МЗЭ-ийн шагналт, хүүхдийн зохиолч Г.Цэдэвдорж агсны нэрэмжит “Мөнгөн морь” өсвөрийн яруу найргийн наадмын эхний шатны шалгаруулалт болж, дараагийн шатанд өрсөлдөх 26 өсвөрийн яруу найрагч тодорлоо.
Энэ удаагийн наадамд Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс нийт 216 хүүхэд бүтээлээ ирүүлсэн байна.
Өмнө нь аймаг, бүсийн хэмжээнд хоёр жил тутам зохион байгуулагддаг байсан тус наадам энэ жил зургаа дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд улсын хэмжээнд өргөжин тэлж буйгаараа онцлог юм.
Наадмыг яруу найрагч Д.Батсүрэн, П.Намуун нар Г.Цэдэвдорж агсны отгон шавь нарын хувиар өөрсдийн санаачилга, санхүүжилтээр зохион байгуулж байна. Харин Хүүхдийн Урлан Бүтээх Төв, Г.Цэдэвдорж агсны гэр бүл, үр хүүхдүүд дэмжигч байгууллагаар хамтран ажиллаж байгаа аж.
Дараагийн шатанд шалгарсан 26 өсвөрийн яруу найрагч 2026 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдрийн 13:00 цагт Улаанбаатар хотын Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн тайзнаа шүлгээ уншиж, авьяас чадвараа сорих юм.
Зохион байгуулагчдын зүгээс шалгарсан оролцогч бүртэй холбогдон оролцоог нь баталгаажуулсан бөгөөд хүүхдүүд эцэг эх, асран хамгаалагчийн хамт хүрэлцэн ирж оролцох юм.
Ийнхүү Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн 216 бүтээлээс шалгарсан 26 өсвөрийн яруу найрагч нийслэлд нэгэн тайзнаа цуглаж, авьяас билэг, уран бүтээлээрээ өрсөлдөхөд бэлэн боллоо.


369











