Ed Sheeran-ий “Loop” аялан тоглолтын үеэр реппер Macklemore-ыг тоглолтоос хассантай холбоотойгоор түүнийг дэмжсэн хэд хэдэн уран бүтээлч мөн тоглолтоос оролцохоос татгалзжээ.
Macklemore Ed Sheeran-ий АНУ дахь аялан тоглолтын зарим хэсэгт туслах уран бүтээлчээр оролцож байсан юм. Гэвч тэрбээр есдүгээр сарын эхээр Нью-Жерси мужийн MetLife Stadium-д болсон тоглолтын үеэр Палестиныг дэмжиж буйгаа илэрхийлж, “Free Palestine” хэмээн хэлэн, Газын нөхцөл байдлын талаар ярьжээ. Мөн “Hind’s Hall” дуугаа тоглосон байна.
Үүний дараа Macklemore-ыг Ed Sheeran-ий аялан тоглолтын үлдсэн хэсэгт оролцуулахгүй болсон байна. Харин Ed Sheeran өөрийн шийдвэрээр Macklemore-ыг хасаагүй гэдгээ тайлбарлажээ.
Шираны хэлснээр тоглолт болох зарим стадионы эзэд Macklemore оролцсон тохиолдолд тоглолтыг зохион байгуулахгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд энэ нь түүнийг аялан тоглолтоос хасахад хүргэсэн байна. Sheeran өөрөө асуудлыг шийдэхийг оролдсон ч шийдвэрийг өөрчилж чадаагүй гэжээ.
Харин энэ явдлын дараа Macklemore-ыг дэмжсэн уран бүтээлчид нэг нэгээрээ өөрсдийн шийдвэрээ гаргаж эхэлсэн байна.

Тухайлбал, Finneas буюу дуучин Billie Eilish-ийн ах, уран бүтээлийн хамтрагч нь Шираны аялан тоглолтын Өмнөд Америк дахь зургаан тоглолтод оролцохоос татгалзжээ. Тэрбээр уран бүтээлчид дарангуйлал, зовлонгийн талаар дуу хоолойгоо хүргэснийхээ төлөө дуугүй байх ёсгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Үүний дараа Ирландын дуучин Aaron Rowe, Ирландын Beoga хамтлаг болон Данийн Lukas Graham хамтлаг мөн Шираны аялан тоглолтын үлдсэн хэсэгт оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Ингэснээр Macklemore-ыг хассаны дараа түүний оронд тоглохоор байсан уран бүтээлчид бүгд тоглолтоос гарсан гэсэн үг. Тэдний шийдвэрийн гол шалтгаан нь Macklemore-ыг Палестины талаар байр сууриа илэрхийлснийх нь төлөө тоглолтоос хассан явдлыг эсэргүүцэж, түүнийг дэмжиж байгаатай холбоотой юм.
Энэ үйл явдал уран бүтээлчид тайзан дээр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй байх ёстой юу, мөн тоглолтын талбайн эзэд ийм үед ямар шийдвэр гаргах эрхтэй вэ гэсэн асуудлыг дахин хөндөж байна.
Ed Sheeran-ий “Loop” аялан тоглолт цааш үргэлжлэх бөгөөд Хойд Америк дахь тоглолтууд нь арваннэгдүгээр сард дуусахаар төлөвлөгджээ.



904






