Испанийн загварын брэнд Desigual-ийн 2026 оны намар-өвлийн сурталчилгаанд Tesla, SpaceX компанийн үүсгэн байгуулагч Илон Маскийн охин Вивиан Женна Уилсон тогложээ. Хиймэл оюун ухаан, роботын хязгаарлагдмал байдлыг ёгтлон харуулсан уг сурталчилгааг олон улсын хэвлэлүүд Маскийн технологийн бизнес болон охинтойгоо харилцах харилцаатай холбон тайлбарлаж байна.
“Тэр дуулгавартай байхаар бүтээгдсэн. Харин би тийм биш”

“Born to Disobey” буюу “Дуулгаваргүй байхаар төрсөн” нэртэй сурталчилгаанд 22 настай загвар өмсөгч Вивиан роботтой хамт гарна. DESI84 нэртэй уг хүн дүрст робот өдөр тутмын ажилд туслах зориулалттай боловч сурталчилгааны туршид Вивианы хүссэнээр ажиллаж чаддаггүй.
Тэрээр роботыг нохой мэт хөтөлж, цээжин дээр нь гольфын бөмбөг тавин цохих зэргээр янз бүрийн үйлдэл хийлгэхийг оролдоно. Мөн роботод брэндийн нэрийг хэлж сургахыг оролддог ч машин алдаа гаргаж, доголдсоор байдаг.
Сурталчилгааны гол санааг илэрхийлэхдээ Вивиан “Түүнийг дуулгавартай байхаар бүтээсэн. Харин би тийм биш” гэсэн утгатай. Мөн төгсгөл хэсэгтээ “Зарим зүйлийг засах гэж оролдох хэрэггүй” гэсэн санааг илэрхийлжээ.

Тэр аавынхаа бизнесийг шүүмжилсэн үү?
Уг сурталчилгааг олны анхаарлын төвд оруулсан гол шалтгаан нь Вивиан бол хиймэл оюун ухаан болон хүн дүрст роботын технологид ихээхэн хөрөнгө оруулж буй Илон Маскийн охин юм.
Маскийн Tesla компани Optimus нэртэй хүн дүрст робот бүтээж байгаа бол түүний xAI компани хиймэл оюун ухааны технологи хөгжүүлдэг. Сурталчилгааны DESI84 роботын дүр төрх, үйлдэл нь Tesla-гийн Optimus роботыг санагдуулж байгаа талаар хэвлэлүүд онцолжээ.
Тиймээс “Түүнийг дуулгавартай байхаар бүтээсэн. Харин би тийм биш” гэх үг нь зөвхөн роботын тухай бус, бусдын тогтоосон дүрэм, хүлээлтэд захирагдахгүй байх тухай давхар санаа агуулж буй юм. Гэхдээ Вивиан болон Desigual уг сурталчилгааг Илон Маскт шууд хандсан шүүмжлэл гэж шууд тодорхойлох боломжгүй билээ. Харин хэвлэлүүдийн дэвшүүлж буй зарим тайлбарт ийм утга агуулж байна.

Аав, охины харилцаа
Вивиан Женна Уилсон нь Илон Маск болон түүний анхны эхнэр, зохиолч Жастин Уилсон нарын ихрүүдийн нэг юм. Тэрээр 2022 онд шүүхийн шийдвэрээр нэр, хүйсээ өөрчилж, эхийнхээ овгийг авсан бөгөөд эцэгтэйгээ харилцаагаа тасалсан тухайгаа өмнө нь олон нийтэд ярьж байжээ.
Илон Маск охиныхоо хүйсийн шилжилтийн талаар олон нийтийн өмнө маргаантай мэдэгдлүүд хийж байсан бол Вивиан ч эцгийнхээ талаар өөрийн байр суурийг илэрхийлж ирсэн. Илон Маск нэгэн ярилцлагадаа "Хүү минь нас барсан. Тэр нэгэн вирусийн халдвар авсан байсан" хэмээж байсан нь транжендер охинтойгоо тангараг тасарсныг илтгэж байна.
Эх сурвалж: People


205











