Apple, Microsoft, Google-ийн толгой компани Alphabet, Amazon, NVIDIA, Meta болон Tesla. Дэлхийн технологийн салбарыг эдгээр долоон компани удирддаг. Тэдний хувьцааны зах зээлийн нийт үнэлгээ өнгөрсөн оны эцсээр 21.76 их наяд ам.долларт хүрчээ. Харин Монгол Улсын 2025 оны дотоодын нийт бүтээгдэхүүн буюу нэг жилийн хугацаанд эдийн засагт үйлдвэрлэсэн бараа, үйлчилгээний нийт үнэ цэн урьдчилсан гүйцэтгэлээр 25.37 тэрбум ам.доллартой тэнцэж байна.
Өөрөөр хэлбэл, эдгээр долоон аваргын хувьцааны нийт зах зээлийн үнэлгээ Монгол Улсын нэг жилийн эдийн засгийн хэмжээнээс ойролцоогоор 858 дахин их байгааг харж болно. Тэгвэл эдгээр компани тус бүр ямар үнэлгээтэй байгаа вэ? Монголын эдийн засгийг хэр хол орхигдсон байгааг харцгаая.
ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?
Компанийн зах зээлийн үнэлгээ нь тухайн компанийн хөрөнгийн бирж дээр арилжаалж буй хувьцаануудын нийт зах зээлийн үнийг илэрхийлэх үзүүлэлт юм. Үүнийг хувьцааны тухайн үеийн үнэ болон зах зээлд гаргасан нийт хувьцааны тоог үржүүлж тооцдог.
Энэ үзүүлэлт нь компанийн нэг жилийн орлого, ашиг эсвэл борлуулалтын хэмжээ биш. Харин хөрөнгө оруулагчид тухайн компанийн ирээдүйн өсөлт, ашиг олох боломж, технологи, брэнд болон зах зээлд эзлэх байр суурийг хэрхэн үнэлж байгааг харуулдаг үзүүлэлт билээ.
Технологийн долоон аваргын үнэлгээ

Доорх тооцооллыг 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн зах зээлийн үнэлгээнд үндэслэн гаргав.
- NVIDIA компани - 4.56 их наяд ам.доллар: Энэ нь Монгол Улсын 2025 оны ДНБ-ээс ойролцоогоор 180 дахин их гэсэн үг.
- Apple компани - 4.01 их наяд ам.доллар: Монголын жилийн ДНБ-ээс ойролцоогоор 158 дахин их үзүүлэлт юм.
- Alphabet (Google) - 3.82 их наяд ам.доллар: Энэ нь Монгол Улсын 2025 оны ДНБ-ээс ойролцоогоор 151 дахин их гэсэн үг.
- Microsoft компани - 3.58 их наяд ам.доллар: Монголын жилийн ДНБ-ээс ойролцоогоор 141 дахин их үзүүлэлт юм.
- Amazon - 2.51 их наяд ам.доллар: Энэ нь Монгол Улсын жилийн ДНБ-ээс 99 дахин их хэмжээ юм.
- Meta компани - 1.69 их наяд ам.доллар: Монголын жилийн ДНБ-ээс ойролцоогоор 67 дахин их үзүүлэлт юм.
- Tesla - 1.59 их наяд ам.доллар: Энэ нь Монголын жилийн ДНБ-ээс 63 дахин их хэмжээ юм. Tesla-ийн зах зээлийн үнэлгээ нь зөвхөн автомашины үйлдвэрлэлээр хязгаарлагдахгүй.
