Victoria’s Secret-ийн загварын шоунд 2014-2018 онд тогтмол оролцож байсан загвар өмсөгч Роми Стрейд TikTok-т хоёр видео нийтэлжээ.
31 настай Нидерландын загвар өмсөгч эхний бичлэгтээ олон хүн түүнээс удахгүй болох шоунд оролцох эсэхийг нь асууж байсныг ярьсан байна. Хоёр хүүхдийн ээж болсон Стрейд 2026 оны шоунд оролцохоор шалгуулж үзэхээр шийджээ.
Гэвч түүнд тав, зургаан долоо хоногийн турш ямар ч хариу ирээгүй аж. “Би агентлагаасаа байнга мэдээлэл асууж байсан. Гэхдээ би одоо хүртэл "магадгүй" гэсэн жагсаалтад байгаа бололтой” гэж тэр ярьжээ.
Шоу эхлэхэд ердөө зургаахан хоног үлдсэн байхад түүний оролцох эсэх нь тодорхойгүй хэвээр байсан тул Стрейд бэлтгэлээ үргэлжлүүлсэн байна.

Эхний бичлэгээ нийтэлснийхээ дараахан Стрейд TikTok-т хоёр дахь видеогоо хийсэн байна. Энэ удаад тэрээр нулимс дуслуулан, шоунд оролцохгүй болсноо дөнгөж сая мэдсэн тухайгаа ярьжээ.
“Агентлагийн хүн маань сая над руу залгасан. Би ‘За, юу болсон бэ?’ гэж асуусан. Тэгэхэд тэр ‘Чи үнэхээр сайхан харагдаж байгаа, энэ тэр гээд л... Гэхдээ тэд чамайг энэ жилийн шоунд тохирохгүй гэж үзсэн’ гэсэн” хэмээн Стрейд ярьжээ.

Стрейдийг шоунд оролцуулахгүй гэсэн шийдвэрт цахим орчинд олон хүн гайхаж, дургүйцлээ илэрхийлжээ.
“Тэр шоунд тохирохгүй гэж үү? Чи өөрөө л тэр шоу шүү дээ” гэж нэгэн хэрэглэгч бичсэн бол өөр нэг нь “Жинхэнэ сахиусан тэнгэрүүдийн оронд инфлүүнсерүүдийг шоундаа оруулах гэж байгаа нь үнэхээр солиотой хэрэг” хэмээжээ.
Энэ маргаан олон нийтийн сүлжээнүүдээр өрнөж, зарим шүтэн бишрэгч шоуг бойкотлохоо мэдэгдсэн байна.
Инстаграм дахь олон хүнд хүрсэн нэгэн нийтлэлийн дор хэрэглэгч “Олон хүн Роми зүгээр л Victoria’s Secret-ийн тайзан дээр алхсан нэгэн охин биш гэдгийг ойлгохгүй байна. Тэр бол жинхэнэ сахиусан тэнгэр байсан. Брэндийн нүүр царай болгохоор сонгогдсон хүн шүү дээ. Гэтэл одоо түүнтэй ингэж харьцаж байгаа нь юу вэ?” гэж бичжээ.
Энэхүү сэтгэгдэл 24 хүрэхгүй цагийн дотор 35,000 гаруй лайк авсан байна.

Reddit-ийн нэгэн хэрэглэгч “Тэд одоо хорь гаруй насны TikTok одууд, инфлүүнсерүүд болон сошиал сүлжээнд маш их дагагчтай загвар өмсөгчдөд илүү анхаарал хандуулж байгаа бололтой” гэж бичжээ.
Энэ үйл явдал зөвхөн нэг загвар өмсөгчийн тухай биш, Victoria’s Secret брэнд хуучин имижээ хадгалах уу, шинэ үеийн үзэгчдэд нийцэх үү гэсэн томоохон маргаан болжээ
Зарим хэрэглэгчид олны танил хүмүүсийн хүүхдүүдийг сонгож буйд шүүмжлэлтэй хандсан байна. Тэдний дунд Америкийн жүжигчин, реалити шоуны од Лиза Ринна болон жүжигчин Харри Хэмлин нарын охин, 25 настай Амелиа Грей багтжээ.
Мөн жүжигчин Холливудын жүжигчин Жүд Лоугийн охин 157 см өндөртэй охин, 25 настай Айрис Лоу мөн оролцсон юм. Загвар өмсөгч Кейт Моссын охин, 24 настай Лайла Мосс 2024 болон 2025 оны шоунд тайзнаа алхжээ.
Крис Женнерийн охин, 30 настай Кендалл Женнер болон Ёланда Хадидын охид болох 31 настай Жижи Хадид, 30 настай Белла Хадид нар ч тус шоуны байнгын оролцогчид юм.
Түүнчлэн NBA-ийн домогт сагсан бөмбөгчин Коби Брайнтын охин Наталиа Брайнт энэ жилийн шоунд оролцлоо.
Стрейд тайзнаа эргэн гараагүй ч олон жил тус брэндийн сахиусан тэнгэр байсан бусад загвар өмсөгчид шоунд оролцлоо. Тэдний дундаас 2000 оноос хойш Victoria’s Secret-ийн сахиусан тэнгэрээр ажиллаж буй, хамгийн олон жил тус брэндтэй хамтран ажилласан Адриана Лима онцгой байр суурь эзэлж байна.
Мөн Александра Амбросио, Барбара Палвин нар оролцсон. Барбара Палвин 2026 оны шоунд анхны хүүхдээ төрүүлснээсээ хойш ердөө зургаан долоо хоногийн дараа тайзнаа эргэн гарсан нь олны анхаарлыг татжээ.
2010 онд сахиусан тэнгэр болсон Кэндис Свэйнпол болон 2015 оноос тус брэндийн сахиусан тэнгэрээр ажиллаж буй Элза Хоск нар шоунд оролцлоо.


81











