Дуу бичлэгийн академи 69 дэх удаагийн “Грэмми” шагналын нэр дэвшигчдийг зарлахдаа “Dracula” дууг ёслолын хамгийн нэр хүндтэй дөрвөн шагналын нэг болох Оны шилдэг бичлэг (Record of the Year) болон Шилдэг поп хос/хамтлагийн үзүүлбэр (Best Pop Duo/Group Performance) төрөлд нэр дэвшүүлжээ.
Энэ нь Жэннигийн хувьд бие даасан уран бүтээлчийнхээ хувиар “Грэмми”-д анх удаа нэр дэвшиж буй тохиолдол юм.
Харин IVE болон KiiiKiii хамтлагууд энэ жил шинээр бий болгосон Шилдэг Азийн поп хөгжмийн үзүүлбэр (Best Asian Pop Music Performance) төрөлд нэр дэвшсэн K-pop уран бүтээлчид болжээ.

Энэхүү шинэ төрөл нь Азийн уран бүтээлчдийг хөгжмийн үндсэн төрлүүдээс тусгаарлаж болзошгүй гэсэн болгоомжлол төрүүлсэн тул BTS хамтлаг “Грэмми”-д нэр дэвшүүлэх бүтээлээ илгээхээс татгалзсан юм.
Жэнни ямар уран бүтээлчидтэй өрсөлдөх вэ?
Жэнни болон Tame Impala-гийн “Dracula” дуу Оны шилдэг бичлэгийн төрөлд дараах дуунуудтай өрсөлдөнө.
- Оливиа Диний “Man I Need”,
- Бруно Марсын “I Just Might”,
- Тэйлор Свифтийн “The Fate of Ophelia”,
- Рэйгийн “Where Is My Husband!”,
- Оливиа Родригогийн “The Cure”,
- Бьорк болон Yves Tumor-ийн оролцсон Розалиагийн “Berghain”,
- Элла Ланглигийн “Choosin' Texas” дуунуудтай өрсөлдөнө.
Харин Шилдэг поп хос/хамтлагийн үзүүлбэрийн төрөлд “Dracula” дараах уран бүтээлүүдтэй өрсөлдөх юм. Үүнд:
- Леди Гага, Doechii – “Runway”
- Мадонна, Сабрина Карпентер – “Bring Your Love”
- Рэй, Ханс Циммер – “Click Clack Symphony”
- Тэйлор Свифт, Сабрина Карпентер – “The Life of a Showgirl”
Жэнни болон Tame Impala-гийн хамтын бүтээл зөвхөн нэр хүндтэй шагналд нэр дэвшээд зогсохгүй арилжааны амжилт ч үзүүлжээ. Тус дуу арваннэгдүгээр сарын 14-ний өдрийн Billboard Hot 100 жагсаалтад гуравдугаар байрт бичигдсэн байна.
Азийн поп хөгжмийн шинэ төрөлд IVE, KiiiKiii нар өрсөлдөнө
“Грэмми”-гийн түүхэнд анх удаа бий болгож буй Шилдэг Азийн поп хөгжмийн үзүүлбэрийн төрөлд IVE хамтлаг “Bang Bang”, KiiiKiii хамтлаг “404 (New Era)” дуугаараа нэр дэвшжээ.
Тэд Японы дуучин Лисагийн “Yes”, Японы Babymetal хамтлаг болон Америкийн Polyphia хамтлагийн “Sunset Kiss”, Филиппиний охидын BINI хамтлагийн “Unang Kilig”, SB19 хамтлагийн “Visa” дуунуудтай өрсөлдөх юм.
K-pop-ийн томоохон агентлагууд шинэ төрөлд оролцохоос татгалзжээ
Дуу бичлэгийн академи өнгөрсөн зургаадугаар сард K-pop, J-pop, C-pop зэрэг Азийн поп хөгжмийн бүтээлийг тусгайлан үнэлэх шинэ төрөл бий болгох шийдвэр гаргаснаас хойш хэдэн сарын турш үргэлжилсэн маргааны дараа ийм шийдвэр гарч байна.
