Сошиал медиагаар аялахад бидний нүдэнд ихэвчлэн шинэ ажил, аялал, амжилт, аз жаргалтай харилцаа, гоё хувцаслалт, төгс мэт харагдах амьдралын хэсгүүд л өртдөг. Гэвч сүүлийн үед энэ “төгс амьдрал”-ын дүр зургийг эсрэгээр нь харуулах шинэ трэнд инстаграмд дэлгэрч байна.
“Recent Flops” буюу “Сүүлийн үеийн бүтэлгүйтлүүд” хэмээх карусел постын трэндээр хүмүүс сүүлийн үед төлөвлөсөндөө хүрээгүй, бүтэлгүйтсэн, харамссан эсвэл зүгээр л “ёстой бүтэлгүй өдөр байсан” гэж хэлмээр мөчүүдээ хуваалцаж эхэлжээ. Инстаграмын трэндүүдийг тогтмол ажигладаг Later сайт ч энэ форматыг 2026 оны наймдугаар сарын трэндүүдийн нэгээр онцолсон байна.
“БҮГД Л АМЖИЛТАА ПОСТОЛДОГ. ТЭГВЭЛ МИНИЙ БҮТЭЛГҮЙТЛҮҮДИЙГ ХАРЪЯ”
Энэ трэндийн гол санаа нь маш энгийн. Хүмүүс хэд хэдэн зурагтай карусел пост оруулаад эхний слайд дээр “People only post their wins online, so here are some of my recent flops” буюу “Хүмүүс сошиалд зөвхөн амжилтаа постолдог. Тиймээс миний сүүлийн үеийн бүтэлгүйтлүүдийг хүргэе” гэх утгатай тайлбар бичдэг.
Дараагийн слайдуудад нь ажил бүтэлгүйтсэн, зорилгодоо хүрээгүй, ямар нэгэн арга хэмжээнд очиж чадаагүй, контент нь хүлээлтэд хүрээгүй, буруу шийдвэр гаргасан зэрэг өдөр тутмын жижиг, том бүтэлгүйтлүүд гарна. Зарим нь инээдтэй байдлаар, зарим нь бүр маш хувийн мэдрэмжээ нээлттэй хуваалцдаг. Энэ форматыг зарим сошиал медиа шинжээчид “flop-core” гэж нэрлэж байна.
“FLOP” ГЭДЭГ НЬ ЗААВАЛ ТОМ БҮТЭЛГҮЙТЭЛ БИШ
Трэндийг сонирхолтой болгож байгаа зүйл нь хүмүүс зөвхөн карьер, сургууль, бизнесийн том бүтэлгүйтлээ хуваалцаад байгаа юм биш.
Жишээлбэл, контент бүтээгч Romar Magcale нөхөрлөлийн асуудалтай болсон, өөртөө итгэх итгэлээ алдсан, өмнөх шигээ хувцаслаж, өөрийгөө илэрхийлэх хүсэлгүй болсон үеэ хуваалцжээ. Харин Joana Macatulad брэндтэй хамтрах боломж бүтэлгүйтсэн, санхүүгийн хүндрэлтэй тулгарсан болон арьсны асуудалтай болсон зэрэг зүйлсээ “flop”-уудынхаа нэг хэсэг болгосон байна.

Ингээд харахаар “flop” гэдэг нь заавал шалгалтад унах, ажлаасаа халагдах зэрэг том зүйл байх албагүй. Заримдаа бүтэлгүйтэл гэдэг нь төлөвлөсөн ажлаа хийж чадаагүй нэг өдөр, өөртөө итгэлгүй болсон үе, бүтэлгүй болсон харилцаа эсвэл зүгээр л хүссэнээрээ болж өгөөгүй жижигхэн зүйл ч байж болно.
БҮТЭЛГҮЙТЛЭЭ БҮР “МУЗЕЙ”-Д ХҮРТЭЛ ТАВЬЖЭЭ

