“Ном уншихад яг одоо гар дээр баригдах зүйл мэдрэгдэхгүй байж болох ч амьдралын явцад хэрэг болох мөч ирдэг. Тэр үед ‘Өө, энэ зүйл чинь тэр ном дээр гарч байсан шүү дээ’ гэж бодогддог” хэмээн МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт зохиолч Баатарын Дэлгэрцэцэг ярьж байна. Тэрээр энэ удаагийн “Миний санал болгох ном” буланд Митч Албомын “Морритой өнгөрүүлсэн Мягмар гаргууд” бүтээлийг санал болголоо.
Баатарын Дэлгэрцэцэг номтой нөхөрлөсөн түүхээ дөрөвдүгээр ангиасаа эхэлсэн хэмээн дурслаа. Тэрээр анх урлагийн үзлэгээр унших шүлэг олохын тулд яруу найргийн ном эргүүлж байсан бол өнөөдөр түүний амьдрал номтой салшгүй холбоотой болжээ.
2017 онд анхны шүлгийн номоо, 2019 онд өгүүллэгийн номоо хэвлүүлсэн тэрээр нэгэн цагт өөрөө шимтэн уншдаг байсан зохиолчидтойгоо өнөөдөр нэгэн салбарт мөр зэрэгцэн ажиллаж, уран бүтээлийн талаар санал бодлоо солилцож явна.
-Та одоо ямар ном уншиж байгаа вэ?
-Луйс Борхесийн “Хоёр хаан, хоёр хонгил” гэдэг номыг уншиж байна. Энэ бол Г.Аюурзаны орчуулсан, дэлхийн шилмэл зохиолын цувралын нэг. Борхесийн зохиолууд их сонирхол татдаг. Ер нь сүүлийн үед хэмжээ жижигтэй, цүнхэнд авч явахад хялбар ном авч явж уншиж байна.
Үүний өмнө Стивен Кингийн “Бичихүйн тухай” номыг уншсан. Тагтаа паблишингаас хэвлүүлсэн энэ бүтээлд ямар нэгэн зүйл бичихийг хүсэж байгаа зохиолчид ямар арга техник, ямар багаж хэрэгсэл хэрэгтэй талаар өгүүлдэг.
Надад маш их нөлөөлсөн. Би өөрийнхөө зохиол дээр яг хэрхэн ажиллах ёстой вэ, одоо ашиглаж байгаа арга барил, техник маань зөв байна уу, буруу байна уу гэдгээ эргэцүүлж, авах зүйлсээ авч байна.
Стивен Кинг өөрөө их сонин, өвөрмөц ертөнцтэй зохиолч шүү дээ. Аймшгийн, уран зөгнөлт зохиолууд нь их гоё.
-Сүүлд уншсан номуудаас хамгийн их сэтгэгдэл үлдээсэн нь ямар бүтээл байв?
-Тө. Бямбасүрэн гэдэг залуу зохиолч, эмчийн “Улам дөжрөм, тэгээд нам гүм” номыг уншихад ойрд мэдрээгүй сонин мэдрэмж авсан. Амьдралын утга учир, хүн хоорондын харилцаа, ялангуяа үхэл амьдралын зааг дээр янз бүрийн нөхцөл байдалтай тулгарч буй өвчтөнүүдийн тухай өгүүлдэг. Яаралтай мэс заслын тасгийн эмч бичсэн гэдгээрээ ч онцлогтой байх.

Хүн өөрийнхөө амийг авруулсан тухай зохиол олон бий. Харин энэ ном хүний амь насыг аврах гэж байгаа хүний өнцгөөс бичигдсэнээрээ онцлог санагдсан. Ер нь амьдралд ойр, бодит байдлаас сэдэвлэсэн номууд илүү сэтгэлд хүрдэг юм билээ.
-Та манай уншигчидтай номтой нөхөрлөсөн түүхээсээ хуваалцаач?
-Би арван жилээ Төв аймгийн Зуунмод сумын хоёрдугаар арван жилд суралцаж төгссөн. Дөрөвдүгээр ангид байхдаа хоёр найзтайгаа аймгийн номын санд очиж, ном уншихаар карт нээлгэж байлаа. Тэр үед ихэвчлэн яруу найргийн ном авдаг байсан.
Урлагийн үзлэгээр унших шүлэг олох санаатай. Нэг удаа ном уншаад сууж байтал нэг мэдэхэд орой болчихсон байсан. Хамгийн сүүлд гарах хүүхэд нь би болсон. Номын санчтайгаа хоёулаа хаалгаа хаагаад гарах гэж байхад “Номын сангийн туслах хийдэг хүүхдүүд байдаг шүү. Чи сонирхож байвал туслах хийж болно. Тэгвэл бүх номыг үнэгүй уншина” гэж хэлсэн. Надад үнэхээр сонирхолтой санагдаад шууд л хийж эхэлсэн. Тэгж ажиллаад нэг сарын дараа урамшуулал авдаг гэдгийг нь мэдсэн юм.

