Монголын уламжлалт уран бичлэгийн урлагийг орчин үеийн урлаг, дижитал технологитой холбон харуулсан “Gesture of Language” буюу “Хэллэгийг илэрхийлэхүй” олон улсын үзэсгэлэн Лхам галерейд нээлтээ хийлээ.
Тус үзэсгэлэнг Лхам галерей болон Монгол-Францын төв хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Монголын уран бичлэгийн уламжлал хэл, түүнийг илэрхийлэх хэлбэр, хэрэгслүүдийн хамт цаг хугацааны явцад хэрхэн хувьсан өөрчлөгдөж буйг орчин үеийн урлагийн бүтээлүүдээр дамжуулан судалжээ.
Үзэсгэлэнд уламжлалт уйгаржин монгол бичгийн өвийг өнөөгийн хүний сэтгэлгээ, дижитал технологийн хөгжилтэй хослуулсан бүтээлүүд багтсан байна. Ингэснээр хэл нь зөвхөн бичгээр илэрхийлэгддэг зүйл бус, тасралтгүй хувьсан өөрчлөгддөг, өөрийн гэсэн хэлбэр, дуу авиа, хөдөлгөөнтэй “амьд материал” болохыг уран бүтээлчид өөр өөрийн арга барилаар харуулжээ.
Үзэсгэлэнгийн куратор Фредерик Лемэгр бүтээлүүдийг зөвхөн харахаас илүүтэйгээр биеэр мэдэрч, сонсох нь чухал гэдгийг онцолсон байна. Түүний хэлснээр, үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээл бүр өөрийн гэсэн өнгө аяс, хэмнэл, дуу чимээтэй бөгөөд тэдгээр нь хүний сэтгэл хөдлөлийг илэрхийлж буй мэт мэдрэмж төрүүлдэг байна. Тиймээс үзэгчид бүтээлүүдийг газар дээр нь очиж мэдэрснээр үзэсгэлэнгийн санааг илүү бүрэн ойлгох боломжтой аж.
Тус үзэсгэлэнд оролцож буй Монголын уран бүтээлч П.Тамир эртний уйгаржин монгол бичгийн уламжлалыг орчин үеийн хүний сэтгэлгээ, дижитал технологитой хослуулж, уламжлал хэрхэн шинэ хэлбэрээр илэрхийлэгдэж болохыг бүтээлээрээ харуулжээ.
Нийт найман уран бүтээлчийн 14 бүтээл тус үзэсгэлэнд дэлгэгдсэн бөгөөд Монголын нэг, Францын тав, Канадын хоёр уран бүтээлч оролцож байна. Үүнээс Монголын уран бүтээлчдийн тав, Францын уран бүтээлчдийн долоо, Канадын уран бүтээлчдийн хоёр бүтээл багтжээ


“Хэллэгийг илэрхийлэхүй” үзэсгэлэн 2026 оны есдүгээр сарын 10-наас аравдугаар сарын 10-ныг хүртэл Лхам галерейд үргэлжилнэ.
Үзэсгэлэнгийн хугацаа: 2026.09.10–2026.10.10
Хамтран зохион байгуулагч: Лхам галерей, Монгол-Францын төв (Alliance Française d’Oulan-Bator)
Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.facebook.com/lkham.gallery



2652