Энэ хандлага зөвхөн инстаграмаар хязгаарлагдахгүй байна. 2026 оны эхээр Канадын Ванкувер хотын Kingsgate Mall-д “Museum of Personal Failure” буюу “Хувийн бүтэлгүйтлийн музей” нэртэй түр үзэсгэлэн зохион байгуулагджээ.
Үзэсгэлэнд хүмүүс өөрсдийн бүтэлгүйтлийг бэлгэдсэн эд зүйлсээ илгээсэн бөгөөд ажилд орох хүсэлтийн татгалзсан хариу, бүтэлгүй болсон уран бүтээл, эвдэрсэн эд зүйл, дуусгаж чадаагүй төсөл, бүтэлгүй харилцааг бэлгэдсэн хуримын даашинз хүртэл дэлгэгдсэн байна. Зохион байгуулагч Eyvan Collins өөрийн бүтэлгүй харилцааны дараах мэдрэмжээс санаа авч энэхүү төслийг эхлүүлсэн бөгөөд нийтдээ 100 орчим бүтэлгүйтлийн түүх ирснээс 40 орчим нь үзэсгэлэнд тавигджээ.
Үзэсгэлэнд оролцогчдын нэг нь тайзан дээр өмсөхөөр төлөвлөж, бүтэн амралтын өдрөөр оёсон өмд нь буруу материалаар хийгдсэнээс болж өмсөх боломжгүй болсон тухайгаа хуваалцжээ. Харин өөр нэг хүн нас барсан тэжээвэр аалзаа хүртэл “өөрийн бүтэлгүйтлийн” бэлгэдэл болгон өгсөн байна.
Эдгээр түүхийг нэг дор харах нь хүмүүст нэг зүйлийг сануулсан байна. Сошиалд харагддаг амжилттай, аз жаргалтай мөчүүд хүний амьдралын зөвхөн нэг хэсэг. Бид хэн нэгний гоё зураг, шинэ ажил, амжилтыг хардаг ч тэр хүний бүтэлгүйтсэн, эргэлзсэн, хэцүү байсан өдрүүдийг нь хардаггүй.
Тиймээс бусдын сошиалд харж байгаа “төгс” амьдралыг өөрийнхөө бодит амьдралтай харьцуулах нь өөрийгөө дутуу үнэлэхэд хүргэж болох юм. Учир нь хүн бүрт бусдад харуулдаггүй өөрийн гэсэн “flop” мөчүүд бий.

Бид хэн нэгний инстаграм профайлыг хараад “Тэр хүн ямар амжилттай юм бэ?”, “Бүгд л урагшаа явж байхад би яагаад ингэж байгаа юм бол?” гэж өөрийгөө харьцуулах үе байдаг.
Гэхдээ бид ихэнхдээ тухайн хүний амьдралын нийт 24 цагийг биш, сонгож нийтэлсэн хэдхэн секундыг л харж байдаг. Шинэ ажилтай болсон зурагны өмнө хэдэн удаа ярилцлагад тэнцээгүйг нь бид мэдэхгүй. Аяллын зурагны цаана хэдэн сар мөнгө хуримтлуулсныг мэдэхгүй. Амжилттай болсон бизнесийн цаана хэчнээн бүтэлгүй санаа байсныг мэдэхгүй. Инээмсэглэсэн зурагны цаана өөртөө итгэлгүй байсан өдрүүд ч байж болно.
Тиймээс “Recent Flops” трэндийн хамгийн сонирхолтой тал нь бүтэлгүйтлийг нуух ёстой зүйл биш, амьдралын нэг хэсэг гэдгийг харуулж байгаа явдал юм.
Мэдээж бүтэлгүйтлээ заавал олон нийтэд дэлгэх шаардлагагүй. Гэхдээ бусдын амжилтыг хараад өөрийгөө амьдралдаа хоцорчихсон мэт мэдэрч байгаа бол нэг зүйлийг санахад илүүдэхгүй.
Таны харж байгаа бусдын “highlight” бол тэдний амьдралын бүхэл бүтэн түүх биш.
Магадгүй өнөөдөр таны хувьд “flop” байсан зүйл хэдэн жилийн дараа эргээд харахад хамгийн их зүйл сурсан үе тань болсон байх ч юм билүү. Учир нь амьдрал зөвхөн амжилтуудын цуглуулга биш. Заримдаа бидний хамгийн үнэ цэнтэй түүхүүд “бүтэлгүйтсэн” гэж бодсон газраасаа эхэлдэг.
Мэдээнд гарсан англи үгс
- Flop - Бүтэлгүйтэл, бүтэлгүй болсон зүйл
- Recent Flops - Сүүлийн үеийн бүтэлгүйтлүүд
- Highlights - Онцлох зүйлс, гол хэсгүүд, онцлох мөчүүд



398






