АНУ, Канадын мэргэжлийн сагсан бөмбөгийн хамгийн дээд лиг болох NBA-ийн Орландо багийн харьяа, тоглогч хөгжүүлдэг G лигийн багт Ш.Энхийн-Од тоглохоор болжээ.
G лиг бол залуу тоглогчид мэргэжлийн түвшинд тоглож, өөрийгөө харуулан NBA-д орох боломж хайдаг лиг юм.
Тухайлбал, Орландо Мэжик багийн сагсан бөмбөгийн үйл ажиллагаа хариуцсан ерөнхийлөгч Жефф Велтман Осеола Мэжик багтай чөлөөт агент Ш.Энхийн-Од буюу Майк Шаравжамцтай гэрээ байгуулснаа албан ёсоор зарлажээ.
Түүний аав Ц.Шаравжамц өөрийн цахим хуудсанд "Энэ өдрийг мөн олон жил хүлээлээ дээ. NBA-тэй албан ёсны гэрээ хийсэн анхны монгол тамирчин боллоо. Хүүгийнхээ нэрийг харах сайхан байна. 10 хоногийн гэрээ хийсэн. Одоо тоглох G лигийн багтаа юу чаддагаа үзүүлээрэй. Аав, ээж нь хүүгээрээ бахархаж байна" хэмээн нийтэлжээ.
"Orlando Sentinel’ сонины сэтгүүлч Жейсон Бидигийн мэдээлснээр, Майк Шаравжамц Орландо Мэжик багтай даваа гарагт "Exhibit 10" гэрээ байгуулсан. Тэрээр энэ улиралд "Осеола Мэжик" багийн бүрэлдэхүүнд багтаж тоглох төлөвтэй байна гэжээ.



135











