EducationUSA Mongolia төв нь АНУ-д суралцах хүсэлтэй залууст үнэ төлбөргүй мэдээлэл, зөвлөгөө өгөн ажилладаг билээ. Түүнчлэн АНУ-ын их, дээд сургуулиудын төлөөлөгчдийг Монголд урьж, залуусыг сургуулийн төлөөлөгчдөөс шууд мэдээ мэдээлэл авах олон боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
Энэ удаад “Mini College Fair” арга хэмжээгээр есдүгээр сарын 4-ний өдөр АНУ-ын 10 их сургуулийн элсэлтийн албаны төлөөлөгчид Монголд хүрэлцэн ирж, сурагч, оюутнуудтай биечлэн уулзаж, сургуулийнхаа талаар мэдээлэл өглөө.

Тэдгээрээс төлөөлөл болгон 4 их сургуулийн төлөөлөгчдөөс ярилцлага аван тус сургуульд элсэхэд анхаарах зүйлс, тэтгэлэг, сургуулийн талаарх чухал гол мэдээлэл зэргийг бэлтгэснийг АНУ-д суралцахаар төлөвлөж буй залууст зориулан хүргэж байна.
DREXEL UNIVERSITY-ИЙН ОЛОН УЛСЫН ОЮУТНЫ ЭЛСЭЛТ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ MARK VALLONE

"Миний нэрийг Mark Vallone гэдэг. Би Drexel University-ийн Олон улсын элсэлтийн албаны дэд захирлаар ажилладаг. Drexel University нь судалгаа шинжилгээний хамгийн өндөр зэрэглэл буюу Tier R1 ангилалд багтдаг. Энэ нь манай кампус дээр дэлхийн түвшний хамгийн дээд хэмжээний судалгааны ажлууд хийгддэг болохыг илтгэдэг. Түүнчлэн манай сургууль дадлага дээр суурилсан сургалтын загвараараа (Cooperative Education / Co-op Model) АНУ-д 2-рт эрэмбэлэгддэгээрээ онцлогтой. Уг хөтөлбөрийн хүрээнд оюутнууд суралцах хугацаандаа нийт 18 сарын хугацаанд цалинтай дадлага ажлын туршлага хуримтлуулах боломжтой бөгөөд нийт оюутнуудын маань 50 орчим хувь нь төгсөхөөсөө өмнө дадлага хийсэн компаниасаа үндсэн ажилтны урилга авдаг.
Drexel University нь Philadelphia хотод байрладаг бөгөөд Грек хэлээр Philadelphia гэдэг нь ахан дүүсийн хайр гэсэн утгатай учраас манай хотыг ах дүүсийн болон эгч дүүсийн хайрын хот гэж нэрлэдэг.
Мөн уг арга хэмжээний талаарх сэтгэгдлээ хуваалцахдаа "Энэхүү арга хэмжээ манай сургуулийн хувьд үргэлж онцлох үйл явдал байсаар ирсэн. Би дэлхийн олон орноор EducationUSA-ийн үзэсгэлэнд оролцож байсан. Салбартаа болон олон улсын оюутнуудтай 15 жил ажиллаж байна. Аялж явахдаа хамтран ажиллагсадтайгаа уулзах, сургуулийн маань талаар болон АНУ-ын боловсролын системээс суралцах хүсэлтэй сонирхолтой, мундаг сурагчидтай нүүр тулан уулзах таатай байдаг. Миний бодлоор EducationUSA бол гадаадаас суралцахаар ирж буй оюутнуудад зориулсан маш чухал хэрэгсэл боломж. Их сургуулиудын элсэлтийн зөвлөхтэй биечлэн холбогдох боломжтой шүү дээ. Энэхүү үзэсгэлэн бол залууст дээд боловсролын талаар мэдээлэл авах сайхан боломж боллоо" хэмээн онцоллоо.
WASHINGTON STATE UNIVERSITY-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧ ALICIA MARTIN

