Тайланд улсад болсон "Miss Grand Internatianol" тэмцээнд Монгол Улсыг төлөөлж БНХАУ-ын иргэн Amber Yuhan гэх эмэгтэй оролцсоныг олон нийт эсэргүүцэж, Гадаад харилцааны яам үүнд анхаарал хандуулахыг шаардаж байв.
Энэ асуудлаар Гадаад хэргийг сайд Б.Батцэцэг өнөөдөр сэтгүүлчдийн асуултад хариулт өгчээ.
Сайд Б.Батцэцэг, Манай улсын нэр дээр өөр улсын иргэн миссийн тэмцээнд оролцсон байна лээ. Энэ тэмцээнийг зохион байгуулсан Тайландын хувийн хэвшлийн компанид бид хандсан. Мөн Тайландын Гадаад хэргийн яаманд албан захидал, ноот бичиг явуулж, манай Элчин сайдын яам хөөцөлдөж ажилласан.
Харамсалтай нь энэ компани бидний үгийг аваагүй. Тэмцээн дуустал ямар нэг хариу өгөөгүй. "Бид танай хүсэлтийг авлаа. Нягталж үзье. Энэ асуудалд анхааръя" гэсэн хариу өгсөөр байгаад тэмцээнийг дуусгасан.
Энэ асуудлыг зүгээр орхихгүй, үргэлжлүүлэн хөөцөлдөнө. Дараа дараагийн тэмцээн уралдаануудад Монгол Улсын туг далбаа, Монгол Улсын нэрийг ашиглахыг бид хатуу эсэргүүцэж байна.
Бид асуудлыг дипломат шугамаар Тайландын Засгийн газарт тавьсан. Тайландын Засгийн газар энэ компанид хариуцлага тооцно гэж найдаж байна. Бид үргэлжлүүлэн шаардах болно гэв.


3196











