Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах “Miss Universe” тэмцээний 75 жилийн түүхэнд анх удаа хүүхэдтэй, гэрлэсэн эмэгтэй ялагч болжээ.
Тодруулбал, Пуэрто-Риког төлөөлөн оролцсон 27 настай Женнифер Баррето “Miss Universe” тэмцээний финалд түрүүлж, дэлхийн гоо бүсгүйн титмийг хүртжээ.
Тэмцээний зохион байгуулагчид 2023 оноос эхлэн гэрлэсэн болон хүүхэдтэй эмэгтэйчүүдийг оролцуулах журмаа өөрчилсөн юм.
Тэрбээр долоон настай охины ээж бөгөөд нөхөртэйгээ хамт ам бүл гурвуулаа амьдардаг аж. Женнифер Баррето судалгааны сэтгэл судлал болон клиник нийгмийн ажил гэсэн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан бөгөөд АНУ-ын Батлан хамгаалах яаманд урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжилтнээр ажилладаг байна. Түүний ажил нь нийгэмд хор хөнөөл учруулж болзошгүй зан үйлээс урьдчилан сэргийлэх стратеги боловсруулахад чиглэдэг аж.

“Miss Universe” тэмцээнийг зохион байгуулагчид 2022 онд оролцогчдод тавьдаг гэрлээгүй, хүүхэдгүй байх шаардлагыг цуцалж, 2023 оноос эхлэн гэрлэсэн болон хүүхэдтэй эмэгтэйчүүдийг оролцуулах шийдвэр гаргажээ.
Энэ өөрчлөлтийн дараа 2023 онд Гватемалын Мишель Кон хоёр хүүхдийн ээж гэдгээрээ тус тэмцээнд оролцсон анхны ээж болсон юм. Харин Колумбын Камилла Авелла гэрлэсэн, хүүхэдтэй оролцогчдын нэгээр шалгарч, тухайн жилийн тэмцээний шилдэг таван оролцогчийн тоонд багтаж байв.
Женнифер Барретогийн ялалт Пуэрто-Рикогийн хувьд ч онцгой үйл явдал болсон бөгөөд тус улс ийнхүү “Miss Universe”-ийн зургаа дахь титмээ хүртжээ. Пуэрто-Рико хамгийн сүүлд 2006 онд тус тэмцээнд түрүүлж байсан юм.
Эх сурвалж: AP news


193