"Сайн байна уу? Намайг Ali гэдэг. Би Washington State University-ийг төлөөлөн оролцож байна. Манай сургууль АНУ-ын Баруун эрэгт байрладаг судалгааны томоохон улсын их сургууль юм. Баруун Вашингтон мужид манай 6 кампус байдаг ба архитектураас эхлээд компьютер сийлбэр, механик инженерчлэл, сувилахуй, харилцаа холбоо, зочид буудлын менежмент, олон улсын бизнес зэрэг 200 гаруй төрлийн чиглэлээр мэргэжил олгодог."
Мөн олон улсын оюутнуудад зориулсан тэтгэлгийн талаар тэрээр дурдахдаа "Олон улсын сурагч өргөдөл гаргахдаа голч дүнгийн шаардлага буюу 3.0 эсвэл 3.6 GPA хангасан тохиолдолд манай 'International Academic Award' тэтгэлгийг авах боломжтой. Энэхүү тэтгэлгийг 4 жилийн хугацаанд жил бүр сунгаж болох бөгөөд GPA-аас хамааран жилд $2,000 эсвэл $4,000 ам.доллар олгогддог. Түүнчлэн тусдаа өргөдөл гаргаж авах боломжтой 'International Merit Award' тэтгэлэгтэй хамтатган авч болох бөгөөд энэ нь нэг семестерт $2,000 буюу жилд $4,000 ам.долларын дэмжлэг болдог. Нэмж дурдахад сургуулийн ерөнхий WSU тэтгэлгийн өргөдөлд хамрагдсанаар нэмэлтээр $5,000 хүртэлх ам.долларын тэтгэлэг авах боломжтой байдаг" гэж мэдээлэв.
DEPAUL UNIVERSITY-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧ SUSAN STROW

"Сайн уу? Намайш Susan гэдэг. Би Illinois мужийн Chicago хотод байрлах DePaul University-ийг төлөөлөн ирсэн. Олон улсын оюутнуудын хувьд DePaul University-ийг сонгон суралцах гол шалтгаан нь манай сургууль хотын төвд, олон улсын томоохон хот болох Chicago-д байрладагаараа онцлог юм. Сургууль маань Lincoln Park-д байрлах уламжлалт академик кампус болон хотын төвийн кампус гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Манайд маш их олон улсын оюутнууд суралцдагаас гадна Монголоос ч цөөнгүй сурагч суралцдаг.
Энэ жил л гэхэд Монголоос 13 оюутан шинээр ирж байгаа бөгөөд Chicago хотод Монголчуудын нэлээд том нийгэмлэг, хүрээлэл байдаг" гэж ярив.
Олон улсын оюутнуудад зориулсан тэтгэлгийн талаар тэрээр "Манай сургуульд олон улсын оюутнуудад зориулсан зөвхөн сурлагын амжилтад суурилсан (merit-based) тэтгэлэг байдаг. Тэтгэлгийн хэмжээ жилд $12,000-оос $32,000 ам.долларын хооронд олгогддог. Энэхүү тэтгэлгийг жил бүр сунгаж болох бөгөөд тусдаа өргөдөл гаргах шаардлагагүйгээр сургуульд элсэх өргөдлөө явуулахад тэтгэлэгт автоматаар хамрагдан шалгаруулдаг" хэмээн мэдээлэл өглөө.
UNIVERSITY OF TAMPA-ИЙН ОЛОН УЛСЫН ЭЛСЭЛТИЙН ТУСЛАХ ЗАХИРАЛ GRAHAM HILL:
"Миний нэрийг Graham Hill гэдэг. Би University of Tampa-ийн олон улсын элсэлтийн албаны туслах захирлаар ажилладаг. Бид Монгол дахь сурагчидтай уулзаж байгаадаа маш их баяртай байна. Сургуулийнхаа талаар товч танилцуулбал манайх 11,000 орчим оюутантай дунд хэмжээний сургууль ба академик чиглэлийн 200 гаруй хөтөлбөрийг санал болгодог. Оюутнууд бизнес, сэтгэл судлалаас эхлээд далайн биологи зэрэг төрлийн олон төрлийн чиглэлээр суралцах боломжтой. Мөн 300 гаруй оюутны клуб, байгууллагатай маш идэвхтэй оюутны амьдралтайгаас гадна хотын төвд байрладаг тул оюутнууд хотынхоо янз бүрийн боломжуудад байнга оролцох боломжтой байдаг" гэв.
















