Японы эзэн хааны гэр бүлийн хамгийн нэр хүндтэй гишүүдийн нэг, 24 настай гүнж Айко ирээдүйд хаан ширээг залгамжлах боломжгүй байгаа нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Саяхны санал асуулгаар япончуудын 72 хувь нь эмэгтэй хүн хаан ширээнд суухыг дэмжжээ.
Японы эзэн хаан Нарүхитогийн цорын ганц хүүхэд болох гүнж Айко олон нийтийн дунд өндөр нэр хүндтэй. Түүнийг эцгийнхээ орыг залгах боломжтой байх ёстой гэж үзэх хүмүүс нэмэгдэж байгаа ч тус улсын эзэн хаан ширээ залгамжлах хууль зөвхөн эцгийн талаас эзэн хааны удмын эрэгтэй хүнд уг эрхийг олгодог.
Японы парламент 2026 оны долоодугаар сард Эзэн хааны гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт оруулж, хаан ширээ залгамжлах эрхийг зөвхөн эрэгтэйчүүдэд хадгалан үлдээсэн юм. Харин эзэн хааны гэр бүлийн гишүүдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор хуучин язгууртны салбар удмын эрчүүдийг гэр бүлд үрчлэн авах боломжийг нээжээ.


Эмэгтэй хүн эзэн хааны залгамж халааг авахыг дэмжих олон нийтийн байр суурь болон хууль тогтоомжийн хоорондын зөрүү нь Японы эзэн хааны удмын ирээдүйн талаар маргаан өрнүүлж байна. Тус улсын хаан ширээ залгамжлах эрх бүхий хүмүүсийн тоо цөөрч, одоогоор уг эрхтэй гурван хүн бүгд эрэгтэй байгаа юм.
Японд өмнө нь эмэгтэй хүн хаан ширээнд байсан ч 1889 онд баталсан эзэн хааны гэр бүлийн тухай хуулиар эмэгтэйчүүдийг хаан ширээ залгамжлах эрхээс хассан бөгөөд энэ зохицуулалт 1947 оны шинэчилсэн хуульд мөн хадгалагдсан байна.
Эх сурвалж: The Guardian


174











