Дэлхийн олон орны их, дээд сургуульд элсэн суралцах хүсэлтэй сурагчдын өгдөг SAT шалгалт 2027 оноос шинэ өөрчлөлттэй болох гэж байна. Тодруулбал, шинжлэх ухааны мэдлэг, чадварыг үнэлсэн нэмэлт оноог шалгалтын тайланд тусгах юм. Энэхүү өөрчлөлт нь сурагчдын шинжлэх ухааны ойлголт, мэдээлэл боловсруулах, судалгааны үр дүнг тайлбарлах чадварыг илүү нарийвчлан үнэлэх зорилготой.
Одоогийн SAT шалгалт нь Reading and Writing буюу унших, бичих болон Math буюу математикийн гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрддэг. Харин 2027 оноос эдгээр хэсэгт багтсан шинжлэх ухаантай холбоотой асуултуудын гүйцэтгэлд үндэслэн тусдаа Science Practices and Foundations оноо гаргах юм. Энэ нь шалгалтад шинжлэх ухааны гурав дахь хэсэг нэмэгдэнэ гэсэн үг биш бөгөөд өмнөх асуултуудаар дамжуулан шинжлэх ухааны чадварыг тусад нь үнэлнэ гэсэн үг юм.
Шинэ үнэлгээ нь 65–95 онооны шатлалтай байх бөгөөд SAT-ийн үндсэн 400–1600 оноонд нэмэгдэхгүй. Өөрөөр хэлбэл, сурагчдын үндсэн онооны систем хэвээр үлдэж, шинжлэх ухааны чадварыг харуулсан нэмэлт үзүүлэлт бий болно.
Энэхүү өөрчлөлт нь сурагчдаас зөвхөн онолын мэдлэг бус, бодит мэдээлэлтэй ажиллах чадвар шаардана. Тухайлбал, график, хүснэгт унших, туршилтын үр дүнг харьцуулах, судалгааны дүгнэлт гаргах зэрэг чадвар чухал болно. Ялангуяа шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн чиглэлээр суралцах сонирхолтой хүүхдүүдийн чадварыг илүү олон талаас нь үнэлэх боломж бүрдэнэ.



303











