BLACKPINK хамтлагийн гишүүн LISA АНУ-ын Лас Вегас хотын алдарт Caesars Palace ордонд өөрийн бие даасан “VIVA LA LISA” резиденси тоглолтоо арваннэгдүгээр сарын 12-нд эхлүүлж, K-pop хөгжмийн түүхэнд шинэ хуудас нээлээ. Тэрээр Лас Вегаст өөрийн нэрээр резиденси тоглолт зохион байгуулж буй анхны K-pop уран бүтээлч болж байгаа юм.
Анх дөрвөн өдөр тоглохоор төлөвлөгдсөн байсан ч тасалбарууд ердөө 10 минутын дотор бүрэн борлогдсон тул фенүүдийн хүсэлтээр дахин хоёр өдөр нэмсэн байна. Ийнхүү арваннэгдүгээр сарын 12, 13, 14 болон 27, 28, 29-ний өдрүүдэд нийт зургаан удаа тоглохоор болжээ.
АЛТАН ЛЯНХУА ЦЭЦГЭЭС ЭХЭЛСЭН ГАЙХАЛТАЙ ШОУ

Нээлтийн тоглолт ойролцоогоор 90 минут үргэлжилж, таван өөр бүлэгт хуваагдсан бөгөөд тайзны шийдэл, бүжиг дэглэлт, хувцаслалт зэргээрээ үзэгчдийн анхаарлыг татсан байна.
Тоглолтын эхэнд LISA асар том алтан лянхуа цэцгийн дундаас гарч ирэн, агаарын цагирагт өргөгдөн “Tarantino” дуугаа дуулжээ. Улаан өд, гоёмсог даавуугаар чимэглэсэн энэхүү нээлт нь Лас Вегасын шоу үзүүлбэрийн уур амьсгалыг бүрдүүлсэн байна.
Үүний дараа тайз шоу бүжигчдийн хувцас солих өрөө мэт болж хувирч, толин чимэглэл, гялалзсан хувцас, олон төрлийн тайзны хэрэглэлтэй уран сайхны шийдлүүд үргэлжилжээ. Харин “V12” дууны үеэр хотын дүрслэл, галын эффект ашигласан нь тоглолтын онцлох хэсгүүдийн нэг болсон байна.
RIHANNA, BRITNEY SPEARS БОЛОН BLACKPINK-ИЙН ДУУГ НЭГТГЭСЭН ҮЗҮҮЛБЭР
LISA зөвхөн өөрийн дуунуудаа дуулаад зогсохгүй, үзэгчдэд гэнэтийн бэлэг барьжээ.
Тухайлбал, “Elastigirl” дууны эхлэлд Britney Spears-ийн алдарт “Gimme More” дууны хэсгийг оруулсан бол “MONEY” дууны төгсгөлийн бүжгийн үзүүлбэрт Rihanna-гийн “Bitch Better Have My Money” болон BLACKPINK-ийн “JUMP” дууны хэсгүүдийг нэгтгэсэн байна.
Мөн “MONEY” дууны үеэр өөрийн зурагтай тусгай мөнгөн дэвсгэртүүдийг үзэгчид рүү цацсан нь Лас Вегасын өвөрмөц уур амьсгалтай нийцсэн хөгжилтэй мөч болжээ.
ФЕНҮҮДТЭЙГЭЭ ХАМГИЙН ОЙРООС УУЛЗСАН МӨЧ

Тоглолтын хамгийн сэтгэл хөдөлгөм хэсгүүдийн нэг нь LISA тайзнаас үзэгчдийн дунд очсон явдал байв.
“Dream” дууны үеэр тайзнаас үзэгчдийн суудал руу чиглэн хөдөлж, дээш өргөгдөх боломжтой тусгай тавцанг ашигласан бол “When I'm With You” дууны үеэр фенүүдийнхээ дунд орж, тэдэнтэй мэндчилжээ.
Ингэснээр зөвхөн урд эгнээнд суусан үзэгчид бус, танхимын бусад хэсэгт суусан фенүүд ч уран бүтээлчтэйгээ илүү ойр байх боломжтой болсон байна.
ШИНЭ УРАН БҮТЭЭЛҮҮДЭЭ АНХ УДАА ТАЙЗНАА ТОЛИЛУУЛЛАА

Тэрээр аравдугаар сарын 23-нд гаргасан “PRESS PLAY” EP цомгийнхоо зургаан дууг бүгдийг нь тоглолтын хөтөлбөртөө багтаасан байна.
Үүнд “Tarantino”, “V12”, “Sweat”, “Cobra”, “Cut U Off”, “SaWaDiKa” зэрэг дуунууд багтжээ. Түүнчлэн өмнө нь албан ёсоор цацагдаагүй “Leave With Me” нэртэй дуугаа анх удаа амьдаар толилуулсан нь фенүүдийн сонирхлыг татсан байна.
Тоглолтын төгсгөлд Тайландын соёл, уур амьсгалыг шингээсэн “SaWaDiKa” дуугаа дуулсан нь түүний төрөлх оронтойгоо холбогдох онцгой мөч болжээ.
ФЕНҮҮДИЙНХЭЭ UBER-ИЙН ЗАРДЛЫГ ХҮРТЭЛ ДААЖЭЭ
Гэхдээ LISA энэ удаа зөвхөн тайзан дээрх үзүүлбэрээрээ бус, фенүүддээ зориулсан нэгэн гэнэтийн бэлгээрээ олны анхаарлыг татсан юм.
Тодруулбал, “VIVA LA LISA” тоглолтын VVIP багцын тасалбар худалдан авсан фенүүдэд Uber-ийн үнэгүй унааны эрх дагалдуулжээ. Нээлтийн тоглолтод оролцсон фенүүд Uber аппликейшн дээрээ “Lisa - Las Vegas Voucher” нэртэй купон хүлээн авсан тухайгаа олон нийтийн сүлжээнд хуваалцсан байна.
Тус эрхийг тоглолт руу очихоос гадна шоу дууссаны дараа гэр, зочид буудал руугаа буцахдаа ч ашиглах боломжтой аж.
Энэ нь олон мянган хүн цуглардаг Лас Вегасын томоохон тоглолтын дараа унаа олох, тээврийн зардлаа зохицуулах асуудлыг хөнгөвчлөх бодитой тусламж болжээ. Гэхдээ Uber-ийн зардлыг LISA өөрийн биеэр гаргасан эсэх нь албан ёсоор баталгаажаагүй бөгөөд уг эрх нь зөвхөн VVIP багцад хамаарч байгаа юм.
Ийнхүү LISA 90 минутын турш үргэлжилсэн таван бүлэгтэй гайхалтай шоу, шинэлэг тайзны шийдэл, фенүүдтэйгээ ойр харилцсан мөчүүдээрээ “VIVA LA LISA” тоглолтыг мартагдашгүй болгож чаджээ. Тэрээр K-pop урлагийн төлөөлөл Лас Вегасын энтертайнмент ертөнцөд өөрийн гэсэн байр суурийг бий болгож болохыг харуулсан нэгэн томоохон үйл явдлын эзэн боллоо.
Эх сурвалж: bandwagon.asia, elle



202