Анх шүлгийн номд илүү дуртай, Монголын орчин үеийн яруу найргийг түлхүү уншдаг байлаа. Харин үргэлжилсэн үгийн зохиол уншиж эхлэхдээ Б.Шүүдэрцэцэг зохиолчийн “Шүрэн бугуйвч”, “Хулан” зэрэг туужид дурласан. Сонин дээр цувралаар гарахад нь дугааруудыг нь цуглуулж байгаад шимтэн уншдаг байсан юм.
2008-2018 онд Best FM 98.5 радиод ажилласан. Тухайн үед харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан сонины уншлага хийдэг байлаа. Энэ ажил маань сүүлдээ аудио номын төсөл болж өргөжсөн. Ингээд аудио номын сан үүсгэж, ном уншиж эхэлсэн юм.
Тэр номын сан зөвхөн уран зохиолын бүтээлээр хязгаарлагдаагүй. Хууль, философи, шашин, зөв хооллолт, эрүүл мэнд, хүүхдийн ном, үлгэр гээд төрөл бүрийн бүтээл уншиж, аудио номын сан бүрдүүлэх явцдаа маш олон номтой танилцсан. Үүнээс л номын ертөнцөд улам гүнзгий хөл тавьсан гэж боддог.
Харин өөрийн номоо харьцангуй хожуу гаргасан. 2017 онд анхны шүлгийн номоо, 2019 онд анхны өгүүллэгийн номоо хэвлүүлсэн. Багаасаа уншиж, биширч өссөн Б.Сарантуяа, Б.Шүүдэрцэцэг, С.Оюун зэрэг зохиолчидтойгоо нэг салбарт мөр зэрэгцэн, Монголын эмэгтэй зохиолчдын уран бүтээл, цаашдын хөгжлийн талаар ярилцаад явна гэж огт төсөөлж байгаагүй.
Эргээд бодоход энэ бүхний эхлэл нь аймгийн номын сангийн туслах хийж байсан хүүхэд нас минь юм билээ.
-Ном унших арга барилаасаа манай уншигчидтай хуваалцаач?
-Би номыг нухаж уншдаг төрлийн хүн. Сэтгэлд үлдсэн зүйлсээ тодруулж, тэмдэглэж үлдээхийг хичээнэ. Нэлээд удаан уншдаг. Хүн бүр өөрийн унших арга барилтай. Зарим нь уншсан хуудсаа дахин дахин сөхөж уншдаг бол зарим нь гүйлгээд уншдаг. Тиймээс хүн өөрийн арга барилдаа тохируулан унших нь зөв байх.
Хүмүүс сүүлийн үед сонсдог ном сонсох болсон. Хүн завгүй үедээ, эсвэл машин барьж байхдаа ч ном сонсож болно. Орон зайны хязгаарлалтад баригдахгүй. Жишээлбэл, Монголд хамгийн сүүлд хэвлэгдсэн уран зохиолын номыг Америкт байгаа хүн хэвлэмэл хувилбарыг нь захиалж, хүргүүлэхийг хүлээх шаардлагагүй. Цахим болон аудио хэлбэрээр цаг хугацаанд захирагдахгүй унших боломжтой болсон.
-Ном унших нь хүний амьдралд хэрхэн нөлөөлдөг гэж боддог вэ?
-Цагийн ажил хийлээ гэж бодъё. Хоёр цаг ажиллахад тухайн хугацааныхаа хөлсийг шууд авна шүү дээ. Харин ном уншихад яг одоо гар дээр баригдах зүйл мэдрэгдэхгүй байж болно. Гэхдээ амьдралын явцад ямар нэгэн нөхцөл байдалтай нүүр тулах үед “Өө, энэ зүйл чинь тэр ном дээр гарч байсан шүү дээ” гэж бодогддог.
Номоос маш их зүйлийг ухаарч, аливааг даван гарах хүчийг олж авдаг. Нүдэнд харагдаж, гарт баригдахгүй ч оюун санаа, мэдлэгийн түвшинд асар их өөрчлөлт авчирдаг. Муу ном байна даа гэж бодсон ч гэсэн хүн түүнээс ямар нэгэн зүйл аваад үлддэг.
-Хамгийн дуртай, сэтгэлд тань тод үлдсэн номын дүр хэн бэ?

