АНУ-ын Флорида мужийн Майами-Дэйд тойрогт Uber Eats-ийн хүргэлтийн жолоочийг буудаж, бууныхаа бөгсөөр толгой руу нь цохисон хэрэгт 33 настай Хүслэн Саруултуяа гэгчийг сэжиглэн баривчилжээ. Тэрбээр цахим орчинд Khuslen Khan нэрээр танигддаг бөгөөд хүн амины хэрэг үйлдэхийг завдсан, аюултай зэвсэг ашиглан биед халдсан зэрэг хэрэгт холбогдоод байна.
Хэрэг аравдугаар сарын 12-ны үүрээр Dadeland Mall худалдааны төвийн ойролцоох орон сууцны хороололд гарчээ.
Хүргэлтийн жолооч хоол хүргэж өгөхдөө тухайн байрны үүдэнд нэг эмэгтэйтэй танилцжээ. Тэрбээр эмэгтэйн утасны дугаарыг авахаар 50 орчим минутын дараа буцаж ирэхэд эмэгтэйн найз залуу гэх С. Хүслэн буу тулган сүрдүүлж, улмаар буудан шархдуулсан гэж цагдаагийн байгууллага мэдээлжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны тайланд дурдсанаар, энэ үеэр С.Хүслэн саарал өнгийн Corvette автомашинаар ирж, хүргэлтийн жолооч руу буу чиглүүлэн газар хэвтэхийг шаарджээ. Улмаар буудаж, сум жолоочийн баруун өгзгийг шүргэн шархдуулсан байна. Мөн газар хэвтэж байсан жолоочийн толгойн ар хэсэгт буугаараа цохиж, таван сантиметр орчим шарх учруулсан гэжээ.
Жолооч эцэст нь зугтаж, эмнэлэгт хүргэгджээ. Цагдаа нар гэрчүүдийн мэдээлэлд үндэслэн сэжигтнийг тогтоож, тухайн орой түүнийг орон сууцнаас нь баривчилсан байна.
Орон сууцанд нь нэгжлэг хийх үеэр кокаин, MDMA буюу экстази, кетамин, марихуан, псилоцибин мөөг болон жороор олгодог олон тооны эм олдсон байна. Түүнчлэн мөрдөн байцаагчид хар тамхины худалдаатай холбоотой байж магадгүй гэж үзсэн 11,394 ам.долларын бэлэн мөнгийг хураан авчээ.
Шүүх хуралдааны үеэр шүүгч С.Хүслэнд кокаин, экстази худалдаалах, Adderall эмийг худалдаалах, хадгалахтай холбоотой хэрэгт холбогдсоныг танилцуулжээ. Харин С.Хүслэн эдгээр эмийг эмчийн жороор авсан гэж хэлжээ.
Одоогийн хэрэгт С.Хүслэнд хүн амины хэрэг үйлдэхийг завдсан, аюултай зэвсэг ашиглан биед халдсан болон мансууруулах бодисын худалдаа, хадгалалттай холбоотой хэд хэдэн хэрэг тулгажээ. С.Хүслэнгийн гэм бурууг шүүх эцэслэн тогтоогоогүй байна.
Өмнө нь 2022 онд Кендалл дахь LA Fitness спорт зааланд хутга барьсан этгээд С.Хүслэнг заналхийлсэн хэрэг гарч байжээ.
Эх сурвалж: WSVN, NBC 6
Мэдээг унших бол ЭНД дарна уу.


201











