Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан хүүхдийн төлөө “За бол Заавал хийе” үндэсний хөдөлгөөний хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хороо нь Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамтран хүүхэд, өсвөр үеийнхнийг цахим дээрэлхэлт болон түүнээс үүдэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цахим орчинд зөв зохистой харилцах, өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг, хандлага, зөв дадлыг төлөвшүүлэх зорилгоор “Цахим дээрэлхэлтээс сэргийлье” аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх гэж байна.
Аяны хүрээнд хүүхэд, эцэг эх, багш, сургуулийн ажилтан болон олон нийтэд цахим дээрэлхэлтийг таних, урьдчилан сэргийлэх, тохиолдсон үед зөв хариу арга хэмжээ авах талаарх мэдээлэл, зөвлөмжийг хүргэхээс гадна хүүхдийн цахим орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр дараах ажлуудыг хэрэгжүүлнэ.
АЯНЫ ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖИЛ
1. “Цахим орчинд хүүхдээ хамгаалъя” сургалтын багцыг түгээнэ
Хүүхэд, эцэг эх, багш, сургуулийн ажилтнуудад зориулсан “Цахим орчинд хүүхдээ хамгаалъя” сургалтын багцыг дахин хэвлэн 850 гаруй төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуульд түгээнэ. Сургалтын багц нь хүүхдийн нас, онцлогт тохирсон цахим орчны эрсдэлийг таних, өөрийгөө хамгаалах, аюулгүй, хариуцлагатай цахим хэрэглээг төлөвшүүлэхэд чиглэнэ. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.
2. Хүүхдэд зориулсан ажиллах дэвтрийг түгээнэ
Аяны хүрээнд 6–10, 11–14, 15–18 насны хүүхдэд зориулсан гурван төрлийн ажиллах дэвтрийг боловсруулж, нийт 10,000 хувь хэвлэн нийслэлийн ерөнхий боловсролын 75 сургуулиар дамжуулан хүүхдүүдэд хүргэнэ. Ажиллах дэвтэр нь хүүхдэд цахим орчны эрсдэлийг таних, зөв шийдвэр гаргах, өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг, дадлыг хөгжүүлэхэд чиглэнэ. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.
3. Цахим орчин дахь хүүхэд хамгааллын 210 сургагч багшийг бэлтгэлээ
Цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр 210 сургагч багшийг бэлтгэсэн. Сургалтад нийслэлийн ерөнхий боловсролын 75 сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, мөн 21 аймаг, 9 дүүргийн Боловсролын хэлтэс болон төрийн цахим үйлчилгээний чиг үүрэг бүхий мэргэжилтнүүд хамрагдсан. Энэхүү сургалтыг зохион байгуулснаар хүүхдийн цахим орчны аюулгүй байдлын талаарх мэдлэг, зөвлөмжийг сургууль, орон нутгийн түвшинд хүргэх, хүүхэдтэй ажилладаг мэргэжилтнүүдийн урьдчилан сэргийлэх болон хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэх боломж бүрдэнэ. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.
4. Олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажил зохион байгуулна
Аяны хүрээнд цахим дээрэлхэлтийг таних, хошигнол болон цахим дээрэлхэлтийг таних, цахим дээрэлхэлтийн үед хэрхэн зөв хариу үйлдэл хийх, хаана хандаж тусламж авах талаар хүүхэд, эцэг эх, багш, олон нийтэд зориулсан мэдээлэл, зөвлөмж бүхий контент, мэдээ мэдээллийг бэлтгэн түгээнэ. Мөн хүүхдийг цахим орчинд бусдыг хүндэтгэх, хариуцлагатай харилцах, өөрийгөө болон бусдыг хамгаалах зөв дадалд уриалах нөлөөллийн ажлуудыг Боловсролын ерөнхий газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлнэ.


1583