-Нобелийн шагналт зохиолч Хан Ганы “Цагаан хоолтон” номын бүсгүйн дүр сэтгэлд маш тод үлдсэн.
Нийгэм эмэгтэй хүнд ямар цензур, хязгаар тавьдаг, өөрийн гэсэн хайрцагт оруулж, тодорхой үнэлэмжээр хэмждэг тухай өгүүлдэг. Ялангуяа Азийн нийгмийн хатуу чанга хандлагыг харуулсан бүтээл.
Тэр зохиолын дүрийн тухай одоо ч бодогддог. Эмэгтэй хүнийг бөөрөнхий нүхээр гар гэж шаардахад тэр хүн өөрөө таван хошуу байгаад таван хошуу чигээрээ тэнд үлдэхийг хичээж байгаа нь гайхалтай санагдсан.
-Тэгвэл уншигчдад ямар ном санал болгох вэ?
-Би Митч Албомын “Морритой өнгөрүүлсэн Мягмар гаргууд” номыг санал болгоно. Анх англи хэл дээр ном уншиж, хэлээ сайжруулъя гэсэн зорилгоор эхэлсэн юм. Гэтэл явж явж зохиолдоо орчихсон. Маш их сэтгэл хангалуун үлдсэн.
Энэ номд хүн бүрийн амьдралд тохиолддог энгийн атлаа чухал асуудлуудын тухай өгүүлдэг. Энэ ярилцлагыг уншиж байгаа хүмүүсээс нэг зүйл асуумаар байна. Амьдралын тань сүүлийн мөч ирлээ гэж бодоход та хэнтэй, юуны тухай ярилцах вэ? Яг энэ асуултыг л бодогдуулсан зохиол. Хүн амьдралдаа маш олон зорилго тавьдаг.
Эрдмийн оргилд хүрэх, ажил мэргэжлээрээ амжилт гаргах гээд л янз бүрийн зүйлийн төлөө тэмүүлдэг. Гэтэл АНУ-ын их сургуулийн профессор, социологич Морри Шварц шавь нарынхаа хүндэтгэлийг хүлээсэн, насан туршдаа хүний амьдралыг судалсан хүн байдаг. Тэрбээр хүнд өвчин тусаж, амьдралынхаа сүүлийн мөчүүдтэй нүүр тулахдаа шавь Митч Албомтойгоо уулзаж, ярилцдаг.

Митч Албом багшийнхаа хүнд өвчтэй болсныг мэдээд долоо хоног бүрийн мягмар гарагт очиж уулздаг болсон. Тэдний уулзалт, ярилцлагуудаар дамжуулан хайр гэж юу вэ, хүний амьдралд юу хамгийн чухал вэ, хүн юунд цаг заваа зориулах ёстой вэ гэдэг асуултыг хөнддөг. 1997 онд хэвлэгдсэн, бодит амьдралаас сэдэвлэсэн бүтээл.
Хүн болж төрснийхөө хамгийн чухал, утга учиртай зүйлсийг анзааралгүй, шал өөр зүйлсийн араас хөөцөлдөөд явдаг юм байна. Эргээд бодоход боловсрол чухал байсан уу, мөнгө чухал байсан уу, албан тушаал чухал байсан уу гэх мэт олон асуулт урган гардаг.
Дэлхий даяар энэ номыг уншсан хүмүүс янз бүрийн байр суурь илэрхийлдэг. Харин миний хувьд Монголын өнөөгийн нийгэмд ч энэ бүтээлийн хөндөж буй асуудал их ойр санагдсан. Мөнгө, албан тушаал, ирээдүй, эрдэм мэдлэгийн төлөө зүтгэх зуураа амьдралынхаа хамгийн чухал зүйлсийг орхигдуулчихсан юм биш биз гэсэн эмзэглэлийг төрүүлсэн. Тийм учраас энэ номд талархаж, шимтэн уншсан.
-Ярилцсанд баярлалаа.


261











