“Shrek” киноны хамгийн хайртай дүрүүдийн нэг Гуталт муур шинэ ангид эргэн ирэх эсэх нь эргэлзээтэй байна. Түүний дуу хоолойг 2003 оноос хойш бүтээж ирсэн жүжигчин Antonio Banderas одоогоор “Shrek 5”-д оролцох талаар өөртэй нь хэн ч холбогдоогүй гэдгийг хэлжээ.
Антонио Бандерас Гуталт муурын дүрийг англи, испани, итали хэлээр дуу оруулж, 20 гаруй жилийн турш энэхүү дүртэй салшгүй холбоотой явсан юм. “Би 2003 оноос хойш Гуталт муурыг таван кинонд тоглосон. Эдгээрийг хийхэд маш их хугацаа ордог. Би дүрээ англи, испани, итали хэлээр дуу оруулдаг.”
Гэхдээ Бандерасын энэ мэдэгдэл нь Гуталт муур “Shrek 5”-д огт гарахгүй гэсэн албан ёсны баталгаа биш юм. Одоогоор DreamWorks болон Universal Pictures дүрийг киноноос хассан гэдгээ албан ёсоор зарлаагүй байна.

Гуталт муур хэрхэн Шрекийн ертөнцөд орж ирсэн бэ?
Гуталт муур анх “Shrek 2” кинонд гарч ирэхдээ Шрекийг алахаар хөлсөлсөн чадварлаг муур байсан ч удалгүй Шрек, Илжиг хоёрын үнэнч найз, адал явдлын хамтрагч болжээ.
Түүний дүр үзэгчдийн дунд маш их алдартай болсноор 2011 онд өөрийн нэртэй “Puss in Boots” кинотой болсон. Харин 2022 онд гарсан “Puss in Boots: The Last Wish” нь дүрийн түүхийг илүү гүнзгий харуулж, Гуталт муурын амьдралын тухай өмнөхөөсөө өөр өнгө аястай өгүүлсэн юм.
Тус кинонд Гуталт муур өөрийн есөн амьдралын наймыг аль хэдийн дуусгаснаа мэдэж, үхлээс айж эхэлдэг. Харин киноны төгсгөлд тэр Шрекийн амьдардаг Far Far Away руу буцаж очих замдаа гардаг.
Тиймээс олон үзэгч түүнийг “Shrek 5”-д эргэн ирнэ гэж хүлээж байгаа юм.

Харин Шрек өөрөө эргэн ирнэ
Гуталт муурын оролцоо тодорхойгүй байгаа ч “Shrek 5”-д Mike Myers, Eddie Murphy, Cameron Diaz нар Shrek, Donkey болон Fiona-гийн дүрээр эргэн ирэх нь батлагдсан. Мөн шинэ үеийн жүжигчин Zendaya Шрек, Фиона хоёрын охин Felicia-гийн дүрд дуу оруулна.
Шинэ киноны үйл явдал Шрек, Фиона болон тэдний гэр бүлийн эргэн тойронд өрнөх бөгөөд өмнөх кинонуудаас танил болсон дүрүүдээс гадна шинэ дүрүүд нэмэгдэхээр байна. “Shrek 5” 2027 оны зургаадугаар сарын 30-нд кино театруудаар нээлтээ хийнэ.
Харин тэр үед бид Гуталт муурын алдарт “Надад нэг амьдрал үлдсэн” гэдэг түүхийг дахин харах уу, эсвэл Шрекийн шинэ адал явдалд түүнийг үгүйлэх үү гэдэг нь одоогоор нууц хэвээр байна.



5138






