа ярилцлагадаа дурджээ. Тэрээр АНУ-д ирснийхээ дараа англи хэл сурч эхэлсэн бөгөөд Morant түүнд англи хэл болон сагсан бөмбөгийн ур чадвараа хөгжүүлэхэд нь тусалдаг байсан гэнэ.
Кавамүра Morant-ыг өөрт нь тусалдаг ах шиг хүн хэмээн тодорхойлсон байдаг. Тэдний харилцаа нь мэргэжлийн спортод шинэ орчинд дасах болон өөр соёлд суралцахад харилцан дэмжлэг ямар чухал болохыг харуулдаг. Ялангуяа эх хэл, соёл нь өөр оронд тоглож буй залуу тамирчны хувьд багийнхныхаа дэмжлэгийг авах нь карьерын хөгжилд чухал нөлөөтэй юм.
ХУРДАН ХОЛБОГЧИЙН УР ЧАДВАР
Кавамүра өөрийн биеийн үзүүлэлтүүд бусад тоглогчдоос ялгаатай гэдгийг сайн ойлгодог. Гэвч тэрээр үүнийг амжилтад хүрэх боломжгүй гэсэн шалтгаан гэж үздэггүй. Харин жижиг биетэй тоглогчид шаламгай байдал, шийдвэр гаргах чадвараа давуу тал болгон ашиглах ёстой гэж үздэг байна.
Тэрээр ярилцлагадаа Азийн тамирчид биеийн хэмжээ, хүч чадлын хувьд сул талтай байж болох ч өөрсдийн давуу талд төвлөрөх хэрэгтэй гэсэн санааг илэрхийлжээ. Мөн биеийн үзүүлэлтээ өөрчлөх боломж хязгаарлагдмал байсан ч сэтгэлгээ, хандлагаа өөрчилж, хөгжүүлэх боломж үргэлж байдаг гэж онцолсон байна.
Кавамүра NBA-д анх тоглосон мөчөө мөрөөдөл нь биелсэн онцгой үйл явдал хэмээн дурсдаг ч үүгээр зорилго нь дуусаагүй гэдгийг мөн хэлсэн. Түүний цаашдын хүсэл бол NBA-д тогтвортой гэрээ байгуулж, аварга болох юм.

ӨӨРИЙН ДАВУУ ТАЛАА ТАНЬЖ, ТҮҮНИЙГЭЭ ХӨГЖҮҮЛЖ ЧАДДАГ
Юки Кавамүрагийн замнал нь сагсан бөмбөгийн спортод амжилт гаргахын тулд заавал бусадтай ижил биеийн үзүүлэлттэй байх шаардлагагүйг харуулдаг. Тэрээр Японы дотоодын лигт амжилт гаргаж, шигшээ багийнхаа төлөө олон улсын тэмцээнүүдэд өрсөлдөн, улмаар NBA-ийн талбайд тоглож чадсан юм.
Мэдээж NBA-д хүрсэн нь тэнд байр сууриа бүрэн баталгаажуулсан гэсэн үг биш. Түүний Clippers багтай байгуулсан гэрээ цуцлагдсан явдал нь мэргэжлийн спортын өрсөлдөөн тасралтгүй үргэлжилдгийг харуулж байна. Гэсэн хэдий ч түүний өмнөх амжилтууд, тоглолтын хэв маяг, өөрийгөө хөгжүүлэх хүсэл нь олон залуу тамирчинд суралцах зүйл өгдөг.
Кавамүрагийн түүхээс авах гол санаа нь бусадтай ижил байх гэж хичээхээс илүү өөрийн давуу талаа таньж, түүнийгээ хөгжүүлэх явдал юм. Өндөр нуруу, биеийн хүч, гарааны боломж зэрэг нь спортод нөлөөлөх хүчин зүйлс боловч ур чадвар, тууштай байдал, зөв хандлага мөн чухал үүрэгтэй. Японоос NBA-д хүрсэн түүний замнал энэ санааг бодитоор харуулж байна.




159