ТЕХНОЛОГИЙН ДОЛООН АВАРГЫН НИЙТ ҮНЭЛГЭЭ МОНГОЛЫН ДНБ-ЭЭС 858 ДАХИН ИХ
2025 оны эцсийн байдлаар зах зээлийн үнэлгээгээр долоон компанийн дүнг нэгтгэн харвал:
<div class="flourish-embed flourish-chart" data-src="visualisation/31025332"><script src="https://public.flourish.studio/resources/embed.js"></script><noscript><img src="https://public.flourish.studio/visualisation/31025332/thumbnail" width="100%" alt="chart visualization" /></noscript></div><div class="flourish-fallback" data-for="visualisation/31025332"><a href="https://public.flourish.studio/visualisation/31025332/visualisation.json?ref=embed-script">https://public.flourish.studio/visualisation/31025332/visualisation.json?ref=embed-script</a></div>
Харин Монгол Улсын 2025 оны ДНБ урьдчилсан гүйцэтгэлээр 25.37 тэрбум ам.доллартой тэнцэж байна. Энэ нь технологийн тэргүүлэх компанийн нийт зах зээлийн үнэлгээ Монголын нэг жилийн эдийн засгийн хэмжээнээс ойролцоогоор 858 дахин их байгааг илэрхийлж байгаа юм.
ЭДГЭЭР КОМПАНИЙН ҮНЭЛГЭЭ ӨНДӨР БАЙГАА ШАЛТГААН
Долоон компанийн зах зээлийн үнэлгээ ийм өндөр байгаа нь зөвхөн өнөөдрийн үйл ажиллагаа, борлуулалттай нь холбоотой биш юм. Хөрөнгө оруулагчид эдгээр компанийн ирээдүйд бий болгож болох үнэ цэнэ, технологийн давуу тал, дэлхийн зах зээлд эзлэх байр суурь болон цаашдын өсөлтийн боломжийг харгалзан хувьцааг нь үнэлдэг.
Тухайлбал, NVIDIA хиймэл оюун ухааны тооцооллын чипийн эрэлтээс, Microsoft болон Amazon үүлэн технологиос, Alphabet болон Meta цахим платформ, зар сурталчилгаа болон хиймэл оюун ухаанаас, Apple хэрэглэгчийн технологийн экосистемээс, Tesla цахилгаан автомашин болон автоматжуулалтын технологийн ирээдүйн боломжуудаас хамааран өндөр үнэлгээ авч байна.
Эдгээр компаниудын нийтлэг нэг шинж нь дэлхийн олон орны хэрэглэгч, бизнес, байгууллагад хүрч ажилладаг, технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ асар том зах зээлд нийлүүлэх боломжтой байдаг.
Харьцуулалтыг зөвөөр ойлгох нь
Компанийн зах зээлийн үнэлгээ нь тухайн өдрийн хувьцааны үнэ болон нийт хувьцааны тоонд үндэслэн тооцдог хөрөнгийн зах зээлийн үнэлгээ. Харин ДНБ нь тухайн улсын нутаг дэвсгэрт нэг жилийн хугацаанд үйлдвэрлэсэн эцсийн бараа, үйлчилгээний нийт үнэ цэнэ юм.
Тиймээс 21.76 их наяд ам.долларын зах зээлийн үнэлгээг Монголын 25.37 тэрбум ам.долларын ДНБ-тэй харьцуулж буй нь хоёр өөр үзүүлэлтийн хэмжээг ойлгомжтой болгох зорилготой харьцуулалт гэдгийг ойлгох нь зүйтэй.
Энэ харьцуулалт нь зөвхөн тоон зөрүүг харуулаад зогсохгүй дэлхийн технологийн компаниудын зах зээлд эзлэх байр суурь, хөрөнгө оруулагчдын итгэл болон ирээдүйн технологийн хөгжлийн эдийн засгийн үнэ цэнэ ямар хэмжээнд хүрснийг харуулж байна.
Нөгөө талаас, Монгол Улсын эдийн засгийн хэмжээг зөвхөн дэлхийн томоохон компаниудын зах зээлийн үнэлгээтэй харьцуулан дүгнэх боломжгүй. Улсын эдийн засгийн бодит чадамжийг үйлдвэрлэл, бүтээмж, экспорт, хөрөнгө оруулалт, ажлын байр, иргэдийн амьжиргаа зэрэг олон үзүүлэлтээр хамтад нь үнэлэх шаардлагатай юм.



306