BTS хамтлаг долоодугаар сарын 29-нд 2027 оны “Грэмми”-д ямар нэгэн уран бүтээлээ нэр дэвшүүлэхээр илгээхгүй гэдгээ мэдэгдсэн юм. Тус хамтлаг хөгжмийг газар зүйн бүс нутаг, хэлээр нь ангилан төрөлд хуваахыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.
Үүний дараа Stray Kids хамтлаг мөн 2027 оны ёслолд зориулан бүтээлээ илгээхээс татгалзсан бөгөөд харьяа агентлаг JYP Entertainment нь аравдугаар сард энэ шийдвэрийг баталгаажуулсан байна.
Түүнчлэн K-pop-ийн хамгийн том дөрвөн энтертайнмент компани болох HYBE, SM Entertainment, JYP Entertainment болон YG Entertainment шинэ төрөлд уран бүтээлчдээ нэр дэвшүүлэхээр бүтээл илгээгээгүй гэх мэдээлэл гарчээ. TWICE, aespa зэрэг хамтлагууд ч уг төрөлд оролцохоос татгалзсан уран бүтээлчдийн тоонд багтсан байна.
Гэсэн хэдий ч Дуу бичлэгийн академи Азийн хөгжмийн салбарын төлөөлөгчидтэй зөвлөлдсөний үндсэн дээр шинэ төрлийг бий болгох шийдвэрээ хэвээр үлдээжээ.
Академийн гүйцэтгэх захирал Харви Мэйсон Жуниор уг шагналын зорилго нь Азийн уран бүтээлчдийг хөгжмийн үндсэн төрлүүдээс тусгаарлах бус, харин тэдний уран бүтээлийг илүү өргөн хүрээнд хүлээн зөвшөөрүүлэхэд оршиж байгааг онцолсон байна.Мөн Азийн поп хөгжмийн төрөлд өрсөлдөж буй уран бүтээлчид цомог, оны шилдэг бичлэг, оны шилдэг дуу зэрэг “Грэмми”-гийн гол шагналуудад нэр дэвших эрхтэй хэвээр байхыг тодруулжээ.
Бусад K-pop уран бүтээлчид нэр дэвшиж чадсангүй
Азийн поп хөгжмийн шинэ төрлөөс гадна K-pop-ийн хэд хэдэн уран бүтээлч “Грэмми”-гийн уламжлалт төрлүүдэд бүтээлээ нэр дэвшүүлэхээр илгээсэн гэх мэдээлэл бий. Гэвч тэдний хэн нь ч эцсийн нэр дэвшигчдийн жагсаалтад багтаж чадсангүй.
Шилдэг поп хос/хамтлагийн үзүүлбэрийн төрөлд бүтээлээ илгээсэн гэх уран бүтээлчдийн дунд:
- BLACKPINK-ийн Жисү, Zayn-тай хамтарсан “Eyes Closed”
- ENHYPEN – “Bloody Paradise”
- KATSEYE – “Animal”
- NMIXX, Anderson .Paak – “Caution”
- Лиса, Anitta, Rema – “Goals” нар багтжээ.
Жэнни мөн “Less Than a Lover” дуугаараа Шилдэг поп соло үзүүлбэрийн төрөлд нэр дэвшихээр бүтээлээ илгээсэн гэх мэдээлэл байгаа ч эцсийн нэр дэвшигчдийн жагсаалтад багтаагүй байна.
Үүнээс гадна ATEEZ, FIFTY FIFTY, ILLIT, KATSEYE болон Пак Хё Шин нар поп болон бүжгийн хөгжмийн төрөлд бүтээлээ илгээсэн гэх мэдээлэл гарсан ч нэр дэвшиж чадсангүй.
69 дэх удаагийн “Грэмми” шагнал гардуулах ёслол 2027 оны хоёрдугаар сарын 7-нд АНУ-ын Лос-Анжелес хотын Crypto.com Arena-д болно.



378











